Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль орчны салбарын ажилчдын уулзалт зөвлөгөөн боллоо

         Одоогоос 30 жилийн өмнө буюу БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 сарын 09-ний өдрийн 169 дүгээр зарлигаар  Монгол Улс түүхэндээ анх удаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, Байгаль орчныг хамгаалах яам нэртэйгээр үйл ажиллагаагаа түүхтэй. Байгаль орчныг хамгаалах яамыг  тухайн үеийн Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрыг түшиглэн байгуулсан гэдэг. Улмаар 1990 оны 9 сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдхүүнийг тогтоох тухай хуулиар Байгаль орчны хяналтын улсын хороо нэртэйгээр ажиллаж, 1992,  1996,  2000,  2004,  2008, 2012 онуудад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж ирсэн билээ. Одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2016  оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулийн дагуу байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг бодлогын хүрээнд удирдан үйл ажиллагаа явуулж байна.

         Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд одоогийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур орчны шинжилгээний газар (Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв, Аймаг, Нийслэлийн Ус цаг уур орчны шинжилгээний 22 газар), Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын 30 захиргаад, Усны сав газрын 21 захиргаад, Улсын төсөвт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, “Ойн судалгаа хөгжлийн төв”, Төрийн өмчит “Монгол Ус”, “Монгол Кувейтийн судалгааны төв” , “Аялал жуулчлалын хөгжлийн төв” үйлдвэрийн газрууд, Байгаль хамгаалах сан ажиллаж байгаа бөгөөд 30 жилийн ой энэ жил тохион тэмдэглэж байна.

         Энэхүү ойн хүрээнд Говь-Алтай аймгийн байгаль орчны салбарын ажилчдын баярын хурал, нэгдсэн зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хурал, нэгдсэн зөвлөгөөнд аймгийн БОАЖГ, ГИДЦГН-ийн "А" болон "Б" хэсгийн хамгаалалтын захиргаад, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, МХГ, УЦУОШГ,  Хүйсийн говь цэцэг нуурын сав газар, Сум дундын ойн ангийн ажилтан, албан хаагчид нийт 100 хүн оролцлоо.

            Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга С.Гансэлэм нээж,  БОАЖГ-ын дарга Д.Батмагнай болон ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд үг хэлж, төрийн одон медалл, яамны тэргүүний ажилтан тэмдэг, жуух бичиг, аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнагдсан хүмүүсийн шагнал гардуулах ёслол боллоо. Аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын 2017 онд хийсэн ажлын илтгэлүүд, 2018 онд хамтран хийх ажлын саналаа хэлэлцэж, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан нь цаашдын ажлын уялдаа холбоог улам сайжруулсан үр дүнтэй ажил боллоо.

 

 

 

 

 

Мэдээ оруулсан : 2017-12-21 18:29:27
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.