Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого судалгааны ажлыг зохион байгуулав

Аймгийн хэмжээнд уул уурхайн ашиглалт болон гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газрын

тооллого, судалгааны ажлын товч тайлан  

 

                                                                      2017.12.01                                                                                                                     Алтай хот

       Оршил

 

        Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 309 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөрийн хүрээнд 2009-2011 онуудад хийгдсэн ажлын дүнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 4256 га эвдэрсэн талбай орхигдож, эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь /340/ аж ахуйн нэгж байгууллагын, үлдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байна гэсэн дүгнэлт гарсан. 2012 оноос хойш уул уурхайн ашиглалт, бичил уурхай, хууль бус олборлолтоос газрын эвдрэл, доройтол ихэссэн боловч тооллого хийгдээгүйгээс нөхөн сэргээлтийн зардал, байгаль орчны хохирол тооцох, нөхөн сэргээлт хийх ажил тодорхой үр дүнд хүрэхгүй байна. 

         УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 тоот тогтоол, Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өмнө хэрэгжиж байсан алт хөтөлбөрүүдээс сургамж авч, өнөөгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх зорилгоор ашигт малтмал ашигласны улмаас эвдрэлд орж нөхөн сэргээлгүй орхигдсон газрын тооллого  судалгааг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/71 тоот тушаалаар батлагдсан “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж”-ийг гаргаж ирүүлээд байна.

        Говь-Алтай аймгийн хувьд хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас 16 сумын 55 газрын нийт 403,4 га талбай  эвдрэлд орсноос 2009-2015 онуудад  аж ахуйн нэгж, нөхөрлөлтэй гэрээ байгуулах замаар болон орон нутгийн төсөв, гадны төсөл хөтөлбөрийн санхүүжилтаар нийт 115.1 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгэж 288,3 га газар үлсэн гэсэн судалгааг гарган ажиллаж байсан хэдий ч тус тоо баримтыг нарийвчлан гаргах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байсан юм. 

         Иймд тооллого судалгаа хийхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор төсөл боловсруулан 2016 онд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүсэлт тавьж, аймгийн Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 8.4 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн байсан нь нүдээ олсон ажил болсон юм. 

         Дээрхи удирдамж болон төлөвлөгөөт ажлын хүрээнд орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тооллого судалгааг хийж газрын нэгдмэл сангийн тайланд тусгуулах, улмаар эвдэрсэн газруудын мэдээллийн санг бий болгож, нөхөн сэргээлтийг шат дараатайгаар хийлгэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, бичил уурхайгаар ашиглах боломжтой газрыг тодорхойлон хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.

 

          Судалгааны арга зүй

          Тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс удирдамж гарын авлагын аргыг ашиглан  эвдэрсэн газрын тооллого судалгааг хийх аргачилсан зааврыг боловсруулан гаргаж мөрдлөг болгон ажилласан. Тооллого, судалгааны ажлыг хийхдээ эвдэрсэн газрын ургамал болон хөрсний төрх байдлыг мониторинг аргаар тодорхойлж, урт,  өргөн, гүн, талбай, эзэлхүүнийг тооцооллын аргаар тооцож газарзүйн байршил тодорхойлогч GPS багажаар байр зүйн солбицлыг объект бүрт тодорхойлон эргэлтийн цэгүүдийг хэмжин, тухайн эвдрэлд орсон газрын гэрэл зургийг авч баталгаажуулж, хээрийн ажлын судалгаан дээр үндэслэн газар зүйн мэдээллийн системийн ARCGIS 10.3 программ хангамжийг ашиглан талбайг зураглаж, эвдэрсэн газар тус бүр дээр давхцуулан зураглах аргачлалыг ашиглан /гол мөрний урсац бүрэлдэх эх болон ой, усны сан, тусгай хамгаалалттай, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцалтай эсэх/  цаашид нөхөн сэргээлт хийх, бичил уурхайгаар ашиглах боломжтой газруудыг тодорхойлон анализ хийн ашигласан.

       

       Судалгааны хэсэг

        Уул уурхайн ашиглалт болон гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллого судалгааг мэдээлэл цуглуулах бэлтгэл ажил, хээрийн судалгааны ажил, суурин боловсруулалт, тайлан бичих гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулж ажилласан бөгөөд сумдаас авсан урьдчилсан мэдээллийг үндэслэн 15 сум, Говийн Их дархан цаазат газрын А хэсгийн  нутаг дэвсгэрт нийт 75 газрын 159 нэгж талбайд хээрийн судалгаа хийхээр төлөвлөн 4 дэд ажлын хэсгийг байгуулж 2017 оны 05 сарын 22-ноос 10 сарын 11–ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэлээ.

          Судалгаанд Алтай, Баян-Уул, Бугат, Бигэр, Дарив, Жаргалан, Есөнбулаг, Халиун, Шарга, Тайшир,  Тонхил,  Төгрөг, Цогт, Цээл, Чандмань сумд хамрагдсан.                                                   

  Эвдэрч орхигдсон газрын тооллогын ажлыг нийт 15 сумын нутагт 4 ажлын хэсэг гарч 6039 км газар явж хийсэн болно.

 

Хүснэгт 1. Тооллого судалгаа хийсэн замын маршрут

Зохион байгуулах нэгж

Хамрагдах сумын нэр

Нийт явах км

Хээрийн судалгаа хийгдэх хугацаа

1

Ажлын хэсэг - 1

 Бигэр – Чандмань -Цогт – Цээл – Алтай - Бугат

2254

V/22-VI/01

2

Ажлын хэсэг - 2

Есөнбулаг- Жаргалан-Тайшир- Халиун

1077

3

Ажлын хэсэг - 3

Шарга - Төгрөг – Тонхил – Дарив -Баян-уул

1298

4

Ажлын хэсэг- 4

ГИДЦГазарт

1410

IX/29-X/11

 

 

 

6039

 

 

        Тооллого судалгааны ажлын үр дүнд аймгийн хэмжээнд 15 сумын 159 газрын 415.26 га газар эвдрэлд орж орхигдсон байна. 

 

Хүснэгт 2 . Эвдрэлд орж орхигдсон газрын судалгаа сумдаар

 

Д/д

       Сумын нэр

 

Газрын тоо

 

Талбайн тоо

Талбайн хэмжээ, га

   Нөхөн сэргээлт хийх шаардлагатай  талбайн хэмжээ, га

1

Алтай

3

6

3.80

3.36

2

Баян-Уул

4

18

22.77

0

3

Бигэр

2

11

24.28

24.28

4

Бугат

3

3

16.67

4.58

5

Дарив

6

6

1.14

0

6

Жаргалан

1

1

30.50

30.50

7

Тайшир

4

13

31.41

27.80

8

Тонхил

4

13

60.54

15.07

9

Төгрөг

4

5

11.26

7.55

10

Халиун

2

3

4.04

3.67

11

Цогт

4

11

5.76

3.33

12

Цээл

2

5

1.12

0

13

Чандмань

1

1

36.97

36.97

14

Шарга

7

11

37.70

37.48

15

Есөнбулаг

23

41

124.07

109.88

16

ГИДЦГазрын А хэсэг

5

11

3.23

0

Нийт

75

159

415.26

304.47

 

         

График 1. Эвдрэлд орж орхигдсон газрын талбайн хэмжээ, сумдаар

 

            Эдгээр газруудын 154 талбайн нь буюу 371.26 га талбай гар аргаар хууль бусаар ашигт малтмал /алт, нүүрс, анар/ олборлох, 2 буюу 37.96 га нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн олборлолтод, 2.58 га нь овоолгод дарагдсан, 3 нь буюу 3.46 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга/ техникээр олборлох үйл ажиллагаанд тус тус өртсөн байна.

 

График 2. Эвдэрсэн талбайн төрөл

 

          Уул уурхай олборлолтын үйл ажиллагааны улмаас тус аймгийн Төгрөг сумын Мааньтын уурхай, Жаргалан сумын Цахиуртын уурхайн нийт 40.54 га талбай эвдэгдэж орхигдсон үүнээс 37.96 га ухаш, 2.58 га-д овоолго эзэлж байна.

          Мааньтын уурхайг 2003 оноос Мандал-Алтай групп шилжүүлэн авч 2006 -2010 оны хооронд ажиллаж одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байна. Тус уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон нийт 7.5 га талбайн 5.1 га талбай нь тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ухагдсан байгаагаас гадна хөрсний ус болон хурын усаар тэжээгдэн хиймэл усан сан үүссэн байна. Дээрхи уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлтийн ажил огт  хийгдээгүй байна. Цахиуртын нүүрсний уурхай нь 1972 онд ашиглалтанд орж, 1982 онд үйл ажиллагаа нь зогссон бөгөөд хөрсний гадаад овоолготой, уурхайн ухаш бүхий нийт 30.50 га талбай эвдрэлд орж орхигдсон байна. Тус эвдрэлд орж орхигдсон талбайд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ямар нэгэн давхцалгүй байна.

          Гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон 14 сумын 371.26 га талбай тоологдсоноос хамгийн их талбай эвдрэлд орсон Есөнбулаг, Тонхил, Шарга, Чандмань, Тайшир, Бигэр сумд байна.

 

 

График 3. Гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны

улмаас эвдрэлд орж орхигдсон газрын хэмжээ, га-аар

 

           Мөн эвдрэлд орсон оноор ангилан авч үзвэл 2009-2010 онуудад хамгийн их газар эвдрэлд орсон байна. Энэ нь тус аймгийн Баян-уул, Бигэр, Бугат, Дарив, Есөнбулаг,Тайшир, Халиун, Шарга зэрэг сум болон Алтай сумын ГИДЦГ ын А хэсэгт хамрах нутаг дэвсгэрт ухагдсан газрууд байна.

 

        

                                             

       График 4. Эвдрэлд орсон он, он оноор

 

Гар аргаар ашигт малтмал олборлогчдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газруудын нүхний гүн хамгийн бага нь 30 см, хамгийн их нь 30 метрийн гүнтэй ухагдсан байна. Дунджаар 0.5-2 м гүнтэй ухсан нүхнүүд массыг хамарч байна.

 

         Эвдрэлд орж орхигдсон нийт 415.26 га талбайн 326.65 га нь тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усны сан бүхий газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй /хайгуул, ашиглалт/ талбайд давхцалтай, үлдсэн 88.61 га  нь давхцалгүй байна.

 

 

График 5. Эвдэрсэн талбайн давхцал

 

          Дээрхи давхцлыг ангилан авч үзвэл Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 3.60 га, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт 205.16 га, ойн сан бүхий газарт 0.51 га, гол мөрний урсац бүрэлдэх эх болон усны сан бүхий газарт 135.03 га, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй /хайгуул, ашиглалт/ газарт 70.96 га талбай тус тус эвдрэлд орж орхигдсон байна. 

 

График 6. Давхцлын төрөл, га-аар

 

          Мөн эвдрэлд орж орхигдсон газруудыг нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэх талаар нь ангилан авч үзвэл 305.64 га-д шаардлагатай, 109.62 га-д шаардлагагүй гэсэн судалгааны дүн гарсан.

 

График 7. Нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайн хэмжээ / га-аар/

 

         Нөхөн сэргээлт хийх шаалдлагатай Алтай, Бигэр, Бугат, Есөнбулаг, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Цогт, Чандмань, Шарга гэсэн нэр бүхий 11 сумын  75 нэгж талбарын 305.64 га газар байгаагаас 62 нэгж талбарын 261.7 га нь давхцалтай байна.

 

          Цогт /4/, Тайшир /4/, Жаргалан /1/, Есөнбулаг /1/, Шарга /3/ сумдын 13 нэгж талбарын 43.94 га нь  давхцалгүй гарсан байна.

 

График 8. Нөхөн сэргээлт хийх шаардлагатай газрын тоо, сумдаар

        Нөхөн сэргээлт хийх шаардлагагүй 110.79 га талбайн 26.79 га-д аж ахуйн нэгжээр, 3.8 га-д нөхөрлөл, нутгийн иргэдээр техникийн нөхөн сэргээлтийг тус тус  хийлгэсэн бол 18.46 га байгалийн аясаар нөхөн сэргэсэн үлдсэн 61.74 га нь мөн байгалийн аясаар нөхөн сэргэх боломжтой газар байна.

        Эвдрэлд орж орхигдсон газарт хийгдсэн техникийн нөхөн сэргээлтийн талаар тодруулбал хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газарт олборлолт явуулан олсон ашгаараа буцаан нөхөн сэргээлт хийлгэх журмын хүрээнд Тонхил сумын Бөөрөг салаанд 5 га, Хужир салаа-1-т 3.24 га, Шар хоолой жалга -1-т 7.02 гад, Есөнбулаг сумын Ямаан уснанд 11.53 га нийт 26.79 гад,  бичил уурхайн журмын хүрээнд болон орон нутгийн иргэдийн оролцоотойгоор Шарга сумын Хөх хад жалга-3 нэртэй газарт 0.17 га, Есөнбулаг сумын Гогцоо, Гогцоо-1 д - 0.74 га, Тайшир сумын Хөвийн ам жалга 2,4,6-д 2.97 га нийт 3.8 га талбайд тус тус нөхөн сэргээлтийг хийлгэсэн байна.

График 9. Нөхөн сэргээлт хийсэн болон байгалийн аясаар

сэргэсэн, цаашид сэргэх боломжтой газруудын хувь

 

         Нөхөн сэргээлт хийх шаардлагатай газруудаас Алтай сумын Шувуутайн сайр, Бугат сумын Баянсалаа, Шивээт, Тайшир сумын Хөвийн ам жалга 1-3, жалга-5, Тонхил сумын Шар хоолой /эвдэрсэн/, Хөх жалга, Ханан хад жалга 1-4, Төгрөг сумын Холбоогийн цагаан, Шарга сумын Шувуу толгойн өвөр, Нарангийн Завсар булаг, Бага шанд-Шарга овоо, Хөх хад жалга 1-2 жалга, Цахир худаг жалга 1-2, Хүрэн дэлд, Чандмань сумын Хөх сайр,  Цогт сумын Цагаан толгойн огтрого 1-2, гэсэн нэр бүхий 25 газарт  бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах боломжтой газар байгаа хэдий ч Холбоогийн цагаан, Цахир худаг 1-2, Хүрэн дэлээс, Цагаан толгойн огтрого 1-2 гэсэн 6 нэгж талбараас бусад газар нь орон нутгийн тусгай хамгаалалттай болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцалтай байна.

 

 

           Дүгнэлт

           Тооллого судалгааны үр дүнгээс дараах дүгнэлтийг хийлээ.

  1. Эвдрэлд орсон газар тус бүр дээр экологи, эдийн засгийн хохирол болон нөхөн сэргээх ажлын зардлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай байна.
  2. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон эзэн хариуцагч  нь тодорхой Мааньтын уурхайн 7.5 га талбайн нөхөн сэргээлтийг хийлгэх.
  3. Гар аргаар ухагдаж орхигдсон нөхөн сэргээлт хийх шаардлагатай 263.91 га талбайн нөхөн сэргээлтийг бичил уурхайн зохион байгуулалтад орсон нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллага болон газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар /хөрөнгийн асуудлыг төсөл хөтөлбөр, буруутай аж ахуйн нэгж, орон нутгийн төсвөөс шийдвэрлэн/ хийлгэх.
  4. Ургамлын төлөв байдлын судалгаанаас үзэхэд эвдрэлд орж орхигдсон тухайн бүс нутагт ургах боломжтой олон наст ургамлыг ургуулах нь зүйтэй.
  5. Нөхөн сэргээлт хийлгэсэн газарт дахин олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй байх.
  6. Эвдрэлд орж орхигдсон ямар нэгэн давхцалгүй 88.61 га талбайгаас бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой газруудыг сонгож Ашигт малтмалын газарт хүргүүлэн дүгнэлт авч журмын дагуу ажиллуулж нөхөн сэргээлтийн асуудлыг шийдвэрлэх.
  7. Нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлох асуудлыг ил далд байдлаар тусгасан аливаа гэрээ хэлцэл байгуулахыг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллах улмаар эвдэрсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх.
  8. Улирлын чанартайгаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа байнга явагдаж байдаг Есөнбулаг, Тайшир, Бугат, Алтай, Төгрөг, Шарга, Тонхил сумдын эвдрэлд орсон газруудын ихэнх нь давхцалтай байгаа учир бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газрын асуудлыг бодлогын хэмжээнд авч шийдвэрлэх  .
  9. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх.
  10. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд  байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулж нөхөн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.

 

---000--

 

 

Мэдээ оруулсан : 2018-02-27 09:23:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.