Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говийн их дархан цаазат газрын 40 жилийн ой боллоо

Говийн их дархан цаазат газрын  хамгаалалтын захиргаа үүсч байгуулагдсаны 40 жилийн ойг 2015 оны 08 сарын 01, 02-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.  

Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1975 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ.

Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлтий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ.

 Говийн Их дархан цаазат газар нь “А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог юм.

Ойн баярт хамгаалалтын захиргааны үе үеийн дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ажилтнууд тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОНХАЖЯам, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, орчны бүсийн сумд болох  Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын удирдлагууд, төлөөлөгчид зэрэг олон хүндэт зочид ирж оролцлоо.

  Байгалийн унаган төрх, амьтан ургамлын зүйлийн бүрдлийнхээ хувьд манай орны төдийгүй даян дэлхийд онцгой ач холбогдол бүхий  Алтай өвөр говийг судлан шинжлэх, хамгаалах үйл хэрэгт өндөр амжилт гаргасан ажилтнууд ойн баярыг тохиолдуулан Байгаль орчны тэргүүний ажилтан, Жуух бичиг, МЗХ-ны Тэргүүний залуу, аймгийн Засаг даргын Жуух бичиг зэрэг шагналаар шагнагдлаа.

Улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхчүүд зодоглож, Улсын хурц начин Л.Цэрэнтогтох түрүүлж, Улсын заан Б.Соронзонболд үзүүрллээ.

Хурдан морины уралдаанд Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Бугат, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын хурдан шандаст хүлгүүд ирж хурд хүчээ сорилоо.

Мэдээ оруулсан : 2015-08-05 10:32:13
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.