Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Бэлчээр ашиглалт, бэлчээрийн доройтол, талхагдал

       Байгалийн бэлчээр нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 72.4%, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 99.27%-ийг тус тус эзэлж байгаа ба нийт ажиллагчдын 34.6 хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.3%, экспортын 10%-ийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр байсаар байна.

        Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 73.5%-ийг бэлчээр (2010 оны байдлаар) эзлэх ба үүний 34.3%-ийг дундаж болон нам, бэсрэг уулын бэлчээр, 21.1%-ийг цөлийн бэлчээр, 18.2%-ийг цөлөрхөг хээрийн бэлчээр, 9.2%-ийг өндөр уулын бэлчээр, 6.1%-ийг хээрийн бэлчээр, 5.6%-ийг голын хөндий, нам, хотос нугын бэлчээр, 0.3%-ийг өндөр уул хоорондын нугын бэлчээр тус тус эзлэх ба 5.2% нь бэлчээрт тохиромжгүй газар эзэлж байна.

          Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн ургац, тэжээлийн шимт чанар буурах, ургацад малын тэжээлийн ургамлын эзлэх хувь багасах, бэлчээрийн газарт хортон шавьж, мэрэгчид тархах, зам болон уул уурхайн үйл ажиллагаанд өртөх, хог хаягдлаар бохирдох зэргээр бэлчээр доройтолд нэрвэгдэх нь улам бүр нэмэгдэж байна. Бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгаагаар (2010) Говь-Алтай аймгийн нийт бэлчээрийн 14.4% буюу 1556127.4 га бэлчээр дунд зэрэг, 0.82% буюу 88385.6 га нь хүчтэй доройтсоны дээр 40016 га бэлчээр автогений нөлөөнд, 62843 га нь техногений нөлөөнд тус тус өртөж, 297719.1 га бэлчээрт хортон мэрэгчид тархаж, 230 га бэлчээр ахуйн хог хаягдалд бохирдсон байна.

      Бэлчээрийн доройтлын хэмжээг сумдаар авч үзвэл, Халиун, Цээл, Алтай, Бугат, Жаргалан сумдын нийт бэлчээрийн 10 хүртэл хувь нь дунд зэрэг доройтсон байгаа бол Есөнбулаг, Тайшир, Төгрөг, Чандмань сумын нийт бэлчээрийн 20 хүртэл хувь, Тонхил, Цогт, Дэлгэр, Дарви, Хөхморьт, Шарга, Эрдэнэ сумын бэлчээрийн 20-25%, Баян-Уул, Бигэр сумын нийт бэлчээрийн 40-50% нь тус тус дунд болон хүчтэй доройтсон байна.

       Ийнхүү бэлчээр доройтож байгаагийн нэг шалтгаан нь бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн аль аль нь алдагдаж, зөвхөн малын тооны өсөлт, малын ашиг шимийн нэмэгдлийг эн тэргүүнд тавьсны улмаас бэлчээрийн даац хэтэрсэн, сүргийн бүтэц алдагдсан, бэлчээрийн усан хангамж эрс муудсаны зэрэгцээгээр дэд бүтцийн хөгжлийн түвшин зэргээс улбаалан төв, суурин газар, уст цэгийн орчим болон зам дагуу хүн, мал ихээр төвлөрсөн, бэлчээрийг зохистой ашиглах арга туршлагатай хүмүүс ховордсон, бэлчээрийн менежментийн талаархи мэргэжилтэн, малчдын мэдлэг чадавхи сул, орон нутгаас бэлчээрийн ургамалжил, түүний төлөв байдал, ашиглалтанд тулгуурлан зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, зохицуулах, малчдыг бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд татан оролцуулах ажил хангалттай хийгдэхгүй, төрийн бодлого зохицуулалт сул, хөрөнгө санхүүжилт хүрэлцээгүй зэрэгтэй шууд холбоотой.

      Бэлчээрийг доройтохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, сайжруулахын тулд бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох асуудал Монгол мал” үндэсний хөтөлбөр(2010), Монгол улсын баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр (2006-2015), Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөр (2007-2015) зэрэг бодлогын баримт бичигт тусгалаа олсон боловч тэдгээрийн хэрэгжилт бэлчээрийн экосистемд тулгараад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сан, Mercy corрs ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн хэмжээнд “БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР /2012-2023 он/” –ийг боловсруулж  аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар  2011 оны 10/10 дугаарын  тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн ажиллаж  байна.

      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 онд “2012-2013 онд аймгийн бүх сумдыг бэлчээрийн менежментийн батлагдсан төлөвлөгөөтэй болгох” ажлын хүрээнд “Бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад талуудын оролцоо” сэдэвт 2 үе шат бүхий зөвлөлдөх уулзалт, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран байгаль орчны мэдээлэл сургалт, суртачилгааны ажлыг сонирхолтой хэлбэрээр ард иргэдэд хүргэх ялангуяа шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах,  нутаг орноороо, байгалийн нөөц баялгаараа бахархах сэдэл тэмүүлэлийг бий болгох зорилгоор бөхөнгийн тархац нутаг болох 11 сумд “Өнөд нутаглах буурь минь” 2 үе шаттай дэвжээ тэмцээний зохион байгуулсан нь үр дүнтэй томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.  Энэхүү байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны ажилд Гандантэгчилэн хийдийн дэд хамба Ё.Амгалан хамбыг урьж оролцуулан  “Амгалан аж төрөхүй” лекцийг 11 сумын 2256 хүнд толилуулан хийморийн сан тавьсан нь сүсэгтэн олны хүндэтгэлийг хүлээсэн томоохон арга хэмжээ болсон юм.

         2012 онд аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй Монгол бөхөн төсөл болон Мерси кор ОУБайгууллагатай үр дүнтэй хамтран ажилласан. Тухайлбал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн эхний үе шат буюу 2012-2013 онд аймгийн бүх сумдыг бэлчээрийн менежментийн батлагдсан төлөвлөгөөтэй болгох ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, ДБХСан, Мерси кор ОУ Байгууллагуудтай   хамтран “Сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг чадавхжуулах" , “Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх” сургалтыг 2012 оны 03, 05 дугаар саруудад 15 хоногийн хугацаатай зохион байгууллаа.  Тус сургалтанд ХААИС-ийн доктор  Ж.Ундармаа багш, ДБХСангийн нөхөрлөлийн сургагч багш, хөдөөгийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, Д.Санжмятав нарыг урьж авчран хичээл заалгаснаас гадна сумдын  газрын даамал, ХАА-н бэлчээр, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын  улсын байцаагчид  хамрууллаа.

        “Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөр”-ийн танилцуулга, “Хөдөөг хоршоолох аян”-ын хүрээнд ноосны урамшуулал, хоршоо, биржийн тухай хуулийн ойлголтыг мал бүхий иргэдэд танилцуулах, сурталчлах, тэдэнтэй харилцан ярилцах зорилгоор бүх сумдад малчдын уулзалт зөвлөгөөнийг ЗДТГ, ХХААЖДҮГ, ДБХСан, Мерси кор ОУ Байгууллагуудтай   хамтран зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнд нийт 1200 орчим мал бүхий иргэн хамрагдаж бэлчээрийн талаар тулгамдаж буй асуудал, түүнийг зүй зохистой ашиглах, хамгаалахад тэдний үүрэг оролцооны талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

        Мөн сум, аймгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг чадавхижуулах үйл ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймгийн Алтай сумын бэлчээрийн менежментэд орон нутгийн зөв бодлого шийдвэр хэрхэн үр дүнд хүрсэнийг судлаж өөрийн орон нутагтаа нэврүүлэх аялалыг 2012 оны 06 дугаар  сард ДБХСантай хамтран зохион байгууллаа. Тус аялалд аймгийн бэлчээрийн хэсгийн 3 мэргэжилтэн, Бугат, Чандмань, Эрдэнэ, Дэлгэр, Тонхил, Есөнбулаг, Дарив, Тайшир сумдын бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа. Аймгийн ХХААЖДҮГазар болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ”НОГООН БИЗНЕС- Бэлчээр сайн бол малчин баян” нөхөрлөл хөгжлийн VIII бага наадмыг 2012 оны 9 дүгээр сард  зохион байгуулж ажиллаа. Уг наадамд Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 18 нөхөрлөлийн 45 гишүүн оролцсон бөгөөд “Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн  хөтөлбөр”-ийн танилцууллагыг хийлээ.

      Мөн аймгийн хэмжээнд бүх сумдаас “2012-2013 оны Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө”-гөөг авч нэгтгэн ойрын хугаацаанд залшгүй хийх шаардлагатай ажлыг төлөвлөгөөг болосруулан 2013 онд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөг, Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2,9 сая төгрөг нийт 50,9 сая төгрөгийг шийдвэрлэж хөтөлбөрийн гуравдугаар тэргүүлэх чиглэл болох "Зохион байгуулалтанд орсон малчдын бүлэг, нөхөрлөлд суурилсан бэлчээрийн зохистой  ашиглалтын тэргүүн туршлагыг бий болгон дэлгэрүүлэх", дөрөвдүгээр тэргүүлэх чиглэл  болох "Сум дундын болон сумын отрын бүс нутгийг нөөц бэлчээр болгон  хамгаалалтад авч МАА-г эрсдэлээс хамгаалах зорилгоор цаг хүндэрсэн үед ашиглах" гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллалаа. Төлөвлөгөөт ажлын хүрээнд Монгол бөхөн бүхий Халиун, Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Баян-Уул, Хөхморьт сумдын цаг хүндэрсэн үед ашиглах сум дундын болон сумын отрын бүс нутгийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэх ажлыг сумдын Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсэг болон ДБХС-ийн монгол дахь хөтөлбөрийн газартай аймгийн ажлын хэсэг хамтран гүйцэтгэлээ. Сумын отрын бүс нутгийг ашиглах журмыг мөн хамтран гаргаж сумдын ИТХ-аар батлуулан мөрдөн ажиллаж байна. Харин сум дундын отрын нөөц бэлчээрийг ашиглах журмыг боловсруулан  ажиллаж байна.

     2013 онд дээрхи 2 байгууллагаас гадна ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Швейцарын хөгжлийн агентлагийн  санхүүжилттэй “Ногоон алт" төслийг татан оруулж хамтран ажиллаж байна. Бэлчээрийг зохистой ашиглахад малчдын хандлагыг зөв төлөвшүүлж, мэдлэгийг дээшлүүлэх  ажлын хүрээнд аймгийн ажлын хэсэг  ДБХ сангийн МХГазар, “Ногоон алт” төсөлтэй хамтран  15 сумын 62 багийн 1000 гаруй малчдад "Аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөр төлөвлөгөө болон өнөөгийн, төлөв байдал”, “Ногоон алт” төслийн танилцуулга, “Бэлчээрийн талаарх хууль эрхзүйн орчин”, ”Малчдын нийгмийн даатгалд хамрагдах хэрэгцээ шаардлага” зэрэг сэдвүүдээр сургалт, семинар хийлээ. Мөн нэр бүхий /Баян-Уул , Бугат, Бигэр, Дэлгэр, Дарив, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьм, Чандмань, Шарга, Эрдэнэ / 14 сумд бэлчээр ашиглалтын холбоо, 62 багт бэлчээр ашиглах хэсгийг тус тус байгуулаад байна.

       Байгаль орчины газраас Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ногоон алт төсөл, Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран байгаль орчны мэдээлэл сургалт, суртачилгааны ажлыг сонирхолтой хэлбэрээр ард иргэдэд хүргэх ялангуяа шинээр гарсан хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах,  нутаг орноороо, байгалийн нөөц баялгаараа бахархах сэдэл тэмүүлэлийг бий болгох зорилгоор бөхөнгийн тархац нутаг болох 7 сумд “Хүн хэлээрээ- Мал хөлөөрөө ” дэвжээ тэмцээний 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулсан нь үр дүнтэй томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.  Энэхүү арга хэмжээнд нийт 2356  хүн хамрагдлаа.  Мөн  дээрх байгууллагуудтай хамтран бэлчээрийн зүй зохистой ашиглалт хамгаалатыг сайжруулах зорилгоор Баян-Уул, Шарга сумд “Бэлчээр ашиглалтанд эмэгтэйчүүдийн оролцоо ” сэдэвт уулзалтыг 2013 оны 12 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 150 эмэгтэй оролцлоо.

Мэдээ оруулсан : 2014-10-22 11:01:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.