Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газрын 2016 оны 5 сарын 28-наас 2016 оны 6 сарын 3-ны хооронд хийсэн ажлын мэдээ:

1. Тус газрын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүллээ.

2. Химийн хорт болон аюултай бодис ашиглах болон аливаа осол аюулын үед ажиллах мэдлэг чадварыг нэмэгдүүлэх гарын авлагатай болох зорилгоор Химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах толь бичгийн эхийг бэлтгэж байна. Одоогоор 50 бодисын хор аюулын лавлагаа буюу нийт 135 хуудас материал бэлтгэсэн байна.

3. Аймгийн хэмжээнд гарч байгаа нийт хог хаягдлын 30 гаруй хувийг гялгар цаас эзэлж байна. Иймд гялгар уутны хэрэглээг багасгаж, даавуун тор, уутны хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Миний нутаг” орон нутгийн телевизээр гялгар уутны хор хөнөөлийн талаарх шторкыг 12 удаагийн давтамжтай 2 хоног нэвтрүүлж, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын санхүүжилтээр гялгар уутны хор хөнөөл болон байгальд ээлтэй давуун тор, уут хэрэглэж хэвших талаар А-3 плакат 200 ширхэгийг хэвлүүлэхээр эхийг бэлтгэн өгөв. Мөн Есөнбулаг сумын БОХУБ, аймгийн “Дэлгүүрүүдийн холбоо”-той уулзалт хийж даавуун торыг иргэдийн хэрэглээнд дэлгэрүүлэх ажилд хамтран ажиллахаар тохиролцлоо.

4. “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагатай хамтран ус хэмнэлттэй ашиглах энгийн аргыг олон нийтэд сурталчилах, мод тарихыг иргэдэд уриалах, хоггүй цэвэр орчинг бий болгох гэсэн сэдвийн хүрээнд байгаль хамгаалах үйлст хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг бодит аргаар дүрслэн үзүүлж нэгэндээ үлгэр жишээ үзүүлэх, хүүхдүүд бусдыгаа уриалан дуудах зөв үйлдлийг төлөвшүүлэх “ECO selfie” facebook challenge уралдааныг аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тус уралдаанд идэвхтэй оролцсон 3 анги, 3 хүүхдийг шагнаж урамшуулав.

5. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах зорилгоор гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, байгалийн голдрилыг сэргээх, тохижуулах, хамгаалах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар, Эрүүл мэндийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ, Залуус клубтай хамтран Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалгаар нь үлдээе” уриатайгаар эко аялал зохион байгуулав. Сум суурин газруудын 10-15 км-ийн тойрог, баг хот айлын 5 км-ийн тойрогт орших Есөнбулаг сумын Ногоон нуур, Түмэнгийн булаг, Соохойн булаг, Хөх дэнжийн булаг, Дугант булаг, Хөндлөн булаг, Шар чулуут, Шанаа булаг зэрэг Алтай хотыг тойрсон 7 булаг 1 нуурын ойр орчимд цэвэрлэгээ хийж дараах ажил арга хэмжээ зохион байгууллаа. Булаг шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх эко аялалд оролцсон залуучууд, оюутнуудыг 6 хэсэг болгон эко аялал хийх замдаа 8 уст цэгийн ойр орчны 20 тн хог хаягдлыг цэвэрлүүлэн, хогийн цэгт төвлөрүүллээ. Тус арга хэмжээнд оролцсон оюутан, залуучуудыг Хийморь толгой дээр цуглуулан тэмцээн уралдаан зохион байгуулж байр эзлүүлэн, залуучуудад урьдчилан тараагдсан сугалааны дугаараар азтай оролцогч шалгаруулж 10 залууг үнэ бүхий зүйлээр шагнаж, дурсгалын зүйл хадгалуулан, хээрийн цай уулгах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Мөн тэдгээр залуучуудад аливаа юмыг худалдаж авалгүйгээр санаачилга гаргаад хог болдог зүйлүүдийг ашиглан хүний хэрэгцээг хангах боломжтой төрөл бүрийн зүйл хийж болдог гэдгийг харуулах зорилгоор тус газрын зүгээс гарын доорх материал болох цаасан хайрцаг, ундаа пивоны таглаа, байгалийн чулуу зэргийг ашиглан хийсэн жаазтай монгол эсгийн дээр лазардаж сийлсэн төрийн сүлдийг дурсгал болгон хадгалууллаа.

6. Цөлжилттэй тэмцэх үндэсний өдрийг угтан зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг “ Их Алтайн мэдээ” сонинд өглөө.

7. Тус газар нь Төрийн тахилгат Сутай хайрхан уулын орчимд аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор жуулчид, амрагчдад зориулан тэмдэг тэмдэглэгээг Тонхил сумын Хөх толгой гэдэг газар хийхээр төлөвлөж аж ахуй нэгж байгууллагуудад үнийн саналаа ирүүлэх урилгыг хүргүүлсэн бөгөөд “Алтайн өргөө” ХХК, “Дөл өөдөө” ХХК-иудаас үнийн санал ирээд байна.

2016 ОНЫ 6 САРЫН 4-НӨӨС 2016 ОНЫ 6 САРЫН 10-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Аймгийн Засаг даргын тамгын газраас албан байгууллагуудын ажлын үр дүнг сумын иргэдэд хүргэх, нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн зарим үйлчилгээг иргэдэд ойртуулж газар дээр нь үзүүлэх, тэдний санал бодлыг сонсох зорилгоор “Төрийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг”-ийг сум бүрт 2016 оны 6 сарын 6-10-ны өдрүүдэд 4 чиглэлд гарч зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус газраас мэргэжилтэнгүүд хамтарч оролцоно.

2. Төрийн тахилгат Сутай хайрхан уулын орчимд аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор жуулчид, амрагчдад зориулан тэмдэг тэмдэглэгээг Тонхил сумын Хөх толгой гэдэг газар хийх аж ахуй нэгж байгууллагуудын ирүүлсэн үнийн саналыг хэлэлцэж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

3. Аймгийн Засаг даргын 2014-2016 оны “Бидний-Алтай” хөтөлбөрийн биелэлтийг 2016 оны эхний хагас жилийн байдлаар гарган хүргүүлнэ.

 

Мэдээ оруулсан : 2016-06-07 08:22:22
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.