Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

           ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

                                                            7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

         Тус газар нь 2016 оны 6 сарын 18-аас 2016 оны 6 сарын 24-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1.   Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд  Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх нь”  сэдэвт хэлэлцүүлгийг  2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Алтай хотноо зохион байгуулж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө, аж ахуйн газар,  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтнүүд,  “Ногоон алт” төслийн зохицуулагч, Шарга, Тайшир, Халиун сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нийт 20 хүн оролцлоо. 

        Уг хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөр, төлөвлөгөөний I үе шатны хэрэгжилтийг үнэлж дүгнэн, цаашид ажлын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах, сум, орон нутгийн ард иргэд, албан байгуулллагууд болон нөхөрлөл, төрийн бус байгууллага,  дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулах арга замын талаар  хэлэлцлээ.   

        Хэлэлцүүлгийн үр дүнд МУ-ын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны I үе шатны биелэлт 72.6 хувьтай, аймгийн Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 67.9 хувьтай хэрэгжиж байгаа нь хангалтгүй цаашид эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, төлөвлөгөөнд туссан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн тооцоо, гарах үр дүнг тооцсон дүгнэлт гаргуулан нэгтгэж  аймгийн Иргэдийн төлөөлөлгчдийн хурлаар танилцуулан шаардагдах төсвийг шийдвэрлүүлж төлөвлөгөөнд туссан ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

2.   Тайшир сумын Галуут багийн Баянгол нэртэй газарт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоол, сумын Засаг даргатай байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу ажиллах нэрийн дор хурын ус хуримтлуулан хөв байгуулж, эрүүл газрыг ухаж олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг, мөн Далан багийн нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох холбогдох баримт бичгийн бүрдэлт дутуу, орон нутгаас эцсийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн үйл ажиллагаа явуулж байсан “Олон зангилаа” нөхөрлөлийн үйл ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан. Дээр дурьдсан ИТХ-ын Тэргүүлэгчдын тогтоол, Засаг даргын гэрээг хүчингүй болгож “Дүүрэн их буянт” нөхөрлөлийн зөвшөөрөлгүй байгуулсан усан сангийн даланг буулгаж, ухсан нүхийг булуулан хуучин хэвэнд нь оруулан хүлээн авах, “Олон зангилаа” нөхөрлөлийн бичил уурхайн зориулалтаар ажиллахаар сонгосон талбайн дүгнэлтийг гаргуулан, гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагааг явуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг мэдэгдэн 2016 оны 6 сарын 23-ны №198 албан бичгээр Тайшир сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт зөвлөмжийг хүргүүллээ. Мөн “Дүүрэн их буянт” нөхөрлөл нь Тайшир сумын Галуут багийн Баянгол хэмээх газарт бороо, цасны ус хуримтлуулан малын бэлчээрийг тэлэх зорилгоор хөв байгуулахаар ирүүлсэн хүсэлтийн хариуг үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж 2016 оны 6 сарын 24-ний өдрийн №200 албан бичгээр хүргүүллээ.

3.   Германы хамтын ажиллагааны GIZ төслийн багийнхантай хамтран 2016 оны 6 сарын 15-наас 6 сарын 22-ны хооронд Халиун сумын Олонбулаг, Бугат сумын Алаг нуур, Алтай сум, ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа Тахийн тал  зэрэг газруудад ажиллаж заган ойн ашиглалт хамгаалалт, загны түлшний хэрэгцээг багасгах, нөхөн сэргээх арга замыг судлах санал асуулгыг нутгийн иргэд болон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нараас авлаа. Мөн заган ойн тархалтыг сансрын зургаар ажиглалт хийх, цэг сонгох, заган ойн нүүрс хүчлийн хий шингээх чадамжийг үнэлэх, газруудыг сонгож ажиллалаа.

4.   Сод газар ХХК, Эрдэнэ сумын ОНӨААТҮГ, Өү жи си эйч эл ХХК-иуд нь ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлт ирсний дагуу 2016 оны 6 сарын 21-23-ны өдрийн 191, 193, 195 дугаартай дүгнэлтийг гарган хүргүүллээ.

     Тус аймгийн Тайшир сумын Шар тохой нэртэй ХV-018031 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд орон нутгийн иргэд болон “Ирээдүй MNG транс” ХХК-ий ажилчдын унд ахуйн хэрэгцээг хангах зориулалтаар цооног өрөмдөж худаг гаргах зөвшөөрөл хүссэний дагуу газрын даргын 2016 оны 6 сарын 23-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар худаг гаргах зөвшөөрлийг олгов.

5.   Зэрлэг амьтан нутагшуулах тандан судалгаа мониторонгийн ажлын хүрээнд 2016 оны 6 сарын 19-24-ны хооронд ГИДЦГ-ыг А, Б хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран хийж эхний ээлжинд хулангийн 4 унагыг зохих журмын дагуу барьж маллагаанд оруулах ажлыг зохион байгууллаа.

6.   Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын “Бидний-Алтай” мөрийн хөтөлбөр, Аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлтүүдийг хагас жилийн байдлаар гарган ЗДТГ-т хүргүүллээ.

7.   Тус газраас 10 аж ахуй нэгж байгууллагуудад химийн бодисын ахуйн хэрэглээ болон гялгар уутны хэрэглээнээс татгалзах сургалтыг зохион байгууллаа.

 

2016  ОНЫ 6 САРЫН 25-ААС 2016 ОНЫ 7 САРЫН 1-НИЙ ХООРОНД

ХИЙХ  7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1.    Олон улсын цөлжилттэй тэмцэх үндэсний өдрийг  аймгийн хэмжээнд зохион байгуулсан ажлын тайланг нэгтгэн БОНХАЖЯ-д хүргүүлнэ.

2.    Төгрөг сумын Далан түрүүний хөвийг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг газрын даргын тушаалаар томилно.

3.    Үндэсний хөтөлбөрүүдийн биелэлтийг гарган хүргүүлнэ.  

 

Мэдээ оруулсан : 2016-06-30 19:12:07
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.