Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ITM-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо
Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цэнгэл, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр, үзэсгэлэнгийн түнш Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог төлөөлөгч нар тууз хайчилснаар үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Үзэсгэлэн 3 өдөр үргэлжилсэн эхний өдөр хаалттай болж зөвхөн оролцогчид, урилга, мандаттай мэргэжлийнхэн, хэвлэл мэдээллийн ажилтнууд 1000 гаруй, сүүлийн 2 өдөр нээлттэй болж давхардсан тоогоор 8000 гаруй хүн үзэж сонирхолоо. Энэ жилийн хурлын танхимд болсон арга хэмжээг уулзалт, хэлэлцүүлэг, шинэ бүтээгдэхүүний арга хэмжээ хэлбэрээр дараах сэдвүүдээр явагдлаа. -Гааль ба аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагаа -Хил орчмын орон нутгийн аймаг орон нутгийн мэргэжилтэн, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн дунд “Хил орчмын аялал жуулчлал” -ОУ-ын стандартад нийцсэн даатгалын үйлчилгээг аялал жуулчлалын салбарт оруулах -Жуулчны баазын менежмент -Бүс нутгийн брэнд хөгжүүлэх боломж -Гайхамшигт говийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга Уг үзэсгэлэнд нийт 289 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилан оролцсоноос Говь-Алтай аймгийг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жавзмаа аймгаа болон аялал жуулчлалын нөөц боломж, маршрут, аймгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах түнштэй холбоо тогтоох, Гэгээн нуур, Ээж хайрхан уул орчимд аялал жуулчлал хөгжүүлэх бизнес төлөвлөгөөг зорилготой оролцлоо. Тус үзэсгэлэнгийн үеэр аймгийн аялал жуулчлалын газрын зураг-300 ш, аялал жуулчлалын танилцуулга-300 ширхэгийг сурталчилгаа болгон тараан ажиллалаа. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль, Монголын маркетинг менежментийн хүрээлэн, Cycling World,Нууц товчоо ХХК, Нью жуулчин турс, ETI travel зэрэг компаниудтай жуулчны урсгалыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх тал дээр хамтран ажиллахаар холбоо тогтоолоо. Энэ удаагийн үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгаар Ховд аймаг бизнес эрхлэгчид, урлаг соёлын томоохон бүрэлдэхүүнтэй оролцсон ирэх жилийн түнш аймгаар Завхан аймаг ажиллахаар боллоо. Үзэсгэлэнгийн 2 дахь өдөр үзэсгэлэнд зориулсан хүлээн авалт MIRAGE ресторанд болж уг хүлээн авалтанд үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд, бие төлөөлөгч нар, БОНХАЖЯамны зөвлөх, АЖБЗГазрынхан, аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын төлөөлөл, Авиа компани зэрэг аялал жуулчлалын салбарт хамтран ажилладаг бүх газрын төлөөлөл нийт 400 гаруй хүн оролцлоо. Үзэсгэлэнд оролцогч байгууллага, аж ахуй нэгж, компаниуд хойд, урд хөрш орны аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагуудтай харилцан туршлага солилцон, бизнесийн шинэ түнштэй болж, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аялалын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлага, шинэ сүлжээ зочид буудлуудын танилцуулга зэрэгтэй танилцлаа. Аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг ч мөн олгосон онцлог ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Уг үйл явдалтай хобогдуулан баруун аймгуудын аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид баруун бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг Завхан аймагт хийх санал дэвшүүллээ. Мэдээ оруулсан : 2017-04-12 14:43:23
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.