Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
"Хоггүй цэвэр-Алтай" дэд хөтөлбөрийн төсөлд санал авч байна

“ХОГГҮЙ ЦЭВЭР АЛТАЙ” ДЭД ХӨТӨЛБӨР

/төсөл/

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ, ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

1.1.Нийтлэг үндэслэл

Хот суурин газарт сүүлийн жилүүдэд хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэний улмаас орчны агаар, ус, хөрс их хэмжээгээр бохирдож байгаагийн дотор амьдралын нөхцөлийг доройтуулж, орчныг бохирдуулж буй гол хүчин зүйл нь хог хаягдал болоод байна. Харин энэ хог хаягдлын асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж, хог хаягдлыг бууруулах, эргүүлэн ашиглах, боловсруулах арга хэмжээ авч, хог хаягдлын гаралтыг багасгаж, байгаль орчныг бохирдолтоос сэргийлэх, элдэв хортой нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал өнөө үед тулгамдаад байна.

Аймгийн хэмжээнд хог хаягдлын нэгдсэн менежментийн тогтолцоо төлөвшөөгүй, хатуу хог хаягдлыг ил задгай хамаагүй хаядаг, тогтмол хугацаанд татан зайлуулдаггүй, зөвхөн газарт дарж булах аргаар устгадаг, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүй, хог хаягдлын цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэрэг олон тулгамдсан асуудлууд байна.  

Иймд хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргаж, хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, бохирдуулагч нь төлбөр төлөх, 3R (бууруулах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах) зарчимд тулгуурлан иргэдийн сэтгэлгээг өөрчилж, ухамсрыг дээшлүүлэх, хог хаягдлыг зайлуулах арга хэмжээг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, бүх нийтийн оролцоотойгоор хог хаягдлыг бууруулж, цэвэр эрүүл орчинг бүрдүүлэх чиглэлээр зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

“Хоггүй цэвэрхэн Алтай” дэд хөтөлбөр нь аймгийн хэмжээнд хог хаягдлын зохистой менежментийг бий болгох, хог хаягдлыг бууруулах талаар 2017-2020 онд хэрэгжүүлэх ажлын чиглэл, арга замыг тодорхойлсон дунд хугацааны баримт бичиг юм.

1.2.Өнөөгийн нөхцөл байдал

1.2.1.Газарзүйн байршил: Говь-Алтай аймаг нь Монгол улсдаа газар нутгийнхаа хэмжээгээр 2 дугаарт буюу Өмнөговь аймгийн дараа ордог бөгөөд Монгол орны баруун урд хэсэгт орших 141.4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хойд талаараа Завхан, зүүн талаараа Баянхонгор, баруун талаараа Ховд аймаг, өмнөд хэсгээрээ БНХАУ-тай тус тус хиллэдэг. Аймгийн төв Алтай хот нь Улаанбаатар хотоос 1001 км алслагдсан, бусад аймгуудын төвөөс Алтай хот нь хамгийн өндөрт өргөгдсөн бөгөөд далайн түвшнээс дээш 2181м, ойролцоогоор Богд хан уулын оройтой тэнцэхүйц хэмжээний өндөрт оршдог. Бусад бүсээс ялгаатай нь говь, хангай хосолсон өргөн уудам нутагтай далайн түвшнээс дээш 721-4070 метр өндөрт, газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг,уул, тал,хөндий, уужимговь, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэдь оршино.Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Засаг захиргааны 18 сум, 2 тосгон, 87 багтай.

1.2.2.Уур амьсгал: Эх газрын эрс тэс уур амьсгалтай учир цаг агаарын гамшигт үзэгдэл тохиолдох нь элбэг, эдийн засаг нь байгаль, цаг уурын нөхцөлөөс хараат байдаг. Тус аймагт өндөр уулын, тал хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн, тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын хормойн хэсэгт бүрэлджээ. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд дунджилсан агаарын олон жилийн дундаж температур 1.08°С байна. Харин аймгийн хур тунадасны хувьд жилд дунджаар  Алтайн нурууны салбар уулс, Сутай, Хантайшир, Гичгэний нуруугаар 120-250мм, Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой болон Алтайн өвөр говиор 40-120 мм орчим тунадас унадаг бөгөөд жилийн нийт хур тунадасны 85 орчим хувь нь дулааны улиралд буюу 4-9-р сар түүнээс зөвхөн 6-8-р сард 66.2 хувь нь ордог байна. Жилийн дундаж салхины хурд 2-5м/c хүрдэг бөгөөд шороон шуурга ууландаа жилд дунджаар 35-37, говьд 56-59 өдөр шуурдаг.

            1.2.3.Хүн ам: Тус аймагт 16.3 мянган өрхөд 56.7 мянган хүн амьдарч байгаагаас 5053 өрх аймгийн төвд, 306 өрх тосгонд, 3900 өрх сумын төвд, 6995 өрх хөдөө амьдарч байна. Аймгийн нийт хүн амын 30.2 хувь буюу 17.1 мянга нь  аймгийн төвд, 25.2 хувь  буюу 14.3 мйнга нь сумын төвд, 43 хувь буюу 24.4 хувь нь хөдөө, 1.6 хувь буюу 0.9 мянга нь тосгонд амьдарч байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 1,0 хувьтай, дундаж наслалт 67.87 байна.

1.2.4.Боловсролын салбар: Сургуулийн өмнөх боловсролын 28 цэцэрлэгийн 139 бүлэгт 4538 хүүхэд хүмүүжиж байгаагаас 3498 нь цэцэрлэгийн ангид, 1040 нь хувилбарт сургалтаар суралцаж байна. Тус салбарт 484 хүн ажиллаж байгаа бөгөөд 28 цэцэрлэгээс стандартын 22, стандартын бус 8 цэцэрлэгийн барилга 2410 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2015-2016 оны хичээлийн жилд төрийн 27, хувийн өмчийн 1 нийт 28 сургуульд өдрийн ангийн  481  бүлэгт 11430, эчнээгээр 110,  дүйцсэн хөтөлбөрөөр  508, нийт 12048 суралцагч суралцаж байна.

Баруун бүс нутгийг эмч, эмнэлгийн мэргэжилтнээр хангах зорилготой Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн аймаг дахь салбар сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд 974 оюутан суралцаж байна.

1.2.5.Эрүүл мэндийн салбар: Тус аймагт эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг,  Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, сум дундын эмнэлэг 3, сумын эрүүл мэндийн төв-14, тосгоны эрүүл мэндийн төв 2,  багийн эмнэлэг 2, өрхийн эрүүл мэндийн төв 3, ортой хувийн эмнэлэг 3, үүдэн эмнэлэг 12, эмийн сан 10, эм ханган нийлүүлэх байгууллага 2, хувийн лаборатори 1, хортон устгах, халдваргүйтгэл, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж 1, нийт 57 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

          Эрүүл мэндийн салбарт 172 их эмч, 20 эм зүйч, сувилагч бага эмч, эм найруулагч, бусад дунд мэргэжилтэн 505, бусад дээд мэргэжилтэн 58, бусад ажиллагсад 301, нийт 1076 хүн ажиллаж байна.

1.2.6.Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар: Мал аж ахуйн салбарт 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3497.5 мянган толгой мал тоологдсоноос адуу 106.8 мянга, үхэр 71.1 мянга, тэмээ 38.5 мянга, хонь 1107.1 мянга, ямаа 2173.9 мянган толгой мал тус тус тоологдсон байна. Энэ нь өмнөх оноос адуу 20.8 хувиар, үхэр 20.9 хувиар, тэмээ 1.1 хувиар, хонь 21.8 хувиар, ямаа 18.7 хувиар өссөн дүнтэй байна.

Малтай 9932 өрх байгаагийн 6903 нь малчин өрх байна. Малчин өрхөөс цахилгааны эх үүсвэртэй өрх 6.1 мянга, сансрын антеннтай өрх 5.0 мянга, телевизортой өрх 5.3 мянга, радиотой өрх 2.6 мянга, гар утастай өрх 5.8 мянга байна.

Тус аймагт 17 услалтын системийг түшиглэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэдэг бөгөөд нийтдээ 4230 га талбайг ашиглах боломжтойгоос, 2016 онд үр тариа 525.3 тн, төмс 633.1 тн, хүнсний бусад ногоо 468.8 тн, малын тэжээлийн ургамал 1479 тн-г тус тус хураасан байна. Мөн 5169.3 тн байгалийн хадлан, 283.2 тн гар тэжээл, 2879.5 тн хужир шүү тус тус бэлтгэсэн.

 Манай аймагт Мандал-Хүдэр, Алтай-Улиастай Эрчим хүчний үйлдвэр, Тулга-Алтай, Ентүм, Ундарга-Эх, Ундрам-Оюу, Баярт-Олон, Залуур-Алтай, Залуур-Өргөө, Оюу-Бейкери, Хүслийн наран зэрэг аж ахуйн нэгж 58, хувиараа аж ахуй эрхэлдэг 206 хувь хүмүүс үйлдвэрлэл эрхэлж байна. Дээрх иргэн, аж ахуйн нэгжүүд  нь цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл, нүүр болон хүдэр олборлолт, гутал хувцас, архи дарс, ус, ундаа жүүс, талх нарийн боов, хиаман төрлийн бүтээгдэхүүн, банш бууз, сүү, сүүн бүтээгдэхүүн, арвайн гурил, хуванцар цонх, хаалт, тоосго, блок зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 

1.2.7.Дэд бүтэц: АУЭХС ТӨХК-ий цахилгаан дамжуулах сүлжээ ББЭХСистем, Есөнбулаг эрчим хүч дизель цахилгаан станц, Тайшир Гуулин УЦС нь зундаа 5,6 мв, өвөлдөө 12,6 мв хүчин чадалтай эх үүсвэрээр тус аймаг болон завхан аймгийн төв бүх сумдын нийт 20000 гаруй өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Алтай сум Баянтоорой тосгоны 500 орчим өрх айл, 62 аж ахуй нэгж байгууллагыг сэргээгдэх эрчим хүчийг дизель станцтай хослуулан хоногт 10-16 цаг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

            Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Аяны зам-Алтай” хоршоо, “Бид-Анд” ХХК-ий гэрээт жолооч нар Алтай-Улаанбаатар-Алтай чиглэлд өдөр бүр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

            Алтай-Ховд чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил,  Алтай - Баянхонгор чиглэлийн  265 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлаас 126.7 км авто замын ажил хийгдэж байгаа бөгөөд аймгийн төвөөс сумдруу, сумаас сумруу шороон болон сайжруулсан замтай. Аймгийн төвд  13,576 км зам асфальт,бетон хучилттай, шинээр нэмж 5,1 км замыг асфальт,бетоноор хучих шаардлагатай байна.

            1.2.8. Хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал: Аймгийн 18 сум 2 тосгонд ашиглаж байгаа 23, ашиглагдахаа больсон 4 хогийн цэг байна. Хогийн цэгүүд нь төв суурин газраас 1-6,5 км зайтай байрладаг, хог хаягдлын үйлчилгээний хураамж айл өрхөд 500-6000, аж ахуйн нэгжид 1000-10000, байгууллагад 2000-20000 төгрөгний хооронд хэлбэлзэж байна. Хог хаягдлын үйлчилгээний хураамж сумдын татварын орлогод орж, хог тээврийн үйлчилгээг орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөр болон орон нутгийн төсвөөөс санхүүжүүлж байна. Аймгийн төвийн хувьд хог тээврийн үйлчилгээг Алтай хотын тохижилт үйлчилгээний газар хариуцаж, бусад сумд ЗДТГ болон тамгын газартай гэрээ байгуулсан иргэд хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн төвд 1,5 тн даацтай 4, 2,5 тн даацтай 3, бусад сумдад 1-4 тн даацтай 1-2 машин ашиглагдаж, нийт 27 машиныг хог тээвэрт ашиглаж байна. Алтай хотын хог тээврийн үйлчилгээнд жолооч 8, ачигч 5, бусад сумдад ачигч, жолооч 1-2 хүн ажиллаж, айл өрхийн хогийг аймгийн төвд 2-4 сард нэг удаа, бусад сумдад сард 1-2 удаа хогийн цэгт төвлөрүүлж байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлах хогийн савны тухайд аймгийн төвд хогийн сав 75, бункер 22, бусад сумдад хогийн сав 0-20, бункер 0-8 ширхэг хэмжээтэй байгаа бөгөөд аймгийн хэмжээнд ландфиллийн аргаар тохижуулсан хогийн цэг 1, хур хог хаягдалтай сум 5 байна. 

            Аюултай хог хаягдлын тусгай цэгтэй сум байхгүй. Бүх сумын хүн эмнэлэг автоклавтай болсон боловч тогны хүчдэл хүрдэггүй учраас автоклав ашигладаггүй, аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн эмнэлэгүүд нэгдсэн эмнэлэгтэй хог хаягдлын гэрээтэй ажилладаг.

            1.2.9.Алтай хотын тохижилт үйлчилгээний газар: Хантайшир хийдийн Артель нэртэйгээр лам нарын хороо, түүний ойролцоо гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тохижуулах чиглэлээр 1938 онд анх суурь нь тавигдаж эхэлсэн түүхтэй. 1940 онд аймаг байгуулагдахад Артель нэртэйгээр үйл ажиллагааныхаа ерөнхий чигийг хадгалж үйл ажиллагаа явуулж байгаад 1986 оноос Алтай хотын захиргааны дэргэдэх хот тохижуулах анги болон өргөжсөн. 2006 оноос “Алтайн жавхлант” ОНӨААТҮГ болж, 2013 оноос Алтай хотын тохижилт үйлчилгээний газар болж нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгалын цэвэрлэгээ арчилгаа, хамгаалалт, гэрэлтүүлэг, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хотын тохижилт, ногоон байгууламж түүний хайс хамгаалалт, усалгаа арчилгаа, хог тээвэр, хогийн цэгийг хариуцан орон нутгийн төсвөөс санхүүжин ажиллаж байна. Тус газар нь дарга, нягтлан бодогч, аж ахуйн нярав, бичиг хэрэг, хот тохижилт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, ногоон байгууламжийн усалгааны жолооч, ландфиллийн мэргэжилтэн, хог тээврийн зохицуулагч, автомеханик тус бүр нэг, сахиул 6, зам талбайн үйлчлэгч 10, орлогын байцаагч 2, ачигч 5, жолооч 8, нийт 39 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Хог тээврийн үйлчилгээнд 2,5 тн даацтай автомашин 3, 1,5 тн даацтай автомашин 4, ковш 3, түрдэг ухдаг трактор 1, ногоон бабйгууламжийн усалгаанд 5 тн даацтай автомашин 1-г ашиглаж байна. 

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

2.1. Зорилго: Аймгийн хатуу хог хаягдлын зохистой менежментийг төлөвшүүлэх замаар “Хоггүй цэвэр-Алтай” болоход энэхүү төлөвлөгөөний гол зорилго оршино. 

2.2. Зорилт: Тус менежментийн төлөвлөгөөний хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1.Хог хаягдлын удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно

2.2.2.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, зайлуулах үйл ажиллагааг сайжруулж, хогийн цэгүүдийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тохижуулах цогц арга хэмжээ авна

2.2.3.Хог хаягдлыг дахин боловсруулж, хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хаягдлын хэмжээг бууруулна

2.2.4.Аюултай хог хаягдлыг байгаль орчинд хал багатайгаар зайлуулж, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ

2.2.5.Эзэнгүй хог хаягдлын хэмжээг бууруулна

2.2.6.Хүн амд ногоон хэрэглээний соёл, амьдрах орчны эрүүл ахуйн зөв дадлыг төлөвшүүлэх арга хэмжээ авна

ГУРАВ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1.Удирдлага, зохион байгуулалт: Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар аймгийн Засаг дарга хангаж, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллээр хангах, шаадрлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хийлгэх, хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах үүргийг аймгийн хэмжээнд Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв болон бусад холбогдох байгууллагууд хүлээж, сумын түвшинд тухайн шатны Засаг дарга хариуцан ажиллана.

3.2. Хэрэгжүүлэх хугацаа: Энэхүү дэд хөтөлбөрийг 2017 оноос 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.

3.3. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим: Тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

а/ Байгаль орчныг хамгаалах бусад үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө болон орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх;

б/ Менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцуулах, хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах;

в/ Хүн ам ихээр төвлөрөн суурьшсан төв суурин газрын хог хаягдлыг бууруулахад түлхүү анхаарч, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг бүрэн төвлөрүүлэх;

г/ Хог тээврийн үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлж, хог тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх;

д/ Судалгаа шинжилгээ болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаанд гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх;

е/ Жил бүрийн төсөвт дөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг тусгаж ажиллах;

ё/ Сумын Засаг дарга нар аймгийн Засаг даргатай байгуулдаг үр дүнгийн гэрээндээ тус дэд хөтөлбөрөөс холбогдох ажлуудыг тусган ажиллах;

ж/ Төлөвлөгөөг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх;

3.4. САНХҮҮЖИЛТ: дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, дараах эх үүсвэрүүдээс санхүүжүүлнэ. Үүнд:

а/ Улс, орон нутгийн төсөв

б/ Хог хаягдлын үйлчилгээний хураамж

в/ Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардал

г/Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө

д/ Аж ахуйн нэгж, байгууллагаас гаргах хөрөнгө

е/Бусад эх үүсвэр орно.

ДӨРӨВ. ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1. Дэд хөтөлбөрийн 2.2.1-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1. Хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

4.1.2. Хог хаягдлын тооллого, судалгаа хийж, хог хаягдлын мэдээллийн сан үүсгэх;

4.1.3. Хог хаягдлын менежментийн тогтвортой санхүүжилтийн орчин бий болгох;

4.1.4. Хог хаягдлын менежментэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;

4.1.5. Хог хаягдлын хяналтыг сайжруулж, иргэн, аж ахуйн нэгж, багууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх;

4.2. Дэд хөтөлбөрийн 2.2.2-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, татан зайлуулах машин механизмыг хүртээмжтэй болгох

4.2.2. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, татан зайлуулах үйл ажиллагааг хялбарчлах, боловсронгуй болгох арга хэмжээ авах

4.2.3. Төв суурин газруудын төвлөрсөн хогийн цэгийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, шинээр байгуулах, өргөтгөх;

4.3. Хөтөлбөрийн 2.2.3-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.3.1. Дахин боловсруулах хог хаягдлыг ангилан ялгаж хэвших арга хэмжээ авах;

4.3.2.Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, цех байгуулах;

4.3.3. Дахин боловсруулах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрүүлэх цогц арга хэмжээ авах;

            4.4. Хөтөлбөрийн 2.2.4-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.4.1. Аюултай хог хаягдал, хөрс, усны бохирдлын тооллого, судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэн, хяналт, шинжилгээ, судалгаа хийхэд шаардлагатай техник, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулах;

4.4.2. Хүн эмнэлэг болон мал эмнэлэгийн аюултай хог хаягдлыг хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд халгүй аргаар зайлуулах, бохирдсон хөрс, усыг саармагжүүлэх, халдваргүйжүүлэх, цэвэршүүлэх арга хэмжээ авах;

4.5. Хөтөлбөрийн 2.2.5-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.5.1. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг бууруулах;

4.5.2. Хуримтлагдсан хур хог хаягдлыг бууруулж, ашиглагдахгүй байгаа хогийн цэгүүдийг байгальд ээлтэй аргаар дарж булах;

4.6. Хөтөлбөрийн 2.2.6-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.6.1. Хог хаягдлыг бууруулах, амьдрах орчноо цэвэрлэж тохижуулах чиглэлээр нийтийг хамарсан компанит ажлуудыг зохион байгуулах;

4.6.2. Хог хаягдлын чиглэлээр иргэд, олон нийтэд зөв дадал, зуршил төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны олон талт арга хэмжээ авах;

4.6.3. Аюултай хог хаягдлын талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

ТАВ. ГАРАХ ҮР ДҮН, ТҮҮНИЙГ ТАЙЛАГНАХ

5.1. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр хог хаягдлын зохистой менежментийн эхлэл тавигдаж, хот суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 10-аас доошгүй хувийг эргүүлэн ашиглах, хог хаягдлын мэдээллийн сантай болж, аюултай хог хаягдал хуримтлагдахаас сэргийлэх нөхцөл бүрдсэн байна.

5.2. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 2020 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана.

 

-оОо-

Мэдээ оруулсан : 2017-04-14 16:07:38
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.