Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2014 оны 06 сарын 05-ны өдрийн дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээг хэлсэн үг

Байгаль орчны салбарын байгууллагуудын

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР арга хэмжээг

 нээж хэлсэн үг

2014.06.05                                                                                                             Алтай хот

Сайн байцгаана уу.  Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар  улс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж,  улс төрийн зөв шийдвэр гаргах   үйл ажиллагааг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Дэлхийн байгаль орчны өдөр нь  жил бүрийн 6 дугаар сарын 5-нд дэлхий даяараа  байгаль орчныг хамгаалах бүтэн жилийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилдаг, зорилтоо дэвшүүлдэг томоохон үйл ажиллагаа юм. Энэ жил манай улс Зөв сонгож хэмнэлттэй хэрэглэе уриан дор байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Байгаль орчны өдрийг  тохиолдуулан сургалт сурталчилгааны олон талт ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээ юм.

Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны салбарын байгууллагууд болох Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчин доройтох үзэгдэл нь улс орны төдийгүй, бүс нутаг, дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон асуудал болоод байна.

Төв азийн хуурай гандуу уур амьсгалтай, ихэнхидээ говь цөлийн эмзэг хөрстэй манай нутагт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж нөөц баялгийг нь зүй зохистой ашиглан байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах нь өнөөгийн тулгамдсан зорилтын нэг болж байгаа билээ.

Байгаль хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай  ажил эрхэлж буй  байгаль орчны салбарын ажилтнууд хийсэн ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлээ иргэдэд танилцуулах гэж байна.

Ард иргэд та бүхэн мазаалай баавгай, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтад хэрхэн хамгаалагдаж байгаа, тахь уугуул нутагтаа хэрхэн өсч үржиж байгаа талаар, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас хэрхэн оруулдаг талаар, байгаль хамгаалагчдын байгалиа хамгаалах ажил хэрхэн явагдаж байгаа талаар танилцаж хүссэн мэдээлэлээ авч, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар санал хүсэлтээ өгөхийг хүсч байна.

Ингээд байгаль орчны салбарын байгуулагуудын Нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаа нээснийг мэдэгдье. 

Баярлалаа.

                  

Мэдээ оруулсан : 2014-10-08 12:41:54
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.