Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Бэлчээрийн менежментийн хөтөлбөрийн 2 үе шатны хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

       Бэлчээрийг доройтохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, сайжруулахын тулд бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох асуудал Монгол мал” үндэсний хөтөлбөр(2010), Монгол улсын баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр (2006-2015), Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөр (2007-2015) зэрэг бодлогын баримт бичигт тусгалаа олсон боловч тэдгээрийн хэрэгжилт бэлчээрийн экосистемд тулгараад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сан, Mercy corрs ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн хэмжээнд “БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР /2012-2023 он/” –ийг боловсруулж  аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар  2011 оны 10/10 дугаарын  тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн ажиллаж  байна.

       Тус хөтөлбөрийг боловсруулан батлуулж ажилласнаар манай аймаг нь Улсын хэмжээнд анх удаа аймгийн бэлчээрийн бодлогын баримт бичиг гаргаргасан аймаг болсон юм.

         

        Бэлчээрийн  менежментийн хөтөлбөр нь:

1.    Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, орон нутгийн бодлого, эдийн засаг, бүтэцзохион байгуулалтын таатай орчин бий болгох

2.    Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн тулгуур болсон бэлчээрийн мэдээллийн системийг төгөлдөржүүлж, төлөвлөлт шийдвэр гаргахад бүрэн ашигладаг болох

3.    Зохион байгуулалтанд орсон малчдын бүлэг, нөхөрлөлд суурилсан бэлчээрийн зохистой ашиглалтын тэргүүн туршлагыг бий болгон дэлгэрүүлэх

4.    Сум дундын болон сумын отрын бүс нутгийг нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч мал аж ахуйг эрсдлээс хамгаалах зорилгоор цаг хүндэрсэн үед ашиглах

5.    Бэлчээрийн усжуулалт хийх, гадаргын усны нөөцийн зохистой ашиглалтыг сайжруулах.

6. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох гэсэн 6 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2 үе шат /2014-2018 он/-ны хэрэгжилтийг ханган ажиллаж байна.   

       Тус ажлын хүрээнд мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг хангах, эрсдлээс хамгаалах, цаг хүндэрсэн үед ашиглах зорилгоор тогтоосон отрын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, ашиглалтын журам боловсруулах удирдамжийн дагуу аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Пүрэвсэдээр ахлуулсан гишүүд болох ХХААГ-ын мэргэжилтэн Э.Пүрэвдорж, БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн захирал Д.Байгалмаа, ажилтан н.Нямдулам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шарга, Дарив, Тонхил сумдад  2017 оны 03 дугаар сарын 28-наас 30-ний өдрийг хүртэл 3 хоног ажиллалаа.

          Удирдамжинд заасан ажлын хүрээнд Шарга, Дарив, Тонхил сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нар, сумын бэлчээрийн ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийж “Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал сэдвээр танилцуулга хийж сум орон нутгийн зүгээс отрын бүс нутгийн ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдлыг тодруулан асууж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэн ажиллалаа.

 

 

Мэдээ оруулсан : 2017-03-31 15:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.