Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн уур амьсгал

         Уур амьсгалыг бүрдүүлэх хүчин зүйл дотроос хамгийн чухал бөгөөд олон талтай нарийн төвөгтэй нөлөөлөлтэй нь газрын гадарга янз бүр байх явдал юм. Говь-Алтай аймгийн нутагт өвс ургамалтай ба ургамалгүй гадарга, уул нуруу, хонхор хөндий, тэгш тал, говь цөл алаглан оршдог тул уур амьсгалын өвөрмөц нөхцлийг бүрдүүлэх үндсэн шалтгаан нь болдог.

 

         Уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлогч гол хүчин зүйл болсон агаарын температур, тунадасны горим, салхины их хурд зэргийг авч үзлээ. Аймгийн 20 салбарын сүүлийн 14 жилийн агаарын дундаж температурыг авч үзэхэд өмнөх онуудаас дунджаар 1.3 градусаар дулаарсан байна. Үүнийг оноор нь авч үзвэл 2007 онд хамгийн дулаан жил болж /2.6 градус дулаан/, 2005 онд хамгийн хүйтэн жил /-0.3 градус/ болж, 2003 онд 0.1 градус, 2009, 2012 онд  0,2 градус, бусад жилүүдэд олон жилийн дундаж орчим буюу 0.8-2.2 градус дулаан байсан байна. Сумдаар харахад Алтайн өвөр говь болон Хүйс, Шаргын говь хоолойгоор (Ажбогд, Тоорой, Шарга, Бигэр, Халиун сумдад) 3.1-5.9 градус дулаан, Төгрөг, Эрдэнэ, Есөнбулаг, Цогт, Чандмань сумдад 0.6 градус хүртэл хүйтэн, бусад сумдад 0.2-1.6 градус дулаан байсан байна.

          Сүүлийн 14 жилийн хур тунадасны явцыг үзэхэд жилд орох тунадасны  хэмжээ 85.2 мм байна. Аймгийн хэмжээнд хур тунадас хамгийн ихтэй жил 2003 онд  болсон бөгөөд тус онд 160.1 мм хур тунадас орсон байна.  Харин хамгийн бага хур тунадас унасан жил 2006 онд болж 50.6 мм хур тунадас унасан байна. Бусад жилүүдэд 69.6-116.8 мм  хур тунадас орсон байна. Сумаар нь гаргаж харахад хамгийн их хур тунадас Цогт,  Есөнбулаг сумдад /132.2-164.3 мм/, хамгийн бага тунадас Бигэр сумд /36.8мм/ унаж, бусад сумд 44.2-112.5 мм тунадас орсон байна.

         Аймгийн хэмжээнд 1999-2013 оны хоорондох хүчтэй салхитай өдрийн тохиолдлын тоог авч үзэхэд 2010 онд хамгийн их буюу 515, 2002 онд хамгийн бага буюу 141, 2009 онд 328, бусад жилүүдэд 160-287 удаа тохиолдсон байна. Үүнийг сумаар нь гаргаж үзвэл Есөнбулаг, Цогт, Бугат, Тонхил сумдад жилд 28-34 өдөр, бусад сумдад 3-29  өдөр хүчтэй салхитай байсан байна. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхитай өдрийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

 

Мэдээ оруулсан : 2014-09-24 10:15:55
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.