Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“НОГООН ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА” солилцох сургалт амжилттай болж өндөрлөлөө.

          Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам,  Ховд аймгийн Засаг даргын тамгын газар хамтран  “Ногоон хөгжлийн туршлага” солилцох сургалт, уулзалтыг   Ховд аймгийн төвд 2015 оны 8 дугаар сарын 5-6 ны өдрүүдэд  зохион байгууллаа.

        Энэхүү арга хэмжээнд 16 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  дарга, мэргэжилтнүүд нийт 165 хүн оролцлоо.

        Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн “Ногоон соёл, иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасан билээ. Зорилтын хүрээнд БОНХ-ийн Сайдын тушаалаар Архангай, Ховд, Өвөрхангай, Булган, Хэнтий аймагт Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулан ажиллаж байгаа билээ.

        Эдгээр аймгуудад ширгэж хатсан булаг шандыг сэргээх, тохижуулах, ойн бүтээгдэхүүнийг зүй зохистой ашиглах, хог хаягдлыг ангилах, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, ашигт малтмал гар аргаар олборлогчдын эвдсэн газрыг нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг ажлууд хийгдэж эхэлжээ. Тухайлбал, Өвөрхангай аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хороололд амьдардаг 1000 өрхөд бүрэн шаталттай, урт хугацаагаар дулаанаа хадгалдаг зуухыг олгож,14 аж ахуйн нэгж, байгууллагын нам даралтын зуухыг төвлөрсөн халаалтанд холбон, агаар бохирдуулдаг эх үүсвэрүүдийн тоог цөөрүүлсэн зэрэг туршлагуудаа танилцууллаа.

        Мөн нийт аймгууд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж буй шинэ санаа, туршлагуудаасаа танилцуулж санал бодлоо хуваалцлаа.


Мэдээ оруулсан : 2015-08-14 11:20:01
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.