Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” хэмээн НҮБ-аас зарласан байдаг.
Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны энэ эмзэг асуудалд хандуулах зорилготой мөн ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг юм. 
Одоогийн байдлаар 110 гаруй оронд цөлжитийн аюулд өртөх аюул тулгараад байгаа ба дэлхийн нийт мал сүргийн тал нь хуурай бүс нутагт байна.
Энэхүү өдрийг манай улс 2007 оноос эхлэн тэмдэглэж байна. Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэх нь цөлжилтийн хор уршиг, цөлжилт үүсгэж буй шалтгаан нөхцөлүүдийн тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг нь цөлжилт болоод байгаа билээ. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгий хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 42 хувийг эзлэх бөгөөд энэ бүс нутагт нийт 1,5 тэрбум хүн оршин сууж байна. Цөлжилт, газрын доройтол нь гандуу бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй бөгөөд түүний эдийн засгийн хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрэх болжээ. Одоогийн байдлаар 110 гаруй оронд цөлжитийн аюулд өртөх аюул тулгараад байгаа ба дэлхийн нийт мал сүргийн тал нь хуурай бүс нутагт байна. Хэрэв хуурай гандуу бүс нутагт хүнсний үйлдвэрлэл уналтанд орвол дэлхийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр өсөх, нийлүүлэлт багасах аюул тулгарах болно.

Монгол Улсын хувьд өнөөгийн байдлаар, нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газрын тодорхойлолтоор манай орны газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагт хамаарагдаж байгаа нь Та биднээс ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатайг сануулж байна. Монгол орны газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараахи нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг хүний сөрөг үйлдлүүд нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн Стратегийн зорилтын хүрээнд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийг анх удаа боловсруулан 2012 онд УИХ-аар батлуулсан нь цөлжилттэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Цөлжилттэй тэмцэх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын бодит оролцоо, хувь нэмэр чухал шаардлагатай юм..

 

Мэдээ оруулсан : 2018-06-17 13:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.