Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Мазаалай хамгаалах, сурталчилах аянд идэвхтэй оролцлоо

         Говь-Алтай аймаг нь монголд төдийгүй дэлхийд ховордсон нэн ховор, ховор амьтдын өлгий нутаг билээ. Гэтэл хүн төрөлхтөний буруутай үйлдэл, бууны сум, цаг агаарын хүндрэл, идэш тэжээлийн хомсдол, өвчин зэргээс шалтгаалан эдгээр амьтад зөвхөн номын хуудсан дээр л үлдэх аюул нүүрлэж байна.
        Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07 сарын 16-ны өдрийн 03/07 тоот тогтоолоор мазаалайг аймгийн бахархалт амьтнаар зарласан билээ. Мазаалай бол дэлхийд өөр хаана ч байхгүй, зөвхөн Монголын говьд, тэр тусмаа Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт цөөхөн тоогоор тархан амьдардаг нэн ховор амьтан билээ.
      Аймгийн нутагт оршин буй нэн ховор, ховор амьтдаас мазаалай баавгайг төлөөлүүлэн сонгож бусдаас ялгарах онцлог шинж болон хэрхэн хамгаалж өсгөн үржүүлэх талаарх санаа бодлыг хүн бүр дэвшүүлэн гаргах, сурталчилан таниулах, иргэд, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, нутаг орны нэрийн хуудас болсон уг амьтныг хайрлан хамгаалах сэтгэхүйг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 06 сарын 05-нд тохиодог дэлхийн байгаль орчны өдрийг угтан сарын аяныг зарласан билээ.
       Сарын аяныг сум орон нутагтаа Баян-Уул, Дарив, Жаргалан, Тайшир, Хөхморьт, Цээл, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумын 1 дүгээр сургууль, 2 дугаар сургуулийн эко клубуудын багш, сурагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид хамтран олон нийтийг хамруулан идэвхи санаачлагатай зохион байгуулан ажилласанд талархал илэрхийлье.
        Нийт 11 эко клуб ажлын тайлангаа ирүүлсэнээс 1 байранд Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн Ч.Алтанзул багштай Ногоон дэнлүү, 2 дугаар байранд Баян-Уул сумын Ч.Сумхүү багштай Хүн ба байгаль эко клуб тус тус шалгарч Ээж хайрхан уул, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах аялалд явах эрхээр шагнагдсан.
         Цаашид тус газраас эко клубуудыг идэвхи санаачлагыг нэмэгдүүлсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна

 

 

Мэдээ оруулсан : 2015-06-16 14:10:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.