Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ХӨХМОРЬТ СУМЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА.

 

         Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна.

         Өнөөгийн үйдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандалгаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна.

       Иймд Нэгдсэн үндэсний байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар дээрхи тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохирсон ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, ногоон өсөлтийн үзэл баримтлалыг дэвшүүлэн гаргаж тогтвортой хөгжлийг бий болгон ажиллахыг зөвлөсөн байна. 

       Дэлхийн улс орнуудын нэгэн адил тогтвортой хөгжих зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг батлан гаргаж мөрдлөг болгон ажиллаж байна.

        Үүнтэй уялдуулан аймгийн Байгаль орчны мастар төлөвлөгөө болон эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд туссан Хөхморьт сумыг цөлжилттэй тэмцэх загвар сумаар сонгож зөв зохистой менежментийг  нэврүүлэх ажлын хүрээнд Хөхморьт сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг Дэлхийн байгаль хамгаалах сангийн захиалгаар Ховд  их сургуулийн харъяа Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг боловсруулж байна.

           Судалгааны баг нь Хөхморьт сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа сумын тогтвортой хөгжлийн өнөөгийн байдал болон бодлогын баримт бичиг, төсвийн хөрөнгө оруулалтад тогтвортой хөгжлийн шалгуураар шинжилгээг тус тус хийсэн байна.

      Сумын тогтвортой хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагын талаарх судалгааны үр дүн, түүнд үндэслэсэн сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний төслийг танилцуулж иргэд, ААН, төрийн захиргааны байгууллага болон ИТХ-ийн гишүүдийн саналыг авах хэлэлцүүлгийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр Хөхморьт сумд зохион байгууллаа.

         Хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга мэргэжилтнүүд оролцож төлөвлөгөөний төсөлд саналаа өгч аймгийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан сайжруулах шаардлагатайг дурьдаж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

 

Мэдээ оруулсан : 2017-05-01 09:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.