Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Алтайчууд Эх дэлхийн цаг 2015 арга хэмжээнд нэгдлээ

            Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд  Алтай хотын иргэд 4 дахь жилдээ нэгдэн эх дэлхийн төлөө цохилох зүрхтэй монгол хүн гэдгээ илэрхийллээ.

          “Эх Дэлхийн цаг 2015” арга хэмжээг аймгийн Засаг даргаар удирдамж батлуулан, ерөнхий зохион байгуулагчаар  Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, хамтран зохион байгуулагчаар  Сум дундын ойн анги, Хүйсийн говь цэцэг, нуурын сав газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Алтай-Улиастай ЭХС ТӨХК, Есөнбулаг сумын ЗДТГазрууд тус тус ажиллалаа.

         Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын орлогч Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга П.Золжаргал, Алтай-Улиастай ЭХС ТӨХК-ийн захирал Г.Чинбат нар хүрэлцэн ирж Алтай хотын иргэдтэй хамт эх дэлхийн цагт нэгдлээ.

          Эх дэлхийн цаг арга хэмжээний үеэр Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх дугуйлангийн сурагчид, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын  уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ Алтай хотын иргэддээ өргөн барьлаа.  Дугуйлангийн сурагчид олон нийтэд “Уур амьсгалын өөрчлөлтийг бид сааруулж чадна” хэмээн уриаллаа.

          Мөн талбайд сурагчдын гар зургийн бүтээлүүдийг дэлгэн харуулсан I өртөө, байгальд халгүй техник технологиудын талаар танилцуулсан II өртөө, Танин мэдэхүйд тулгуурласан уур амьсгалын талаар УЦУОШАлбаны III өртөө, од эрхэсийг дурандсан IV өртөө тус тус ажилласан нь хүүхэд багачууд, иргэдэд ихээхэн сонирхолтой байлаа.

          2015 оны 03 сарын 28-ны өдөр Алтай хотод салхи 16 м/с - 20м/с хүртэл шуурсан ч арга хэмжээ эхлэх үеэс салхи намдаж  Алтай хотын төв талбайд нийт 750 орчим хүн цугларан нэгэн оройг эх дэлхийнхээ төлөө хамтдаа өнгөрүүллээ.

             Эх дэлхийн цаг арга хэмжээний талаар иргэдийн  мэдлэг нэмэгдэж, оролцох оролцоо нь  жил ирэх тусам сайжирч байна.

 

 

 

Мэдээ оруулсан : 2015-04-01 16:22:19
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.