Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2014 оны 03 сард байгаль хамгаалагчдын сургалт, семинарыг нээж хэлсэн үг

Байгаль орчны газраас 2013 онд хэрэгжүүлсэн ажлууд,

 2014 оны зорилго, зорилт

2014.03.04                                                                                                                                                                                                                                                                                                                                           Алтай хот

Сайн байцгаана уу.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчин доройтох үзэгдэл нь улс орны төдийгүй, бүс нутаг, дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон асуудал болоод байна. Төв азийн хуурай гандуу уур амьсгалтай, ихэнхидээ говь цөлийн эмзэг хөрстэй манай нутагт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж нөөц баялгийг нь зүй зохистой ашиглан байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах нь өнөөгийн тулгамдсан зорилтын нэг болж байгаа билээ.

Байгаль хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай  үйлсийн тэргүүн эгнээнд явдаг байгаль хамгаалагчид өнөөдөр 2013 оны ажлынхаа дүнг хэлэлцэж 2014 оны зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт, семинар зохион байгуулах гэж байна.

Тус газраас 2013 оны бодлого, үйл ажиллагаагаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж ирлээ. 

Дээрх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөвлөгөөг хангах ажлыг зохион байгуулахдаа нэг талаас байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөгөө талаас байгаль орчныг бохирдуулах, доройтуулахаас сэргийлэх асуудлуудын харьцааг зөв хангахад удирдлага зохион байгуулалтыг чиглүүлж ажиллав.

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны газар нь  2013 онд  удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 28, үйлчилгээний ажилтан 5, төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх харуул, хамгаалалтын ажилтан  4, нийт 38 орон тоотой ажиллаж орон нутгийн төсвөөс 314095,4 мянган төгрөгийн санхүүжилт авч, 1066,0 мянган төгрөгийн өөрийн орлого олж орлогийн төлөвлөгөөг 96,9  хувиар биелүүлж ажиллалаа.

Байгаль орчны салбарт бүтээгдэхүүн нийлүүлэх санхүүжүүлэх талаар аймгийн Засаг даргатай ерөнхий менежерийн байгуулсан гэрээнд тухайн жилд нийлүүлэх 102, тусгай захиалгат 9, манлайлалын 6, нийт  117 бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээнд тусган ажиллаж гэрээний биелэлт 95.8 хувьтай дүгнэгдлээ.

Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч   БОНХСайдын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн талаар байгуулсан гэрээг 96,6 хувьтай  хэрэгжүүлэн ажиллалаа.

Хэрэгжүүлэх ажлыг хугацаа алдан зохион байгуулсан, төлөвлөлт оновчгүй байсан зэргээс шалтгаалан Аймгийн агаарын чанарыг сайжруулах дэд хөтөлбөр батлуулах, агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд тасарч энэ онд үргэлжлэн  хэрэгжүүлэхээр болоод байна.

Энэ оноос эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон бусад төлөвлөгөөний хэрэгжилтийг мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээнд тусгаж, хэрэгжих хугацааг зааж баталж мөрдөх ба хугацаа хожимдуулах, тасарсан тохиолдолд үр дүнгийн онооноос хасаж тооцох  болно.

Байгаль хамгаалагчид ч тайлан, мэдээг цаг хугацаанд нь гаргаж ирүүлэхгүй байгаагаас нэгдсэн тайлан, мэдээг гаргахад ихээхэн хүндрэл учруулж байна. Тухайлбал: Шарга, Дарви, Цогт сумын байгаль хамгаалагчид улирал, жилийн тайлангаа хоцроодог, алдаг оног ирүүлдэг дутагдал давтагдсаар байгааг зогсоох шаардлагатай.

Байгаль орчны салбарын хэмжээнд 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, тусгайлан төлөвлөгөө гаргаж удирдлага зохион байгуулалтыг төвлөрүүлэн сумдын  үйл ажиллагааг уялдуулан ажилласан.

            Байгаль хамгаалагчдыг чадавхижуулах ажлын хүрээнд зөвхөн байгаль хамгаалагчаар хязгаарлахгүй байгаль орчны багц хуулиар үүрэг хүлээсэн сум, багийн Засаг дарга нар, байгаль орчны хяналтын байцаагчид, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг хамруулан 3 удаагийн сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

            2013 онд сум дундын ойн ангийг шинээр байгуулан мод үржүүлэх газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинээр байгуулах арга хэмжээ авч 8000 ширхэг тарьц, суулгац үржүүлсэн байна.  

Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр болон ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 23 гад ойжуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн боловч 18 га-д ойжуулалт хийн ажиллалаа. 

Ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ААН, байгууллага, нөхөрлөлийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч акт үйлдэн, дүгнэлт гаргах зорилгоор аймгийн Засаг даргын 2013 оны А/353 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг Алтай сум, Дэлгэр сумын Гуулин тосгонд ажиллаж дунджаар 85.2 хувийн амьдралттайгаар хүлээн авлаа.

Ойн менежментийг сайжруулж,  хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд тус аймгийн шинэсэн ой бүхий Халиун, Шарга, Тайшир, Жаргалан, Есөнбулаг сумдын 4304 га талбайд “Ой судалгаа хөгжлийн төв”-өөс судалгааны баг урьж авчран ойн хортон шавжийн судалгаа хийлгэсэн. Судалгааны ажлын хүрээнд  Жаргалан сумын Шанагын гол, Уртын гол зэрэг газруудын  нийт 950 га талбайд ойн хөнөөлт шавж болох Шинэсний хярга тархсан болохыг тогтоож голомт тархсан талбайд Утаат болон үүрэн шүршигчийн аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулсан. Мөн дээрх арга хэмжээг 2014 онд дахин гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 

           Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгээс Дарвийн нуруу болон Сутай хайрхан уулыг улсын тусгай хамгаалалтанд авах, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг өргөтгөх судалгааны ажлыг 2013 оны 05, 06 дугаар сард хийсэн. Бугат, Тонхил, Дарви сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас дээрх газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авахуулах шийдвэр  гарч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн Засгийн газарт уламжлаад байна.

            Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран тус хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөг 2013 оны 11 сарын 11-16-ны өдрүүдэд орчны бүсийн сумд /Алтай, Цогт, Эрдэнэ сумд/-ын иргэдийн дунд хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 380 гаруй иргэд оролцож, аймаг, орон нутгийн зүгээс хамтран шийдвэрлэх боломжтой асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо. Иргэдээс загны хэрэглээг бууруулах, Ээж уулыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, идэвхитэн байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг саналууд голчлон гарсан байна. Мөн орчны бүсийн сумдад үйл ажиллагаагаа таниулах, байгаль орчны багц хууль сурталчилах, мэдээлэл хүргэх ажлуудыг хийсэн нь иргэдэд хүрсэн томоохон ажил боллоо.

Гол мөрний сав газрын усны нөөцийг тооцоо судалгаагүйгээр ашиглах явдал жилээс жилд өсөн нэмэгдэж, үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллөөр ус бохирдох, сав газрын ойн нөөц хомсдох хөрс дагтарших, ургамлын төрөл зүйл цөөрч, цөлжих үйл явц эрчимжих зэргээс усны горим, нөөц хомсдож, газрын доорхи усны тэжээл багасах явдал түгээмэл боллоо.

           Монгол улсын “Усны тухай хуулийн 1 дүгээр булгийн 7 дугаар зүйлийн 7.3 дах заалтын хэрэгжилтийг хангах үүднээс  Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар аймгийн гадаргын усны тооллогыг зохион байгуулахаар Усны тоо бүртгэл явуулах ажлын удирдамж боловсруулан газрын даргаар батлуулж, Байгаль орчны сайдын 2006 оны 269 дугаар тушаалын 2 дугаар хавсралт уст цэгийг бүртгэх зааврын дагуу хөтөлж 18 сумын хэмжээнд явууллаа.

            Тооллогоор гол горхи-332, нуур тойром -106, булаг шанд-1063, худаг уст цэг-1452, баянбүрд-29, усан сан хөв цөөрөм-40, услалтын систем-12, рашаан-2, үерийн хамгаалалтын далан-2 тоологдлоо.

Эрдэнэ, Баян-Уул, Цогт  сумдын нутагт шинээр хөв байгуулах сэргээн засварлах асуудлыг хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар хүсэлтээ уламжилсаны дагуу Эрдэнэ сумын Тосонгийн өвөр, Цогт сумын Тоонотын хоолой, Баян- Уул сумын Намын салаа зэрэг газруудад хөв байгуулахаар зураг төсөл нь хийгдсэн 2014 онд улсын төсвөөр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг хийлгэхээр тусгаж өглөө. 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Халиун сумын Олонбулаг багийн Хустын аманд 9.890.000 төгрөгөөр, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төслөөр Цээл сумын Бүрэн жаргалан багийн нутагт Цагаан голын эхийн баруун салаанд 31 сая төгрөгөөр  тус тус хөв байгуулсан.

Аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар  Алтай, Бугат, Төгрөг, Цогт, Эрдэнэ сумуудад тус бүр нэг, нийт 5 булаг шандны эхийг хамгаалж тохижуулахаар шийдвэрлэн гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулан ажлын явцын хяналтыг тогтмол хийн аймгийн Засаг даргын 2013 оны А/353 тоот захирамжаар томилогдсон булаг шандны эхийг хашиж, хамгаалсан ажилд үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авах ажлын хэсэг дээрх 5 сумд 2013 оны 11 дүгээр сарын 8-15 хооронд ажиллалаа.   

Хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар дарж устгах Ландфиллын аргаар тохижуулсан хогийн цэгийг 2013 оны 04 сараас ашиглалтанд орсон ба Концессын гэрээгээр Алтай хотын төвлөрсөн /хуучин/ хогийн цэгийн  дарж булах ажлын тендрийг зарлаж, гүйцэтгэгчээр “Чавгын шанд” ХХК шалгарч дарж, булах, түрэх ажлын явцтай танилцахад хогийг дарж булаад, газрын хөрсийг хусаж цэвэрлэж ажлын 70 хувийг хийж гүйцэтгээд байна.

Есөнбулаг сумын ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс хамтран  Алтай хот  тойрсон эзэнгүй хог хаягдлын цэвэрлэх ажлыг  эмзэг  бүлгийн ажил эрхэлдэггүй 200 иргэнийг оролцуулан 5 өдөр 1177,3 га талбайд  цэвэрлэгээ хийж  958 тн хог хаягдал цэвэрлэж  төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

    Идэвхитэн байгаль хамгаалагчдын нарийвчилсан судалгааг гаргасан бөгөөд одоо аймгийн хэмжээнд 111 идэвхитэн байгаль хамгаалагч ажиллаж байгаа бөгөөд 2013 онд гарсаар шинээр 19 идэвхитэн байгаль хамгаалагчийг шинээр нэмж томилсон байна.

             Аймгийн хэмжээнд 2013 онд нийт  40 байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус онд Цогт, Шарга сумдад тус бүр 1 нөхөрлөл шинээр зохион байгуулалтанд орсон байна.

            Төрийн зарим ажил үйлчилгээг иргэд, нөхөрлөл, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1 малчны бүлгээр хөв байгуулах 9890,0 мянган төгрөгний ажил, 2 байгаль хамгаалах нөхөрлөлөөр 2 булгийн эхийг хашиж хамгаалах 4 сая төгрөгний ажил,  төслийн хөрөнгөөр 6 малчны бүлгээр 8 булгийн эхийг хамгаалах 46 сая төгрөгний ажил, нийт 59890.0 мянган төгрөгний ажлыг гүйцэтгүүлсэн байна.

             Аймгийн “Говийн мэдээ” сонинтой гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд нийт 12 мэдээ, мэдээллийг нийтүүлж, “Алтай” радиогоор 5 мэдээ, 6 ярилцлага, “Миний нутаг” телевизээр 3 мэдээ, “Алтай” телевизээр 2 мэдээ, 2 ярилцлагыг нэвтрүүлсэн. Он гарсаар нийт 29 удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласан байна.

        Байгууллагын үйл ажиллагаа мэдээ, мэдээллийг http://www.facebook.com/BOAJG, www.goa-boajg.blog.banjig.net  сайтуудаар мэдээлж ажиллаж байна.

          Иргэдэд экологийн боловсрол олгоход чиглэсэн байгаль орчны танин мэдэхүйн болон тус газрын үйл ажиллагаа, бусад холбогдох мэдээтэй холбоотой мэдээ, мэдээлэл, зураг, дуу, бичлэг, шторк www.goa-boajg.blog.banjig.net блогт 35-г, http://www.facebook.com/BOAJG фасебүүкэд 85-г нийтэлсэн. Байгууллагын www.goa-boajg.blog.banjig.net блогийг 4750, http://www.facebook.com/BOAJG фасебүүкийг 35775 хүн үзсэн байна.

          Байгалийн нөөц  хамгаалах, нөхөн сэргээх ажлыг дан ганц төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй юм. Сумдууд улсын болон улсын болон орон нутгийн төсвийг харж түүнийг сохроор хэрэгжүүлэгч биш өөрсдөө санаачлан хөрөнгө босгож, ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд татан оролцуулж, байгалийн баялаг ашиглагчтай харилцан ашигтай хамтран ажиллагч байх ёстой. Өнгөрсөн жилээс хувиарлагдаж болсон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд төсөв хувиарлар, иргэдээр эрэмбэлүүлэхэд байгаль хамгаалагчид та бүхэн голлон ажиллах ёстой.

Иймээс байгаль орчны салбарын ажилтнууд техник, технологи, туршлага, стандартыг мэддэг, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах чадавхитай, тэдгээр аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны бодлогыг дэмжиж, өөрсдийн шаардлага, хууль, дүрэм, норм, хэмжээгээ зөв ойлгуулж хамтран ажилладаг, тулгамдаж байгаа асуудлаараа төсөл, хөтөлбөр боловсруулж асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. 

 

        2013 онд салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулахад анхаарч сургалт, сурталчилгааны дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

         2013 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар тус газарт магистр 2, бакалавр 20, тусгай дунд 3, бүрэн дунд боловсролтой 13 хүн тус тус ажиллаж байна. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч 3 ажилтан МУИС, ХААИСургуулийн магистрантурт, Есөнбулаг сумын байгаль хамгаалагч Эко-Аки дээд сургуульд,  Тайшир, Цээл сумдын байгаль хамгаалагчид байгаль орчны Эко монгол эрдэнэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус тус суралцаж байна. 

         Удирдлага менежментийн академитэй хамтран байгаль хамгаалагчдыг чадавхижуулах 56 цагийн сургалтыг амжилттай зохион байгуулж тус газрын байгаль хамгаалагч хамрагдлаа.

          Байгаль хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, санаачлага гарган ажиллаж байгаа 4 ажилтан БОНХЯ-ны жуух бичгээр, 2 ажилтан аймгийн Засаг даргын жуух бичгээр тус тус шагнагдсан, БОНХЯ-аас ажил дүгнэсэн үзүүлэлтээр 21 аймгаас 7-р байранд орсон жил байлаа.

БОНХЯ-аас 2014 оныг “Байгаль орчны мэдээллийн нээлттэй жил” болгон зарласны дагуу үйл ажиллагаагаа дээрх зорилтод чиглүүлэн ажиллана. Бид энэ онд ....төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 106,6 сая төгрөгийн төсөвтэй 12 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Булгийн эхийг хамшин хамгаалах, ойжуулалт, ойн хортонтой тэмцэх, агнуурын менежметийн төлөвлөгөө боловсруулах, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлууд танай сумд хэрэгжсэн тохиолдолд хэрэгжилт, явцад нь байнга хяналт тавьж ажиллах шаардлагатай. 2013 онд газрын дарга, мэргэжилтнүүд байгаль хамгаалагчдын ажилтай танилцахаар сумдад ажиллахад тус газраас сумд нь хэрэгжиж буй төслийн тухай огт мэдээлэлгүй, нэг ч удаа очиж хяналт тавиагүй тохиолдол гарсан.

Сум орон нутагт ажиллаж байгаа та бүхэн мод тарих, булаг шандны эхийг хашиж хамгаалах, ховор ан амьтанд биотехникийн арга хэмжээ авах, байгаль орчны чиглэлээр өмнө нь  хийгдсэн ажлыг сэргээж хамгаалахад  өөрсдөө санаачлага гарган , үлгэрлэн хийх шаардлагатай байна. /Тухайлбал улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн ойжуулалтын ажил, хашиж хамгаалсан булаг шандыг байнгын хамгаалалтанд авч тордож байх./ 

Байгаль хамгаалагчид нь үйл ажиллагаандаа нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлүүд, идэвхитэн байгаль хамгаалагчдын дэмжлэг туслалцааг авч хамтран ажиллах нь та нөхдийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд бодитой нөлөө үзүүлнэ гэдгийг байнга анхаарах ёстой юм.

Тухайн сум орон нутагт ажиллаж байгаа хайгуул ашиглалтын компаниудын үйл ажиллагаанд байнга хяналт тавьж байгаль орчныг хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж нөхөн сэргээлтийг чанартай хийлгэж байх.

Сумын төв суурингийн хогийн цэгийн  талбайг багасгах, тэмдэгжүүлэх болон малчдын өвөлжөө хаваржааны хог хаягдал, малын сэг зэмийг дарж булуулах, ажлыг зохион байгуулан хийлгэх хэрэгтэй байна.

Химийн хортой болон аюултай бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагаанд ийм үйлдэл гарч болзошгүйд анхаарлаа хандуулж ажиллах нөгөө талаар байгаль орчны ажиглалт судалгааг байнга хийж гарч буй өөрчлөлтүүдийн талаархи мэдээллийг холбогдох байгууллага хүмүүст шуурхай хүргүүлж байх нь аливаа хэрэг зөрчлийг таслан зогсоох ,  байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм.

Та бүхэн сургалтын ажиллагаандаа идэвхитэй оролцож ажлын арга туршлагаа солилцож, тохиолдож буй бэрхшээл, түүнийг даван туулах  арга замаа зөв тодорхойлж идэвхитэй ажиллана  гэдэгт итгэж байна.

         Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээ оруулсан : 2014-10-08 13:08:32
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.