Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулиас-цуврал 1
 

2017 оны УИХ-ын хаврын чуулганаар буюу 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн зорилго нь Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан БОАЖ-ын яамнаас улс орон даяар “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарлаад байна. Энэхүү сарын аяныг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс шинэ хуулийг иргэд олон нийтэд хүргэх ажлын хүрээнд Хог хаягдлын тухай шинэ хуулийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуврал болгон хүргэж байна. Энэ удаагийн дугаарт төрийн захиргааны төв байгууллагуудын бүрэн эрхийг нийтэллээ.

 


Хог хаягдлын тухай хуулиас:
8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Хог хаягдлын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах;
8.1.2.хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах;
8.1.3.хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журмыг батлах;
8.1.4.аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох;
8.1.5.энэ хуулийн 8.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага болон зөвшөөрөл олгох журмыг батлах;
8.1.6.эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэлийг батлах;
8.1.7.дараахь маягтыг батлах:
8.1.7.а.аюултай хог хаягдлын дагалдах бичгийн;
8.1.7.б.аюултай хог хаягдлын үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх;
8.1.7.в.энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх;
8.1.7.г.аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааны тайлангийн;
8.1.7.д.энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагааны тайлангийн.
8.1.8.энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагыг батлах;
8.1.9.дараахь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх:
8.1.9.а.аюултай хог хаягдал үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх;
8.1.9.б.энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх;
8.1.10.энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлалыг батлах;
8.1.11.хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан зааврыг батлах;
8.1.12.хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах;
8.1.13.дахин боловсруулах боломжтой түүхий эд болон дахивар нөөцөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний таних тэмдгийн стандартыг эрх бүхий байгууллагаар батлуулах;
8.1.14.үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалтыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах.
8.2.Хог хаягдлын талаар зам тээвэр, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.2.1.тээврийн хэрэгслийн болон барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.2.2.энэ хуулийн 8.1.10-т заасан аргачлалын дагуу барилгын хог хаягдлын норматив хэмжээг тогтоох;
8.2.3.барилгын хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
8.2.4.олон улсын, улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж, төмөр замын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих.
8.3.Хог хаягдлын талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.3.1.харьяа нэгж, байгууллагынхаа хог хаягдлын менежментийг хариуцаж хяналт тавих, үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
8.3.2.эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам, аргачлал, зааврыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.3.3.эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын үйлчилгээний хөлсийг тооцох аргачлалыг батлах;
8.3.4.энэ хуулийн 8.1.10-т заасан аргачлалын дагуу эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын норматив хэмжээг тогтоох;
8.3.5.эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
8.4.Хог хаягдлын талаар боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1.энэ хуулийн 8.3.1-д заасан бүрэн эрх;
8.4.2.сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсролын агуулгыг тусгах;
8.4.3.энэ хуулийн 8.1.10-т заасан аргачлалын дагуу боловсролын байгууллагын энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох;
8.4.4.хог хаягдалтай холбоотой үүссэн бохирдлыг тогтоох, цэвэрлэх, бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах арга, технологийн талаар судалгаа хийх, дэвшилтэт технологи, арга зүйн талаар зөвлөмж боловсруулах.
8.5.Хог хаягдлын талаар батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.5.1.харьяа нэгж, байгууллагад үүссэн болон цэргийн зориулалтаар ашиглаж байсан газарт үлдсэн галт зэвсэг, сум, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, тэдгээрийн үлдэгдлийг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.5.2.энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.
8.6.Хог хаягдлын талаар уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.6.1.уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдалд хяналт тавих, үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
8.6.2.уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.6.3.энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүссэн хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.
8.7.Хог хаягдлын талаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.7.1.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтийг хангуулах;
8.7.2.энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
8.7.3.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлого боловсруулах.
8.8.Хог хаягдлын талаар эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүчний зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.8.1.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдалд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
8.8.2.хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагаанаас гарган авсан эрчим хүчний үнийн тооцоог хянах, тарифыг батлах.

Мэдээ оруулсан : 2017-06-13 10:28:47
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.