Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
АЛБАН ХААГЧДЫН “АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ” ХӨТӨЛБӨР

НЭГ: УДИРТГАЛ

Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 33.6.2-д Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, тэдгээрийн талаар төрийн байгууллагуудаас хэрэгжүүлэх бодлогыг уялдуулан зохицуулахаар заасан.

Одоогийн байдлаар төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь тэдний амьжиргааны үндэс болсон цалин хөлсийг нэмэгдүүлэх, төрийн зардлаар давтан сургах, мэргэжлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хураамжийн зохих хувийг төр хариуцах, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн их, дээд болон мэргэжлийн сургуульд суралцах сургалтын зардлыг төрөөс төлөх, ээлжийн амралтаараа өөрийн болон эхнэр /нөхрийн/ төрсөн нутаг явах үед замын зардлыг автомашинаар 2 жилд нэг удаа олгох зэрэг үйл ажиллагаанд чиглэгдэж байна.

 

ХОЁР.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, амралт сувилалын үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийг нь хамгаалахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход оршино.

 

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

Зорилт 1. Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшууллыг хууль тогтоомжийн дагуу олгох.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1. Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан цалингийн сүлжээг баримтлан ажилтнуудын цалинг тухай бүр шинэчлэн тогтоож мөрдөх;

2. Төрийн албан хаагчдад олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газрын тогтоол, шийдвэрийг баримтлан тогтоож олгох;

3. Төрийн албаны тухай хуулинд заасан хөнгөлөлтүүдийг үзүүлэх арга хэмжээ авах;

4. Гачигдалтай болон тэмдэглэлт үйл явдал, арга хэмжээний үед олгох буцалтгүй мөнгөн тусламжийн хэмжээг тогтоон олгож байх;

5. Гурван сараас дээш хугацаагаар ажил хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд /Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ын дагуу/ шагнал урамшил олгох;

6. Албан хаагчдад сар бүр хоол, унааны зардлыг олгох;

7. Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан зэрэг дэв нэмэгдүүлэх асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөр шийдвэрлүүлэх;

8. Албан хаагчдын ажилласан жилийг харгалзан төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг журмын дагуу тухай бүр нь шийдвэрлэх;

9. Албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэж, хууль тогтоомжид заасны дагуу урамшууллын асуудлыг шийдвэрлэх;

10. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ, нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх;

11. Ганц бие, өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон, шинэ хүүхэдтэй залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх;

12. Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалах арга хэмжээ авах;

 

Зорилт 2. Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл боломжоор хангах .

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичгийн хэрэгсэл, ширээ, сандал, компьютер, принтер, скайнер, хувилагч болон бусад техник хэрэгслэлээр хангах;

2. Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай үед унаагаар хангах;

3. Ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах; /халаалт, гэрэлтүүлэг, өрөөний тохижилт, цахилгаан хангамжийн үйлчилгээ, гэх мэт /

4. Үйлчилгээний ажиллагсдыг ажлын тусгай хувцас, хамгаалах болон үйлчилгээнд шаардагдах хэрэгсэл, материалаар тасралтгүй хангах;

 

Зорилт 3.Орон сууцны нөхцлөө сайжруулах, орон байраар хангагдахад нь хөрөнгө санхүүгийн болон зохих туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1. Төрийн албан хаагчийг амьдрах орчин нөхцлөө сайжруулах, шинээр орон орон сууц худалдан авахад зохих хэмжээний дэмжлэг үзүүлэн төсөл хөтөлбөрт хамруулах;

2. Төрийн албан хаагчийг орон байрны нөхцлөө сайжруулах зорилгоор банкнаас зээл авахад нь зохих дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

 

Зорилт 4. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1. Төрийн албан хаагчдад эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх ёсны мэдлэг боловсрол олгох;

2. Төрийн албан хаагчдыг жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж шаардлагатай хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, амралт сувилалд явахад нь дэмжлэг үзүүлэх;

3. Ажилтнуудыг жилд 1 удаа эрүүл мэндийн 5 сорилд хамруулж чийрэгжүүлэх, бялдаржуулах арга хэмжээ авах;

4. Ажилтнуудад зориулсан чийрэгжүүлэх танхимд тогтмол хичээллэхэд таатай нөхцөл, боломжоор хангаж ажиллах;

5. Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт нь албан тушаалын 3 жилийн цалинг, биед нь гэмтэл учруулсан тохиолдолд эмчилгээний зардлыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох;

 

Зорилт 5.Албан хаагч өөрөө өвдөж эмчлүүлж, сувилуулахад зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх.

Хэрэгжүүлэх үйл  ажиллагаа

1. Ээлжийн амралтаараа өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн нутагт амрах, рашаан сувилалд явж байгаа ажилтнуудад унааны зардлыг нийтийн тээврийн үнэ тарифаар тооцон 2 жилд нэг удаа олгох;

2. Тухайн албан хаагчийн сарын цалингаас илүү төлбөртэй эмчилгээг зайлшгүй хийлгэх болсон тохиолдолд эмнэлгийн тодорхойлолт, эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг харгалзан тухайн ажилтны эмчилгээний зардалд нь албан тушаалын нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгож, дэмжлэг үзүүлэх;

 

Зорилт 6. Амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах.

Хэрэгжүүлэх үйл  ажиллагаа

1. Эрүүл аж төрөх, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхийг дэмжиж жилд хоёроос доошгүй удаа идэвхтэй амралт зохион байгуулах;

2. Баяр, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан байгууллагын ажилтнуудын дунд үдэшлэг, уулзалтыг улирал тутам зохион байгуулах;

3. Байгууллагын  аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулах;

4. Ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор долоо хоног бүрийн  тодорхой гарагт спорт заланд чөлөөт тоглолт явуулах;

5. Байгууллагын бялдаржуулах танхимыг ажлын бус цагаар ашиглуулах;

 

ДӨРӨВ. ХҮРЭХ ҮР ДҮН

1. Төрийн албан хаагчид ажиллах нөхцөл, бололцоогоор бүрэн хангагдаж, ажлаа тав тухтай хийх орчин сайжирна.

2. Төрийн албан хаагчид шаардагдах техних хэрэгслэлээр бүрэн хангагдаж, тухайн үеийн тавигдаж байгаа шаардлагад нийцүүлэн ажлаа явуулах бололцоотой болно.

3. Төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх төлбөр тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу бүрэн тогтоогдож олгогддог асуудал хэвшил болно.

4. Төрийн албан хаагч үр дүнтэй ажиллаж, амжилт, үр бүтээл гаргасан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу төрөөс шагнал, урамшил хүртэх явдал шуурхай болно.

5. Төрийн албан хаагчийн амьдрах орчин нөхцөл зохих хэмжээгээр дээшилнэ.

6. Төрийн албан хаагчийн эрүүл мэндийг хамгаалах асуудал сайжирч, тэдний өвчлөл буурч, төрийн үйлчилгээний үр дүн сайжирна.

7. Төрийн албан хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх асуудал дээшилнэ.

 

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА.

Хөтөлбөрийг 2015-2019 онд жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.

 

ЗУРГАА.ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ.

1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага арга зүй, зохицуулалтаар хангах, хяналт тавих үүргийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  хариуцаж гүйцэтгэнэ.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөвлөгөөнд жил бүр тусгана.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хагас, бүтэн жилээр дүгнэж ажилтан, албан хаагчдад тайлагнана.

 

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

  1. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын жил бүрийн төсөвт тусгагдан батлагдсан хөрөнгө;
  2. “Дундын хуримтлалын сан”–гийн хөрөнгө;
  3. Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө;

 

НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ.

1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, биелэлтийг дүгнэх үүргийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  дарга, санхүү хариуцна.

2.Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн дараах үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно:

- Төрийн албан хаагчийн тогтвор суурьшил, эрхэлсэн ажлын үр бүтээл дээшилнэ.

- Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад заасан хөнгөлөлтүүдийг бүрэн эдлэх боломж бүрдэнэ.

- Төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөл, хангамж сайжирна.

- Эрүүл мэндээ хамгаалж, биеэ эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх арга барилд суралцаж, төрийн албан хаагчдын эрүүл мэнд сайжирна.

- Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, техник хэрэгслэлийн хангамж сайжирна.

- Төрийн албан хаагчид амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болно.

Мэдээ оруулсан : 2015-08-20 10:07:08
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.