Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ус – Үнэлэгдээгүй эрдэнэ

                Одоохондоо элбэг болохоор нь бид усыг үнэлэхгүй байна. Гэтэл усгүйгээр хүн нэг ч хоног амьдарч чадахгүй. Цөлд цангаад үхэх гэж байгаа хүн аяга усны төлөө алт, мөнгө, юугаа ч хайрлахгүй. Ус гэх энэхүү нандин эрдэнийн бодит үнэ цэнийг хүмүүс бид хэзээ, яавал бүрэн ойлгож, түүнийг хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэх юм бэ? Бүх усаа барж, хатаж үхэхийн даваан дээр л ойлгох гэж үү?

                  ЮУН УСНЫ ӨДӨР ?

                Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ) 1992 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр гэж тунхаглаад, орон бүр усаа яаж хэрэглэж, хэрхэн хандаж буйгаа дахин нэг эргэн харж байхыг уриалжээ. Ус хомсодсноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн (түүний 11 мянга нь таваас доош насны хүүхдүүд) нас барж байна. 2050 он гэхэд 48 орны хоёр тэрбум хүн усаар гачигдах гэнэ. Шалтгаан нь юу вэ? Нэг талаас манай гаригийн усны нөөцийн 98 хувь нь давстай, нэг хувь нь туйлын мөсний дор бол мөн нэг хувь нь гол нуур, газрын дорх буюу ашиглаж болох цэнгэг ус аж. Нөгөө талаас дэлхийн хүн ам ихээхэн өсөж, усны хэрэглээ түүнээс ч хурдан нэмэгдсээр байгаа юм. Мөн хорлонтой юм шиг, дэлхийн хотуудын 95 хувь нь хэрэглэсэн усаа гол, цэвэр усны эх үүсвэр рүү хаяж байна.

              Монголд ч гайхуулах зүйл байхгүй. Өнөөдөртөө хэн нэг нь цангаж үхээгүй ч тэр чиглэл рүү л “галт тэрэг” хурдалсаар байгаа. Хүн амын талаас илүү нь нүүж ирээд буучихсан Улаанбаатар хотын хувьд л гэхэд, цэвэр усны ганц эх үүсвэр болох газрын гүний ус нь 15 метрээр доошилж, 2017 оноос усны хомсдолд орохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Яагаад гэвэл нэг талаас хотын усны хэрэглээ нь өсөж, үр ашиггүй зарцуулан, нөөц нь илт багасч буйгаас, нөгөө талаас байгаа усаа оршин суугчдад хүргэдэг дэд бүтэц нь муудаж, зэврэн цоорсноос олон газарт зэрэг зад үсрэх  магадлал  маш  өндөр  болжээ.

             УС ХААНААС ИРДЭГ ЮМ БЭ?

            Алтай хотын ундны цэвэр усыг Хяргас нуур,  Завхан голын сав газарт харъяалагдах Харзат, Олон нуурын бүсэд тарсан 5 гүний худгаас 1 байрлалд татан нэгтгээд, улмаар Алтай хотын төв дахь 2 том усан санд хуримтлуулдаг. Газар доор сүлжилдсэн 34 км урттай бүдүүн, нарийн, ган, хуванцар хоолойгоор цэвэр усаа түгээж таны орон сууцанд, үйлдвэр, аж ахуй болон албан байгууллагад хүргэдэг. Гэр хороололд 20 худагт таван тоннын цистернээр түгээнэ. Монголд ус үнэгүй учир өөрийн худагтай хэн боловч усаа хэдийг ч, хэзээ ч, яаж ч хэрэглэж болдог.

           Монголчууд бид усных нь үнийг биш, харин усыг цэвэрлээд, тээвэрлээд хүргэж өгсөн үйлчилгээний төлбөрийг л төлдөг. Та орон сууцанд амьдардаг бол нэг литр цэвэр усны үйлчилгээнд 1.6, үйлдвэр, аж ахуйн газрууд 2.75 төгрөг /л төлж байгаа. Гэр хорооллын ус түгээх газарт нэг машин усыг дунджаар 50046 төгрөгийн зардлаар хүргээд, нийт 15000 төгрөг буюу нэг литрийг нь гурван төгрөгөөр борлуулдаг тул 35046 төгрөгийн алдагдал гардаг. Цэвэр буюу ундны усыг ийнхүү төвлөрүүлж, цэвэрлэж, хадгалж, түгээж, хамгаалж байдаг “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ нь 2013 онд 5, 2014 онд 24.4 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тул юун усны дэд бүтцийг сайжруулах билээ, арай чүү л амь залгуулдаг аж. Усны дэд бүтэц 50-60 жилийн настай тул хичнээн их хөдөлмөр шингэсэн цэвэр ус эцэстээ таны байранд зэвтэй, шар өнгөтэй болоод ирж байгаад гайхах хэрэггүй. Харин ч удаан тэссэн төмөр хоолой зэвэрч нарийсаад, ус нэвтрүүлэх үүргээ гүйцэтгэж байгаа нь их юм.

          ИРСЭН УСАА ИНГЭЖ АШИГЛАСААР БАЙХ УУ?

           Орон сууцныхан цэвэр усаар хоол ундаа хийж, хог шороогоо цэвэрлэж, машин тэргээ угааж, жорлонгоо ч зайлдаг учир өдөрт нэг хүн 276 литр ус хэрэглэдэг нь өндөр хөгжилтэй орны том хотынхоос 2-3 дахин илүү тансаглал аж. Харин гэр хорооллынхон усаа худгаас хашаа руугаа өөрсдөө зөөдөг тул өдөрт нэг хүн 8-10 литр хэрэглэж байгаа нь дэндүү бага, гачлан гэлтэй.

         Үйлдвэр, аж ахуйн газрууд цэвэр усыг ихэнхдээ үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг мөртлөө хэт бохирдуулсан, ялангуяа амьтны арьс шир, ноос угааж боловсруулсан усаа ялгаж цэвэрлэхгүй байна. Алтай хот нь хэрэглээний халуун усгүй учир цэвэрлэх байгууламж нь бүрэн цэвэрлэгээ хийж чаддаггүй мөн тэд үйлдвэрлэлийн хортой, хогтой усаа төв цэвэрлэгээний сүлжээнд нийлүүлснээс хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулж байгаа юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа төвлөрсөн цэвэрлэгээний газар хүний болон үйлдвэрийн бохир хаягдлыг цэвэрлэсэн нэртэйгээр Харзатын хөрс шорооруу шахаж Алтай хотын ард иргэдийг хордуулсаар байна. Хүйтний улиралд өтгөн утаан, дулаан цагт өмхий үнэрт нэрвэгдсэн иргэд халаглан ярилцахаас өөр яахаа мэдэхгүй сууна.

         ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, АХ ДҮҮ НАР АА!

        Дэлхийн усны өдөр Монголчууд ч бас ус гэдэг нандин эрдэнээ яаж ашиглаж, хандаж байгаагаа эргэн нэг харах ёстой. Гурван жилийн дараа Алтай хотод усны хязгаарлалт ил далд, их багаар хийж эхлэхээс өмнө иргэд бид тодорхой алхам хийх учиртай. Тайшир, Гуулин усан цахилгаан станцын технологийн буруу шидлээс болж загас бөөнөөрөө үхсээр олон жил боллоо. Алтай хотын иргэд биднийг ч загасны энэ хувь заяа хүлээж болох талтай. Бүх амьтнаас ганцхан загас л барьсан ч, алсан ч, шарсан ч дуу гаргадаггүй. Бид загас арай болчихоогүй учир дуугаръя. Бид дуу хоолойгоо нэгтгэж зарим ажлыг хийж эхлэх цаг  болжээ. Тухайлбал:

- Нэгдүгээрт  усны үнэ цэнийг хүн бүрт танин мэдүүлэх, улмаар усанд хандах сэтгэлгээгээ өөрчлөх, усыг зохистой хэрэглэж, арвилан хэмнэх соёлыг хэвшүүлэх,

- Хоёрдугаарт хорвоо дээр хамгийн үнэ цэнэтэй цэвэр усаа зөвхөн унданд хэрэглэх, ашигласан усаа цэвэрлээд бусад боломжит бүх хэрэгцээгээ хангах, бороо, цасны усыг ашиглах, иж бүрэн төлөвлөгөө гаргаж сум бүрт хэрэгжүүлэх, түүний дотор үйлдвэрийн зориулалтаар ашигласан усны дүгнэлт гаргуулж төлбөрөө төлхийг шаардах, үгүй бол үйл ажиллагааг нь зогсоох.

- Гуравдугаарт, Сум бүрт боломжтой бүх газар голын усны 20 хүртэлх хувийг тогтоон барьж усан сангууд байгуулах, юуны өмнө Гэгээн нуурын орчимд ногоон байгууламж амралт зугаалга, наран шарлагын орчин үеийн төв байгуулах шаардлагатай байна.

Монгол ах дүү нар аа! Аз жаргалтай, эрүүл амьдралын ундарга болсон ариун усаа эхийн сүү шигээ хайрлах цаг иржээ. Та бүхэнд Дэлхийн усны өдрийн мэнд дэвшүүлье!

Мэдээ оруулсан : 2015-03-18 18:25:32
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.