Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа

Мазаалай баавгайг хүзүүвчлэх, тоо толгойг судлах, хаврын байршил нүүдэл шилжилт хөдөлгөөн, зан байдлыг судлах маш чухал зорилго бүхий судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилд ГИДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн судлаачид болон  Олон улсын баавгай нийгэмлэгийн мэргэжилтнүүд  хамтарсан “Gobi bear project” судалгааны багийнхан гүйцэтгэв. Судалгааны ажил 2014 оны 04 сарын 21-нээс  эхлэн 05 сарын 13 хүртэл 22 хоног ажиллав. Судалгааны ажлаар мазаалай баавгайд хүзүүвч зүүх, идэш тэжээлийг судлах, үсний дээж цуглуулах, автомат зургийн аппарат байрлуулах зэрэг судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны ажлаар Шар хулсны районы Цагаан тохойгоос 2 мазаалай, Цагаан бургасны баянбүрдээс 1 мазаалай баавгай барьж сансарын болон радио дохиололт хүзүүвч зүүлээ. Тухайн баавгай бүр анх удаа баригдаж байгаа 1 эм, 2 эр баавгай байлаа.

ГИДЦГ-т цөөн тоотой үлдсэн мазаалай баавгайн тоо толгойг тодорхойлох, түүний ангилал зүйг тодорхой болгоход илүү нарийн судалгаа хийх шаардлагатай байгаа бөгөөд тэжээлийн савны тойруулж байршуулсан үсний дээж цуглуулах пост байгуулсан байдаг. Мазаалай баавгайн судалгааны ажлын үр дүнд цуглуулагдсан үсний дээжинд АНУ-ын Айдохогийн их сургуульд хийсэн генетикийн судалгаагаар мазаалай баавгай нь дэлхий дээр тархсан 13 дэд зүйл хүрэн баавгайнаас  генетикийн хувьд ялгаатай 14 дэхь дэд зүйл болох урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Мазаалай баавгай хүрэн 14 дэд зүйл хэмээн батлагдвал мазаалай бол дэлхийн баавгайн төрөл зүйл маш чухал байр эзлэх болно.

Мазаалайн тархац нутгийн орчимд мазаалайн баас 20 орчим цуглуулж, түүний идэш тэжээлд өнгөц анализ хийж үзэв. Баасны тохиолдоц баянбүрдүүдийн ус орчим, гүйдэл ихтэй сайр, тэжээлийн цэгийн ойролцоо, бажууна тархах аараг, бэсрэг уулсын биед илүү байлаа. Хэт хуучин баас нь генетик судлагаа болон бусад анализ хийх дээжийн шаардлага хангахгүй.  Цуглуулсан бүх баасыг өнгөц ажиглахад идсэн тэжээлийн бүрэлдэхүүнд амьтны гаралтай үс, арьс ихээр тохиолдов. Уст цэгийн ойролцоо хавтгай тэмээ, хар сүүлтий зээр зэрэг амьтны сэг идсэн байх магадлалтай. Хавцгайтын нурууны уст цэгийн ойролцоох баасны дээжнээс хятад үсэгтэй цаасан хайрцагны үлдэгдэл илэрсэн. Энэ мазаалай баавгай идэш тэжээл дутагдан өлсгөлөн байгааг илтгэж байна. Судалгааны ажлын үед баянбүрдүүдийн орчимд энэ зүйл баавгайн идэш тэжээлд чухал байр суурь эзлэх бажууна/rheum nanum/, хөмөл/allum mongulica/, баглуур (Anabasis brevifolia), зээргэнэт (Ephedra Przewalski), хармагны(Nitraria roborovskii)  зэрэг ургамал популяци тун цөөн ажиглагдаж байв.

Мэдээ оруулсан : 2014-10-08 14:33:18
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.