Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Эх дэлхийн цагт 6 дахь жилдээ нэгдлээ

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эрчмийг сааруулахад хүн бүр хувь нэмрээ оруулахаар дэлхий даяар нэг өдөр, нэг цагт зэрэг зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Алтай хот 6 дахь жилдээ нэгдлээ. Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Залуус клубууд хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эрчмийг сааруулахад миний оруулах хувь нэмэр” сэдэвт уран илтгэлийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан. Уран илтгэлийн уралдаанд 8 сурагч материалаа ирүүлсэнээс 7 сурагч илтгэлээ тавьж орлцсон бөгөөд уралдааныг 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгч шүүж, 0-5 оноогоор дүгнэн эхний 3 байрыг шалгарууллаа. Уранлдаанд улсын тэргүүний лабортори 1-р сургуулийн 10-А ангийн сурагч Д.Бун-Эрдэнэ 217 оноогоор 1-р байр, төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит 2-р сургуулийн 12-В ангийн сурагч М.Маралмаа 207 оноогоор 2-р байр, улсын тэргүүний лабортори 1-р сургуулийн 12-Е ангийн сурагч Г.Сосорбарам 205 оноогоо 3-р байрыг тус тус эзэлсэн байна. Шагналыг эх дэлхийн цаг арга хэмжээний үеэр гардуулан өглөө.

Эх дэлхийн цаг-2017 арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, БОАЖГ-ын дарга Д.Батмагнай нар үг хэлж, ХШҮДАХ-ийн дарга П.Баасан, УЦУОШГ-ын дарга н.Эрдэнэбаяр нар оролцлоо. Арга хэмжээнд Алтай хотын 600 гаруй иргэд нэгдэж, “Эх дэлхийдээ өгөх миний амлалт” нэртэй самбарт дараа жилийн эх дэлхийн цаг хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажил, өөртөө хэвшүүлэх зөв дадал, зуршил зэрэг амлалтуудыг бичиж, нэгдэж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурцгаалаа. Ирэх жил амлалтын мөрөөр сурвалжлага хийж орон нутгийн телевизээр нэвтрүүлэх бөгөөд дараа дараагийн эх дэлхийн цагуудын хүрээнд бодитой ажил хийхээр зорьж, энэ удаагийн амлалтын самбараар эхлэлийг нь тавьлаа.

Мөн Залуус клубын залуучууд эх дэлхийн цагт нэгдэхээр ирсэн иргэдийн нүүрэн дээр “60+”-г зурж өгч, иргэдийн дунд ухуулга сурталчилгааны ажлыг хийлээ.

“Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эрчмийг сааруулахад миний оруулах хувь нэмэр” сэдэвт уран илтгэлийн уралдааны нэгдүгээр байранд орсон сурагч Д.Бун-Эрдэнэ илтгэлээ тавьсан нь зөв мессежийг иргэдэд хүргэж, арга хэмжээний бас нэгэн чимэг болж өглөө.

Түүнчлэн АДБАЧ-ын дуучид, Янзган хүрээ хамтлаг, Хишигтэн хамтлаг, сурагчид ая дуугаа өргөн, бүжиглэж ирсэн олныг баясгахын зэрэгцээ хөтлөгчөөр дамжуулан иргэдэд байгаль орчинд ээлтэй зөв дадал, зуршлын месежийг хүргэлээ.

Мэдээ оруулсан : 2017-03-27 17:39:37
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.