Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН МОНИТОРИНГ СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Биологийн олон янз байдлын мониторинг судалгааг дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны арга барилыг ашиглан хийх нь тухайн зүйл амьтныг зохистой ашиглах, хамгаалах үндэслэл болохын сацуу аль ч оронд хийсэн судалгааны дүнтэй харьцуулах, нэгтгэн дүгнэх, мэдээллийн сан үүсгэх, үүнд үндэслэн оновчтой зөв төлөвлөлтийг боловсруулах боломжийг нээдэг ач холбогдолтой юм.

Монгол орны биологийн олон янз байдал ялангуяа экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой нэн ховор, ховор, элбэг зүйл амьтны ашиглалт, хамгааллыг өнөө цагийн хөгжлийн хурдтай уялдуулан зөв менежмент нэвтрүүлэх үүднээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)- гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран зэрлэг амьтны мэдээлэл цуглуулах, нэгтгэн боловсруулах, судалгаа хийх хялбаршуулсан гарын авлага, мэдээллийг нэгтгэх, мэдээллийн сан үүсгэх зорилго бүхий “Биосан” программ хангамжийг зохион бүтээж байгаль хамгаалагч, холбогдох мэргэжилтнийг сургаж, хэрэглээнд нэвтрүүлсээр багагүй хугацааг үджээ. Өнгөрсөн хугацаанд ТХГН-ийн байгаль хамгаалагч, зарим аймгуудын биологийн олон янз байдал хариуцсан мэргэжилтнүүд зэрлэг амьтны судалгааны арга зүй, “Биосан” програм хангамжийг ашиглах удаа дараагийн сургалтад хамрагдан мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийж буй боловч зэрлэг амьтны мониторинг судалгаа бүх талыг хамарч өргөн хүрээнд хийгдэж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр, агнуурын бүс нутгийг хариуцан хамгаалах шинэ үзэл баримтлалын эрхзүйн үндэс хуулинд тусгалаа олсноор агнуурын бүс нутгийн менежментэд суурь мэдээлэл, мэдээлэлд үндэслэсэн үр дүн, менежмент зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Амьтны тоо толгой, тархац, ургамлын нөөцийн өөрчлөлтийг тусгадаг мэдээллийн “Биосан” програм хангамжийг шинэчлэн боловсруулах, сургалт зохион байгуулах ажлыг Байгаль хамгаалах сан хариуцан гүйцэтгэхээр тусгасан байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас өмнө боловсруулсан зэрлэг амьтны мониторинг судалгааны бүх арга зүйг сайжруулах, зарим арга зүйг шинээр боловсруулах, улмаар “Биосан” програм хангамжийг дахин боловсруулж улам боловсронгуй болгох ажлууд шат дараатайгаар хийгдэж байна. Энэ удаагийн сургалтын зорилго нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн болон бусад холбогдох хүмүүст дахин боловсруулсан, шинэчилсэн мониторинг судалгааны арга зүйг танилцуулах, сургахад чиглэж байна.
Уг сургалтанд тус газраас биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатар, ой, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвдорж нар хамрагдлаа.

Мэдээ оруулсан : 2014-10-09 09:48:28
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.