Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Алтайн хүдэр ХХК-ийн Таяннуурын хүдрийн уурхайн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалтай танилцан, үнлэлт дүгнэлт өгч ажиллалаа

 

2016.06.16                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

НЭГ. АЖЛЫН ЗОРИЛГО:

 

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Алтайн хүдэр” ХХК-ний “Таян нуур” хүдрийн уурхайн 2015 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу шалгаж, дүгнэлт гарган,  дүнд суурилсан арга хамжээ авах зорилгоор хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

 

ХОЁР. АЖЛЫН БҮРЭЛДЭХҮҮН:

Ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Э.Пүрэвжав, гишүүдэд ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн геологи уул уухай, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Э.Бямбаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны нөөц, ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Б.Содмаа, орчны бохирдол, химийн бодис, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргал, Цээл сумын ЗДТГ-ын дарга Д.Архит,  БОХ-ын улсын байцаагч Б.Сайнаа, газрын даамал Б.Насанбуян, байгаль хамгаалагч Ю.Батбилэг, иргэний төлөөллөөр тус сумын иргэн Х.Гантогоо нар ажиллалаа.

 

ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГАА

2015 онд “Алтайн хүдэр” ХХК-ний “Таян нуур” хүдрийн уурхайгаас үзүүлэх сөрөг нөлөөллийг буулуулах чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээ, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, орчны хяналт шинжилгээний ажил, химийн бодисын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний биелэлт, хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний биелэлт, удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, олон нийтэд тайлагнасан байдал зэргийг газар дээр нь үзэж танилцан тус уурхайн 2015 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох тайлан мэдээ, шинжилгээний дүн зэргийг хагалзан 80.6 оноотойгоор дүгнэсэн. Энэхүү ажлын хүрээнд тухайн уурхайд анхаарч ажиллах шаардлагатай байгаа дараах асуудлуудыг зөвлөлөө.Үүнд:

1. Жил бүрийн байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулалтанд анхаарах. Тухайлбал утга найруулга, тавьсан зорилт хэрэгжүүлэх арга хэмжээ хоёрын уялдаа холбоо, нэг ажлыг олон давхардуулсан  гэх мэт асуудлуудыг анхаарч  төлөвлөх.

2. Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөний тайланг бичихдээ тодорхой тоо баримттай бичих шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл тайлантай холбоотой бүхий л баримт болох зүйлийг хавсаргаж, тоо баримт, үр дүнг дэлгэрэнгүй тусгасан байх шаардлагатай. Энэ нь дүгнэх, дүгнүүлэх порцессыг хялбар болгох чухал асуудал юм.

3. Аливаа судалгаа шинжилгээний ажлын үр дүнг голчлон үзэж, шинжилгээний дүнгүүдийг заавал хавсаргаж, судалгааны ажил бүрт дүн шинжилгээ хийсэн дүгнэлт бичиж байх. Жишээлбэл тухайн онд хийсэн ургамалын судалгааг өмнөх оныхтой харьцуулж ургамалын нөмрөгт гарсан өөрчлөлт, нягтаршилтын талаар дүгнэлт бичсэн байх хэрэгтэй.

4. Орчны хяналт шинжилгээний ажлыг хуулийн хугацаанд тогтмол хийж хэвшин, дүн мэдээнд суурилсан арга хэмжээ авч ажиллаж байх

5. Фосфор, хүхэр, цахиур тодорхойлох шинжилгээнүүдийн дүнг заавал хавсаргах. Мөн хүнцэл тодорхойлох шинжилгээг нэмж хийх шаардлагатай.

6. Уурхайн хогийн цэгийг ландфиллийн технологийн дагуу тохижуулан ашиглах, эсвэл хогийн цэгийг стандартын дагуу тохижуулан ашиглаж, тайланд хогийн цэгийг ландфиллийн аргаар дарж булж байгаа гэсэн зүйлийг бичихгүй байх шаардлагатай.

7. Тос, тослох материалын хаягдал түр хадгалах хогийн цэгийг агаарт уурших, орчинд асгарахаас сэргийлсэн битүүмжилсэн байдлаар байгуулж, хаягжуулан тэмдэгжүүлэх шаардлагатай.

8. Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөнд лаборторийн асуудлыг нарийвчлан тодорхой тусгаж, тайланг дэлгэрэнгүй бичих

9. Агаарын тоосжилтыг хэмждэг багаж, хэрэгсэлтэй болж, тоосонцорын хэмжээг өдөр бүр хэмжиж хэвших. Мөн тоосжилтоос гадна агаарт байгаа бусад бохирдуулагч бодисуудын шинжилгээг уурхайн орчинд хийлгэж хэвших

10. Баяжуулах үйлдвэрээс гарах тоосонцорыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан багасгах арга хэмжээ авах

11.  Газрын доорх усны нөөцөд үзүүлж болзошгүй нөлөөллийг дотоод хяналтын хуваарийн дагуу мониторинг хийж олон нийтэд тайлагнаж ажиллах.

12. Ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ зэргийг жил бүрийн 1 дүгээр  улиралд багтаан холбогдох байгууллагуудаас авч үйл ажиллагаагаа явуулж байх

13. Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж болохгүйг анхаарах.

зэрэг зөвлөмжийг өгч ажиллалаа.

 

 

 

Мэдээ оруулсан : 2016-06-28 17:31:44
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.