Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн хог хаягдлын өнөөгийн байдал

         Аймаг орон нутгийн хөгжлийг дагаж хог хаягдлын төрөл, хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Аймгийн хэмжээнд нийт 257.16 га талбайг хамарсан 21 хогийн цэг байгаа бөгөөд эдгээрт жилд дунджаар 27231.8 тн хог төвлөрч байна. Хог хаягдлын төлбөр сумдад айл өрх 1000-5000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 2000-15000 төгрөгний хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд хог ачиж тээвэрлэхэд 28 тээврийн хэрэгсэл, 42 хүн ажиллаж байна.

 

          Аймгийн хэмжээнд хог хаягдлын талаар баримтлах бодлогыг 2013-2020 он хүртэл хэрэгжүүлэх Байгаль орчны мастер төлөвлөгөөнд дэд бүлэг болгон оруулан өгч жил бүрийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын  БОНХ-ийн сайдтай байгуулдаг бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн гэрээнд тусган хэрэгжүүлэн ажиллаж байна. аймгийн хэмжээнд нийт 257.16 га талбайг хамарсан 21 хогийн цэг байгаа бөгөөд эдгээрт жилд дунджаар 27231.8 тн хогийг төвлөрүүлж байна. Хог хаягдлын төлбөр сумдад айл өрх 1000-5000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 2000-15000 төгрөгний хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд хог ачиж тээвэрлэхэд 28 тээврийн хэрэгсэл, 42 хүн ажиллаж байна. Сумд нь хогийн цэгээ тохижуулах, хог тээврийн үйлчилгээг сайжруулах, эзэнгүй хог хаягдлыг бууруулах чиглэлээр ОНХС-аасаа жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөн хэрэгжүүлж байна.

         Төрөөс хог хаягдлын менежментийг шинэ түвшинд хүргэхээр, дэлхий нийтийн туршлага, хандлагаас судалж, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулиа шинэчилэн өөрчилж, 2012 онд “Хог хаягдлын тухай” хуулийг батласан. Энэ шинэчлэгдсэн хуулинд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдал гаргасны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн хог хаягдлыг бууруулах аливаа үйл ажиллагаанд зарцуулах явдлыг шинээр нэмж хуульчилсан байна. Тус хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хог гаргасны төлбөрийг орон нутгийн төсөвт татварын орлогоор оруулах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын дүнд хог хаягдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах санхүүгийн эх үүсвэр бий болж, бүх сум хог хаягдлын менежментийн нэгдсэн системд шилжих дэвшилтэт алхам болох юм.

         Аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгийг улсын төсвийн хөрөнгөөр ландфиллийн аргаар тохижуулсан бөгөөд орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг дахин ашиглаж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд гарч буй хог хаягдлын төрөл, хэмжээнд судалгаа хийсний үндсэнд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг концессын зүйлийн жагсаалтанд оруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Цаашид хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэд, олон нийтийг хог хаягдлыг ангилан ялгах, хогийн саванд хийх зэрэг зөв дадал хэвшилд сургах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

           Мөн ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган эзэнгүй болон хур хог хаягдлыг цэвэрлүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар баримталж буй аймаг орон нутгийн бодлогод иргэдийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг, санал асуулга авах, нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулах, хог хаягдлын талаар мэдээлэл сурталчилгаа хийх зэрэг олон талт арга хэмжээ аван ажиллаж байна. Түүнчлэн дээрх шинэчлэгдсэн хуулиар хог хаягдлыг шатаахыг хориглосон эрх зүйн үндсийг бий болгосон бөгөөд багийн Засаг дарга нарын үүрэг оролцоог нэмэгдүүлж өгснөөрөө онцлог юм.

Хог хаягдлын тухай хуулиас

8.5.Хог хаягдлын талаар баг, хорооны Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.5.1.нутаг дэвсгэртээ байгаа хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажилд иргэдийг татан оролцуулах;

8.5.2.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих;

8.5.3.иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж байгаа эсэхэд хяналт тавих;

8.5.4.төв суурингаас алслагдсан хэсэг, бүлэг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал хадгалах түр цэгийг тогтоож мөрдүүлэх;

8.5.5.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх хуваарийг тээвэрлэгч байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

8.5.6.эх үүсвэр дээр хог хаягдлыг ангилах үйл ажиллагаанд хяналт тавих, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг бууруулах, ангилах, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааны талаар сурталчлах;

8.5.7.хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх.

9.1.Хог хаягдлын талаар иргэн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

9.1.1.энэ хуульд заасан журмын дагуу олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардах;

9.1.2.үүссэн аюултай хог хаягдал, түүний эх үүсвэрийн талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх;

9.1.3.зориулалтын цэгээс бусад газарт хог хаягдал хаяхгүй байх;

9.1.4.үүсгэсэн хог хаягдлаа ангилан ялгаж, тогтоосон цэгт хаях;

9.1.5.оршин суугаа газар орчмын хог хаягдлыг цэвэрлэх, олон нийтийг хамарсан ажилд оролцох;

9.1.6.ил задгай хог хаягдал шатаахгүй байх;

9.1.7.аюултай хог хаягдлыг аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэгт устгуулах;

9.1.8.хуульд заасан бусад эрх, үүрэг.

9.2.Хог хаягдлын талаар аж ахуйн нэгж, байгууллага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

9.2.1.хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

9.2.2.хог хаягдлыг дахин боловсруулах арга технологийг нэвтрүүлэх;

9.2.3.үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч хог хаягдлыг төрөлжүүлж, хог хаягдал хадгалах түр цэгт ангилан хаях, хог хаягдлын талаарх мэдээллийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад үнэн зөв мэдээлэх;

9.2.4.хог хаягдлын талаарх дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж ажиллах;

9.2.5.хог хаягдлыг ангилан хаях талаар зохих мэдлэгийг ажилтандаа эзэмшүүлж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах;

9.2.6.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан биелэлтийг хангаж ажиллах;

9.2.7.аюултай хог хаягдлыг бусад төрлийн хог хаягдалтай хамт тээвэрлэхгүй байх;

9.2.8.хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях;

9.2.9.ил задгай хог хаягдал шатаахгүй байх;

9.2.10.аюултай хог хаягдлыг аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэгт устгах;

9.2.11.хуульд заасан бусад эрх, үүрэг.

9.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орчны газрынхаа хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг зайлуулах олон нийтийг хамарсан ажилд оролцох үүрэгтэй.

9.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, өмчлөлийн барилгаа барих, буулгах, засварлах тохиолдолд гарах хог хаягдлыг хаях талаар урьдчилан гэрээ байгуулан зохих төлбөрийг төлсний үндсэн дээр хог хаягдлыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлнэ.

9.5.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах эрх аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эдгээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Мэдээ оруулсан : 2014-09-24 10:07:02
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.