Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Сумын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ

          Ногоон хөгжлийн бодлого баримталж байгаа өнөө үед иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд удирдлагуудын зөв шийдвэр хамгаас чухал болоод байна.  Иймд орчны бохирдлыг буруулах, хог хаягдлын зохистой менежментийг сум орон нутагтаа бий болгох зорилгоор  дараах зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар сумын Засаг дарга нарт дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:

  1. Хог хаягдлыг устгах цэг болон хог хаягдлын цэгийн байршлыг тогтоохдоо Хог хаягдлын тухай хуулийн 16.1.1 дэх /Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглоно/ заалтанд заасныг баримтлах
  2. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Хог хаягдлын тухай хуулийн 20.2 дахь заалтанд заасны дагуу сумын төсөвт төвлөрүүлэн, тус хуулийн 20.3 дахь заалтанд заасны дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих, мэдээлэл, сургалт, сурталчилгаанд зарцуулан ажиллах
  3. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллах
  4.  Хог хаягдлыг устгах үйл ажиллагааг эрх бүхий иргэн, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр эрхлэн байгальд ээлтэй аргаар гүйцэтгүүлэх, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч ажиллах
  5. Хур хог хаягдал болон хогийн цэгийг дарж булах аргаар устгахдаа Байгаль очинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, хогийн цэг байгуулах болон дарж булах газар түүний орчинд гадаргын болон гүний усны судалгаа хийлгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах
  6. Аюултай хог хаягдлыг стандартын шаардлага хангасан зориулалтын байгууламжид устгуулах /ялангуяа мал эмнэлэг болон хүн эмнэлгийн/
  7. Хог хаягдлын тухай хуулийн 22.2 дахь заалтанд заасны дагуу хог хаягдлын тухай хууль тогтоомжоор тогтоосон захиргааны үүргийн биелэлтэд хяналт тавих олон нийтийн байцаагч ажиллуулах зэрэг болно.

      Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласнаар сум орон нутагт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, орчны бохирдол бууран, хог хаягдлаас үүсэх аливаа эрсдэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, хог тээврийн үйлчилгээний зохистой менежмент бий болох юм.

Мэдээ оруулсан : 2014-12-01 17:19:58
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.