Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ахуйн хэрэглээнд хамгийн их хэрэглэгддэг химийн бодис
›              Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын гол үндэсүүдийн нэг.Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон байдаг. Цэвэрлэгээ хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад нэг мөр, “нам” цэвэрлэх гээд хэтрүүлээд байдаг талтай. Ингэж хүчтэй, олон гаж нөлөө ихтэй химийн бодис сонгож авснаар өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа хүн тэр бүр мэддэггүй. Эдгээр бодисууд нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байх нь олонтаа. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй юм. Иймд та бүхэнд мэдлэг болгож цэвэрлэгч бодис, угаалгын нунтагуудад ямар ямар бодис ордог, тэдгээр нь ямар сөрөг үр дагавартай талаар мэдээлэл хүргэж байна. Үүнд:
 
  1. ›Хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэхэд нөлөөлөх эрсдэл маш өндөр байдаг.
  2. ›Фосфат, фосфонатууд нь ус зөөллөгч хэлбэрээр дийлэнх угаалгын нунтагт агуулагддаг бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл их өндөр. Фосфатуудыг цеолит ба поликарбоксилатуудаар орлуулдаг
  3. ›Гадарга идэвхтэй анионт бодисууд нь гол төлөв угаалгын нунтаг, аяга таваг угаагч бодисуудад агуулагддаг. Гадарга идэвхтэй бодисууд нь эд зүйлсийг хир буртгаас цэвэрлэдэг бөгөөд дотроо анионт, катионт, ионогений бус гэсэн гурван үндсэн төрөл байдаг. Эдгээрээс хамгийн аюултай нь анионт гадарга идэвхтэй бодисууд юм. Учир нь ийм гадарга идэвхтэй бодисууд нь арилалгүйгээр сав суулгаар дамжин хүний биед ордог. Халуун усаар арван удаа булхан зайлсан ч ийм бодис нь арилалгүй үлдээд хүний биед нэвтрэх аюултай. Тиймээс ийм сөрөг нөлөөг багасгахын тулд гадарга идэвхит бодис /surfactant/ -ын агуулга нь 5% ихгүй угаагч шингэнийг ашиглах нь хамгийн зохистой.
  4. ›Натрийн гипохлорид нь (sodium hypochlorite) нь цайруулагч бодисуудад агуулагддаг. Энэ бодис нь тогтворгүй болхоор агуулж байгаа хлороо маш хурдан ялгаруулдаг. Харин хлор ямар сөрөг нөлөөтэйг дээр өгүүлсэн.
  5. ›Нашатырийн спирт нь шил, толь өнгөлөн цэвэрлэгч бодисуудад агуулагддаг. Цэвэрлэх явцад хэтрүүлбэл нүд ба амьсгалын замыг цочроох, толгой өвдүүлэх аюултай.
  6. ›Нитробензол нь шахмал шал буюу манайхны ярьж заншсанаар паркет ба мебель эд өнгөлөгчдөд ашиглагддаг бөгөөд багтраа үүсгэх, бөөлжүүлэх нөлөө үзүүлнэ.
  7. ›Формальдегид нь хадгалагдах хугацааг уртасгагч бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис юм. ›

 

Мэдээ оруулсан : 2016-06-28 17:04:02
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.