Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цогт, Цээл, Алтай, Бугат сумдад ажиллалаа

Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчиндоо хандах зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 09 сарын 10-аас 09 сарын 16-ны өдрүүдэд  Цогт сумын Баянтоорой тосгон, Цээл, Бугат сумдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Сургуулийн сурагчид, залуучууд, албан байгууллагын ажилтан албан хаагчид гэсэн зорилтот бүлгүүдэд хуваан уулзалт, АХА тэмцээн, спорт хийн буудлагын Мэргэн бууч тэмцээн, Дэвжээ тэмцээнийг тус тус зохион байгуулсан бөгөөд нийт давхардсан тоогоор 600 гаруй хүүхэд багачууд, иргэд хамрагдсан байна. 

Сумдын хүн ихээр үйлчлүүлдэг Шатахуун түгээх станц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ, мэдээлэгчийг урамшуулах журам зэргийг наан байршуулсан бөгөөд байгаль орчны хуулийн эмхтгэл, Говь-Алтай аймгийн байгаль орчны мастер төлөвлөгөө, Байгаль орчны тогтвортой хөгжлийн тасаг, Байгаль орчны хуулийн тухай иргэдэд зориулсан гарын авлага, Уулын хээрийн гайхамшиг, Өндөр уулын гайхамшиг,  Совин  зэрэг 7 төрлийн ном, 10 төрлийн танилцуулга, тараах материал нийт  2500 гаруй ширхэгийг иргэдэд тараасан.

Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулах, багц хууль сурталчилах, мэдээлэл хүргэх ажлуудыг орон нутагт зохион байгуулсан нь иргэдэд хүрсэн томоохон ажил болсон гэж дүгнэж байна.

Байгууллагын үйл ажиллагааны талаар 400 гаруй иргэнээс санал асуулга авсан.

2014 онд аймгийн Засаг дарга, БОНХСайдтай байгуулсан гэрээнд аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил тусгагдсан. Тус менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд тусгай зориулалтаар гадаадын иргэнд агнуур хийлгэж байсан Цогт, Алтай сумдын ИТХ-ын хурлын дарга, Засаг дарга, БОХУБ, байгаль хамгаалагчид, багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, агнуурын бүс нутгийн иргэдийг оролцуулсан анхан шатны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгуулах санал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг хамтран ярилцлаа. Саналуудыг нэгтгэн боловсруулж эцсийн шатны хэлэлцүүлгийг сумдын удирдагуудыг оролцуулан 2014 оны 10 сард Алтай хотод зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:18:14
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.