Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цөлжилтийн төлөв байдлын судалгаа, менежментийг хийлгэлээ.

ГГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦӨЛЖИЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ БА МЕНЕЖМЕНТ

Ерөнхий мэдээлэл

Монгол орон Ази тивийн гүнд, янз бүрийн ландшафт, геологийн структурын заагт орших тул геоморфологийн хувьд ихээхэн сонирхолтой юм. Монгол орныг бараг бүх талаас нь тойрон хүрээлэх Төв Азийн өндөр уул нурууд нь Атлантын болон Номхон далайн орчил урсгалаас тусгаарлах уур амьсгалын томоохон хаалт болдог. Иймд далайгаас тусгаарлагдсан, алслагдсан энэ байдал нь тус орны нутаг дэвсгэр дээр эх газрын эрс тэс уур амьсгал бүрдэх, говь, цөлийн ландшафт өргөн хэмжээнд тархах нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Энэ байдлын тод жишээ болсон газар бол  Говь-Алтай аймаг болно.

Тус аймгийн нутаг дэвсгэр өргөн уудам, нутаг дэвсгэрийн нийт хэмжээ 141.4 мян км2,  хойноос урагшаа 602 км, баруунаас зүүн тийш 421 км үргэлжлэх тул эдгээр чиглэлд гадаргын ерөнхий төрх, байгалийн нөхцөл эрс өөрчлөгдөх ба энэ нь нутгийн төв хэсэгт уулс, хойт,  өмнөд хэсэгт талархаг гадарга зонхилох байдлаар илэрдэг.

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт  тархсан хотгор гүдгэрийг гарал үүслээр нь доктор С.Жигж (1975)-ийн ангилалыг баримтлан тектоник-элэгдлийн, элэгдэл-хуримтлалын, хуримтлалын болон галт уулын хэвшинжит хотгор гүдгэр гэж 4 хуваан үзэж болно.

Говь-Алтай аймгийн дийлэнхи нутаг уур амьсгалын мужлалаар гандуу дулаан зунтай, хахир болон хахирдуу өвөлтэй мужид хамрагдах бол Монгол Алтай болон Говийн Алтайн нурууны гол нурууд чийглэгдүү, зэврүүвтэр зунтай, хахир өвөлтэй мужид, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндийд хамрагдах зурвас нутгууд хуурай сэрүүвтэр зунтай хахир болон хахирдуу өвөлтэй мужуудад хамрагдана. 

Тус аймгийн хувьд өвлийн улиралд хонхор хотгор газраа арай хүйтэн, өндөрлөг газраа агаарын доод үе давхрагын температурын инверсийн нөлөөгөөр дулаавтар, харин зун үүний эсрэг нам газраа халуун, өндөрлөг газраа сэрүүвтэр (100 м өндөрсөх тутам 0.50С-аар дулаарах) байна. Аэрологийн хэмжилтээс үзвэл өвлийн улиралд хонхор хотгор газраа 600-900 м орчим, уулархаг газраа 300-400 м зузаан тонгоруу үе (өндрөөс дулаардаг) бараг өдөр бүр тогтоно.

Өвөл нь ууландаа -17-19°С, хөндий, хотгор, говь нутгаар -20 -23°С хүрч хүйтэрнэ. Хамгийн хүйтэн 1 дүгээр сард ууландаа - 40°С-45°С, хөндий хонхор газарт -45- 50°С хүрч хүйтэрнэ.

Монгол орны нэгэн адил Говь-Алтай аймаг нь далай тэнгисээс алслагдсан, эргэн тойрон өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, агаар хуурай, хур тунадас бага, жилийн температурын зөрүү ихтэй эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурайдуу нутаг юм. Агаар хуурай учраас жилийн дулааны улиралд чийгшил нийт нутагт 50-60 %, үүнээс говьд 30-50 % байдгаас үзэхэд агаар нилээд хуурай, агаарын харьцангуй чийг ууландаа 9-10 %, говьд 3-4 хувьд хүрч буурна.

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр ус зүйн сүлжээний хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах бөгөөд  сав газрын 14,24 хувь нь тус аймагт ногдоно.

Монгол оронд нэгдүгээр эрэмбийн сайр-горхи 31948, хоёрдугаар эрэмбийн горхи 8406, гуравдугаар эрэмбийн гол 1977, дөвөрдүгээр эрэмбийн гол 426, тавдугаар эрэмбийн гол 100, зургаадугаар эрэмбийн гол 24, долоодугаар эрэмбийн буюу томоохон гол 6 (үүнд: Орхон, Сэлэнгэ, Шишхэд, Идэр, Ерөө, Эг багтана), наймдугаар эрэмбийн 2, есдүгээр эрэмбийн 1 гол бий (Г.Даваа, 2017). Эдгээрээс Говь-Алтай аймагт нэгдүгээр эрэмбийн 665, хоёрдугаар эрэмбийн 149, гуравдугаар эрэмбийн 33, дөвөрдүгээр эрэмбийн 5, тав дугаар эрэмбийн 2, зургаадугаар эрэмбийн 1 гол оршино.

Энэ аймагт тус улсын бүх нуурын 1,6%, талбайн 0,8 хувьтай тэнцэх 49 нууртай. Тэдгээрийн талбайн нийлбэр 130,8 км2, 10 км2-аас дээш талбайтай нуур 4, нийт нуурын 32,7% нь 2000 м-ээс өндөрт байрлах ба тэдгээрийн талбайн нийлбэр 30.8 км2, хамгийн том нуур нь Ихэс (19.3 км2), Шаргын цагаан (15.7 км2), Сангийн далай (15.5 км2) зэрэг голдуу хатаж ширгэдэг нуурууд болно.

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр хөрс газарзүйн мужлалаар Говийн их мужид хамрагдах бөгөөд тал нутгаар тархах хөрсийг хотгорын бүсшилтэй нутагт хамруулан Монголын өрнөд мужид багтаах бол уулархаг нутгаар тархсан хөрсийг Монголын Алтайн болон Говь Алтайн мужид тус тус хамрагдана (Доржготов, 2009). Энд уур амьсгал халуун, хуурай, тундас бага зэргээс гадна ус, салхины нөлөө, уулын чулуулгийн өгөршил зэрэг нь хөрс үүсэх өвөрмөц нөхцлийг тодорхойлно. Гадаргаас хамааруулан хөрсийг уулын, талын болон чийгт гарлын гэсэн гурван бүлэгт хуваан үзнэ. Нийт нутгийн 40 гаруй хувьд цөлөрхөг хээрийн бор, цөлийн бор саарал хөрс тархана.

Тус аймгийн нутаг нь ургамлын аймгийн хувьд өвөрмөц онцлогтой, гарал үүслийн хувьд ялгаатай мужуудын заагт байрлана. Нөгөө талаар нутгийн дунд хэсгээр байрлах Алтайн уулт тогтолцоо нь умардын зүйлүүд  өмнө зүг гүн түрж орох нөхцлийг бүрдүүлж байхад уулс дотоодын хотгорууд нь цөлийн элементүүд умар зүг алс нэвтрэн түрж ургахад нөлөөлж байдаг. Иймээс шинэсэн ойн  тархалтын өмнөд цэгээс хойш заган ойн хэвшил тааралдах нь бий.

Байгаль орчны өөрчлөлт

Говь-Алтай аймгийн уур амьсгалын өөрчлөлтийг үнэлж үзэхэд дунджаар 1,5-1,9 oC-ээр өссөн байна. Орон зайн хуваарилалтын хувьд зуны хур тунадасны хэмжээ Алтайн уулархаг бүс нутаг, Говь, зүүн өмнөд бүс нутгаар 1961 оны түвшинтэй харьцуулахад бага зэрэг өсч байгаа бол бусад бүс нутагт 0,1-2,0 мм/жил хэмжээтэйгээр буурч байна.

Говь-Алтай аймгийн хэмжээнд ганг Хур тунадасны нормчилсон индексээр (SPI) тооцож үзэхэд гангийн давтагдалд 10 жилд 3 жил нь гантай байдаг байсан бол 2000 оноос хойш энэ давтагдал 4-5 жил болж нэмэгдсэн байна. Гантай жилүүдийг дотор нь задалж үзвэл 2011 оноос хойш 5 жил ган тохиолдсон бөгөөд эрчимийн хувьд 2010 оны ганг бодвол бага эрчимтэй тохиолдсон байна.

Усны элэгдэл эвдрэл жилд 0,022-0,024 тн/га хэмжээтэйгээр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд элэгдэл эвдрэл, хөрсний зөөгдлийн судалгааг орон нутагт мониторингийн түвшинд судалж тодорхойлох шаардлага бий.

Аймгийн хэмжээнд салхины элэгдэл эвдрэл жилд 0,15-0,23 тн/га хэмжээтэйгээр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд элэгдэл эвдрэл, хөрсний зөөгдлийн судалгааг орон нутагт мониторингийн түвшинд судалж тодорхойлох шаардлага бий. 

 

Газрын доорхи усны ашиглалтыг 1990 оны уст цэг ба 2015 оны уст цэгийн байдлыг харьцуулан үзвэл Говь-Алтай аймгийн хувьд 1819 ш худаг байсан бол 2015 оны байдлаар 931 ш худаг болж буурсан байна. Хамгийн их тоогоор цөөрсөн буюу эвдэрсэн нь бетон хашлагат болон гүн өрмийн худгууд бөгөөд гар худгийн хувьд 113 худаг дарагдсан буюу усны ундарга багасаж хатаж ширгэсэнд тооцогдож байна.

Цөлжилтийн төлөв байдал ба үйл ажиллагааны хүрээ

Судалгааны дүнгээр нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь их бага хэмжээгээр доройтсон бөгөөд үүнээс доройтол нэмэгдэх хандлагатай газар нутаг (дунд, хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдах) 41,9 хувийг эзэлж байна. Доройтлын зэрэг сул гэж үнэлэгдсэн нутгийн хэмжээ нийт нутгийн 37,6 хувийг эзлэх бөгөөд энэ бүс нутаг нь NDVI утгын хөдлөлзүйгээр тогтвортой хэлбэлзэлтэй буюу хур тунадас, зуншлагын байдлаас хамааран өөрчлөгдөх магадлал өндөртэй нутаг юм.

Хүснэгт. Цөлжилт, газрын доройтлын зэрэглэл, сумдын нутагт эзлэх хувиар

 

Доройтоогүй

Сул

Дунд

Хүчтэй

Нэн хүчтэй

Алтай

39.3

28.3

14.6

9.5

8.3

Баян-Уул

0.3

15.3

33.8

31.3

19.2

Бигэр

56.1

31.1

11.2

1.2

0.4

Бугат

34.0

46.7

17.3

1.3

0.7

Цээл

22.7

48.7

24.8

3.1

0.7

Чандмань

42.6

45.6

9.6

1.7

0.5

Дарив

5.3

22.4

37.4

26.9

8.0

Дэлгэр

14.2

55.2

26.5

3.8

0.3

Эрдэнэ

23.1

35.6

19.7

12.7

8.9

Есөнбулаг

8.1

30.1

38.0

21.5

2.4

Халиун

6.7

35.7

34.0

13.3

10.2

Хөх Морьт

2.3

28.4

35.0

29.0

5.2

Жаргалан

5.4

51.8

36.4

6.3

0.1

Шарга

4.6

18.4

32.3

28.8

15.9

Тайшир

3.8

58.4

34.0

2.4

1.5

Тонхил

12.0

58.0

27.8

2.0

0.1

Цогт

16.1

38.5

18.7

14.2

12.6

Төгрөг

13.3

44.1

32.7

7.5

2.5

 

Цөлжилт, газрын доройтол хүчтэй илэрсэн буюу нийт нутаг дэвсгэрийн 70-аас илүү хувь нь сулаас дээш доройтлын зэрэгт хамрагдах нутаг дэвсгэрт Хөх-Морьт, Шарга, Баян-Уул, Халиун сумд багтаж байна. Харин Жаргалан, Тайшир, Дэлгэр, Есөнбулаг, Цогт, Эрдэнэ, Алтай сумдын хувьд доройтлын нийлбэр үнэлгээг дунд зэрэгт бусад сумдад илэрсэн цөлжилт, газрын доройтол сул гэж үнэлэгдэнэ.

2030 он гэхэд Говь-Алтай аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтуудыг дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:

  • Зорилт 1: 2030 он заган ойн хомсдолгүй аймаг болсон байна.
  • Зорилт 2: Тариалангийн газрын нэгж талбайгаас авах ургацыг улсын дундажид хүргэсэн байна.  
  • Зорилт 3: Бэлчээрт ашиглагдаж буй газрын даац хэтрэлтийг 50 хувиар бууруулсан байна.
  • Зорилт 4: Газар ашиглалтын сөрөг хэлбэрүүдийн нөлөөг 30 хувиар бууруулсан байна.
  • Зорилт 5: Иргэдийн экологийн мэдлэгийг нэмэгдүүлж, байгаль хамгаалал дахь оролцоог 25 хувиар өсгөнө.

Эдгээр зорилтод хүрэхийн тулд 18 бодлогын, 23 техник арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулсан болно. 

Мэдээ оруулсан : 2020-03-16 10:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.