Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Эх дэлхийн цаг 2016 арга хэмжээнд нэгдээрэй

        Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт гэрлийн хурдаар өсч тэр хэрээр байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж олон мянган хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ.

         Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй.

         Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл, үүний дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, автомашинаас гарч буй хүлэмжийн хий юм.  Иймд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүн бүрийн оролцоо маш чухал.

           Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх санаачлан 2007 оноос дэлхий даяар хэрэгжүүлж эхлэсэн уг арга хэмжээ эдүгээ дэлхийн олон орны иргэдийн байгаль, эх дэлхийнхээ төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх том кампанит ажил болж өргөжөөд байна.

          Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж байгаа гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог юм.

          Алтай хотын иргэд 5 дахь жилдээ Эх дэлхийн цагт нэгдэх гэж байна. Нэг цагийн турш гэрлээ унтрааснаар цахилгаан хэмнэж дэлхийн дулааралд нөлөөлөх  нь “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго биш, тэгэх боломж ч байхгүй. Харин иргэн та гэрлээ нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т  оролцож байна гэдэг л өөрөө том амжилт юм.

          Та бүхнийг АЛТАЙ ХОТЫН ЖАНЧИВ БААТАРЫН ТАЛБАЙД 2016 ОНЫ 3-Р САРЫН 19-НИЙ 19:30-21:30 цагт хүрэлцэн ирж Эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна.

Мэдээ оруулсан : 2016-03-17 09:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.