Тусгай хамгаалалттай газар нутаг

Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргааны 2014 оны ажлын тайлан

МОНГОЛ ЭЛСНИЙ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН 

ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ  2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2014.11.15                                                                                                                        Сайн-Уст

Нэг. Дотоод ажил

Тус  хамгаалалтын захиргаа нь  2014 онд  өөрийн харъяа  Дархан цаазат Хасагт хайрхан уул болон Монгол элсний байгалийн  цогцолборт  газрын бүс  нутгийг хариуцан  байгаль орчны   салбарын  болон бусад  хууль тогтоомж , тусгай  хамгаалалттай газар  нутгийн нийтлэг  хийгээд  тусгай горим , хууль эрхийн акт, дүрэм журмыг мөрдлөг болгон  ажилладаг.

Тус байгууллагын 2014-2018 оны  менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж түүний дагуу жил жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.

   Тус байгууллага нь нийт 11  орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж  ажиллагсдын нэгдсэн  хурлыг сар  бүр хийж,  ажлаа дүгнэн, ажилтан нарын тайланг тус бүрээр нь хэлэлцэж, дараагийн улиралд хийх ажлаа төлөвлөн ажилладаг.

      Тухайн байгууллагын жилийн ажлын үндсэн  зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөлт, гарган ажилладаг. Үүнд:

  • Байгаль хамгаалагчдыг  ажлын   арга зүйд сургах, мэдлэг чадварыг  дээшлүүлэх чадваржуулах
  • ТАХ-ийн ёс зүй, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэх
  • Байгаль, түүх-соёлын өвийн судалгааг хийх бүртгэлжүүлэх ,  сэргээх, хамгаалалтыг сайжруулах
  • Судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх,  сурталчилах
  • Хяналт шалгалтыг сайжруулах  г.м.

Үндсэн зорилтоос гадна нийт ажилтан, ажиллагсдад  дараахь шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах зөвлөмж бичиг  гаргасан.

  • Нийт ТАХ-д ажлын байранд тавигдах үндсэн шаардлага хангаж, ажилдаа шинийг санаачлан үр дүн гаргаж ажиллах
  • Байгууллагын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор улирал бүр тооллого явуулах, хариуцсан эзэнтэй болгох, хяналтыг сайжруулах
  • Ажиллагсад, байгаль хамгаалагчид  мэдээ, тайланг тогтоосон хугацаанд ирүүлж хэвших
  • Байгууллагын мэдээллийн самбарыг цаг тухай бүр шинэчлэх
  • Нийт ажиллагсад тайлан, илтгэл зэрэг бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, бичиг төлөвлөх, боловсруулах, найруулга зүйн чадварыг бүрэн эзэмшихэд өөрийгөө дайчлан ажиллах
  • Байгууллагын дотоод ажлын эмх цэгц, бичиг баримт, мэдээллийн сангийн  бүрдүүлэлт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулан  ажиллах

1.2. БОНХЯамны ТХНУГазар, Говь-Алтай аймгийн  МХГазраас байгууллагын санхүүгийн баримт бичигт болон улсын байцаагчийн ерөнхий шаардлага, стандарт хангах үйл ажиллагаа, БЦГ-ын хамгаалалтын горим, дэглэм, судалгаа шинжилгээний ажлын явц, үр дүнд  хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил, өгсөн заавар зөвлөгөөг байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна.

1.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны   дарга, мэргэжилтэн нар сар бүр орчны бүсийн Хөхморьт ,  Жаргалан , Баян-Уул сумдын   БЦГ-ын хязгаарлалтын болон орчны бүс нутагт ажиллаж,  ус  ургамал амьтан, түүх, соёлын өв  зэрэг аялал жуулчлалын нөөцийг нарийвчлан тогтоож, шинэ маршрут тогтоох, ойн болон Соёлын өвийн  судалгаа,  Баянбүрдийн тоо толгойн судалгаа,  хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Мөн байгууллагын халаалтын  асуудлыг шинэчлэн шийдвэрлэж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олон  Ховд аймгийн Мөнххайрханы Байгалийн цогцолборт газрын  хамт олноос туршлага судлах солилцох  журмаар  ажил байдалтай танилцаж  тодорхой хэмжээний туршлагыг  судалж ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.

        Архив албан хэрэг хөтлөлтийг стандарт журамд нийцүүлэн хөтөлж хэвшсэн.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байна.

Ажилд орохыг хүссэн-12 , ажлаас гарах - 3 өргөдөл ирсэнийг хуулийн хугацаанд шийдвэрлэж  хариуг мэдэгдэх хуудсаар өгсөн.

 

 

Хоёр. Орчны бүс, олон нийтийн оролцооны талаар

2014 оны 1 дүгээр улиралд  хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн   нар орчны бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилагсдад хамгаалалтын захиргааны 2013 онд хийсэн жилийн ажлын тайлан, бүс нутагт ажилладаг байгаль хамгаалагч нараар  ажлын тайлан тавиулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сумдын удирдлагаас гадна байгаль орчин, хууль хяналтын байгууллагын ажилтан нар оролцож, цаашид байгаль-экологийн бүрэн бүтэн байдал, хуулийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллах талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Орчны бүсийн сумдын  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд хамгаалалтын захиргааны дарга, хяналт хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар багтдаг бөгөөд тус зөвлөлд байгууллагаас хийсэн  2013  оны  ажлын тайланг тавьж хэлэлцүүлж, 2014 онд хийх ажлын  төлөвлөгөөг танилцуулав.

Хамгаалалтын горим, хууль тогтоомжийн хэргэжилт, хяналт шалгалтын ажил Хамгаалалтын захиргаанаас орчны бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын ажилтан, албан хаагчидтай  уулзаж, байгаль орчны талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллах, байгаль орчны хяналтын ажлыг сайжруулах зорилгоор хамтын хяналт шалгалт хийх, пост эргүүл ажиллуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

 Орчны бүсийн сумдад Орчны бүсийн зөвлөл, сумын байгаль орчны байцаагч байгаль хамгаалагч нартай  үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хийх ажлын төлөвлөгөө боловсруулан гаргаж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

  Цөлжилтийг багасгах зорилгоор ногоон байгууламж байгуулахаар Япон улсын  Ногоон байгууламж төслийн газартай  хэлэлцээр хийснээр тус Хөхморьт сумын нутгийг сонгон авч 2015 онд ажлаа эхлүүлэхээр болсон.

           Хөхморьт , Баян-Уул , Жаргалан  сумдын Тусгай хамгаалалттай  газар нутгийн орчны бүсийн  зөвлөлийг байгуулж зөвлөлийн  даргыг  сонгон ажиллаж байна.

   Орчны бүсийн нутгаар ДБХСан, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан   бөхөнгийн тооллогын ажилд  Хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр  явж тооллогыг хийсэн.                                                

   Гурав.  Хяналт шалгалтын ажил

Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хамтарсан эргүүл шалгалтын ажлыг байгаль хамгаалагч нар хаиуцсан газартаа  улиралд 2 удаа  зохион байгуулж хэвшсэн. Тухайн  ажлыг зохион байгуулах гол зорилго нь : Байгаль орчныг  хамгаалах тухай хууль  болон Тусгай хамгаалалттай  газар нутгийн тухай  хууль, Тусгай хамгаалалттай  газрын орчны бүсийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж , байгалийн  эсрэг  гарч болзошгүй гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх , тухайн  нутаг  дэвсгэрт  оршин суугаа иргэдэд ТХГН-ийн  тухай хууль дүрмийг  сурталчилахад гол зорилго оршино.

 Дархан цаазат Хасагт Хайрхан уулын бүс нутагт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай” албан тоотын дагуу хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар ухуулага сурталчилгаа, эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж, ард иргэдэд 2014 оны 06 дугаар сарын 10-н хүртэл бугын эвэр түүхгүй байхыг анхааруулж, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, гарын авлага танилцуулга материал тараалаа.

Монгол элсний байгалийн Цогцолборт газар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт буюу “Эрээн нуур”-ын амралтын газар байнгын ажиллагаатай “пост”-ын барилга, замын хаалтын ажлыг хамгаалалтын захиргааны хамт олон барьж ашиглалтанд оруулсан. Энэ постыг барьж байгуулсанаар байгалийн цогцолборт газар нэвтэрч байгаа аялагчийн судалгаа, байгууллагын өөрийн орлогыг бүрдүүлэх нэвтрэх хураамж тасалбарыг тасдах, цогцолборт газрын дэглэмийг сахиулж бидний тавих хяналтын ажил сайжирна гэж үзэж байна.

Мөн энэ оны 05 дугаар сарын 30-31-н хүртэл байгалийн цогцолборт газар хамтарсан эргүүл шалгалтыг хийсэн. Энэ үед Монгол элсний байгалийн цогцолборт газрын орчны бүс нутаг буюу Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт Сольжир уулын ар бэлд “шинжлэх ухаан технологийн их сургууль геологи, газрын тосны сургууль” гэх сургуулийн албан тооттой 6801 ГАА улсын дугаар пургон машинтай судалгааны баг байрлаж байхад нь шалгалт хийсэн.

Шалгалтаар бичиг баримтны зөрчилтэй Говь-Алтай аймгийн байгаль орчны газарт мэдэгдээгүй зохих зөвшөөрөл аваагүй нь тогтоогдож уг судалгааны багийн бичиг баримтыг нь хурааж Говь-Алтай аймгийн байгаль орчны судалгаа хариуцсан мэргэжилтэн Мөнгөнчимэгт шилжүүлэн өгч асуудлыг шийдлээ.

2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгаль хамгаалагч М.Гангэрэл, Р.Сайханбаяр нар байгалийн цогцолборт газар Эрээн нуураас Сангийн далай хүртэл эргүүл хийсэн. Уг ажлаар ямар нэгэн ноцтой зөрчилгүй Эрээн нуурын эрэг дагуу аялагчдын ил задгай хаясан хогийг цэвэрлэж устгажээ.

Монгол элсний байгалийн цогцолборт газрын Орчны бүс нутаг Монгол Бөхөнгийн байршил газраар Говь-Алтай аймгийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч Б.Жамц, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч О.Балдан нар хамтран эргүүл хийж, ард иргэдэд амьтаны тухай хууль болон хариуцлагын талаар сурталчилгаа хийлээ. Ямар нэгэн зөрчилгүй байна.  6 дугаар сарын 7-ны өдөр архигүй, тамхигүй, хог хаягдалгүй Хөхморьт сумын Морьт хайрханы овоо тахилга болов. Энэ өдөр хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар хяналт тавьж ажиллаа.

Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй нь сайшаалтай ч хамгаалалтын захиргаа цаашид хяналт шалгалтын ажлыг улам боловсронгуй болгож ажиллах тал дээр анхааран ажиллах нь зүйтэй юм.

Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас байгалийн цогцолборт  газрын  нутаг дэвсгэрээр эргүүл хяналт шалгалт , сурталчилгаа хийсэн  талаар:

Энэхүү  ажлыг ЗДТГ-ын даргаар батлуулсан удирдамжийн дагуу 4 хоногийн  хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Тус ажилд : мэргэжилтэн-2  байгаль хамгаалагч-2 оролцож  ард иргэдэд  сурталчилгаа , эргүүл шалгалт хийсэн.

Эргүүл хяналт шалгалт түр пост  ажиллуулах тухай:

МЭУТХГНХЗахиргааны даргын 2014 оны 09-р сарын  04-ны өдрийн А/25 тоот тушаалын дагуу хяналт шалгалт хариуцсан  мэргэжилтэн, 3 байгаль  хамгаалагч нар Хасагт Хайрханы ДЦГ-т хулгайн модны  эсрэг гарч болзошгүй  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  таслан зогсоох ,  зөрчлийг илрүүлэх  зорилгоор  7 хоног  түр постонд  гарсан.  Уг пост ажиллах  хугацаанд ямар нэгэн зөрчил илрээгүй болно.

Хөхморьт сумын орчны бүсийн нутагт багтах Баянхудагт  хайгуулын компани ажиллаж байгаатай холбоотой иргэдээс ирсэн санал гомдолын дагуу  тус байгууллагаас баг бүрэлдэхүүн сумын Хэсгийн төлөөлөгч нар хамтран хяналт шалгалт хийсэн боловч зөрчилгүй байсан нь тогтоогдсон.

                      Бүсийн сумдад  өөрийн болон  бусад  аймаг орон  нутгаас  ирж, зарж  борлуулж  байгаа байгалийн  гаралтай  бүтээгдэхүүнд  тавих хяналтыг  сайжруулж , тэдгээрийн  зөвшөөрөл, баримт бичгийг  шалган  ажиллаж байна.

Дөрөв. Сургалт-сурталчилгаа, аялал жуулчлал

2014 оныг  Байгаль орчин , ногоон хөгжлийн яамнаас “ Байгаль орчныг сурталчилах, мэдээлэл”-ийн жил  болгосонтой холбогдуулан  байгаль орчны багц хуулиудын талаар  болон холбогдох  дүрэм журам, ногоон хөгжлийн  үзэл баримтлалын талаар орчны бүсийн сумдын  төв  хөдөө багийн ард иргэдэд сурталчилан таниулах ажлыг  хийж гүйцэтгэлээ. 

4.1. Орчны бүсийн сумдын  ЗДТГ-ын мэдээллийн самбарт байрлуулсан хамгаалалтын захиргааны мэдээллийн самбарын материалыг шинэчлэн,  БОНХС-ын 2014 оны А-61 тоот тушаал, БО-ны тухай багц хууль,  амьтан, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ болон холбогдох бусад мэдээ, мэдээллийг  оруулан гарын авлага тараах материал хийж ард иргэдэд тараан  ажиллав.

4.2.  Нээлттэй хаалганы өдрийг 3 удаа зохион байгуулсан. 2014 оны 05-р сарын 22-ны өдөр  Хөхморьт суманд , Дэлхийн байгаль орчны өдрөөр 06-р сарын 05-ны  өдөр Говь-Алтай аймагт, 10-р сарын 20-ны өдөр Хөхморьт суманд тус тус     нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж  Тусгай хамгаалалттай  газар нутаг,  байгууллагын үйл  ажиллагааны эрхэм зорилго, үндсэн үйл ажиллагааг ард иргэдэд  танилцуулж  гарын авлага тараалаа.  Нээлттэй хаалганы өдөрт давхардсан тоогоор нийт  2320 хүн   хамрагдсан.

      4.3. “Биологийн олон янз байдлын олон улсын  өдөр”-өөр  Хөхморьт сумын Засаг даргын  Тамгын газар, ЭКО клубын  сурагч хүүхдүүдтэй  хамтран Бөхөнгийн нэг  өдөр жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулж , баг байгууллагуудын дунд  Байгаль эх дэлхийтэй холбоотой асуудлаар  гарын авлага тарааж  АХА , дууны тэмцээн, Гар бөмбөгийн тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан.

   4.4. Хөхморьт сумын  9-н жилийн дунд сургуулийн сурагчдын дунд   Монгол элсний  ургамлын  талаар танин мэдэхүйн  сургалтыг зохион байгуулсан.

4.5. Орчны бүсийн  Жаргалан , Хөхморьт сумд  бүх  нийтийн мод тарих  өдрөөр 800 ширхэг суулгац  суулгасан.  300ш бургас, 500 ширхэг улиас  ургалт 90%-тай байсан.   

4.6. ТХГН-ийн болон орчны бүсийн байгаль хамгааллын менежментийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, үр дүнтэй хэрэгжүүлэх, байгаль хамгаалагчийг чадавхижуулах зорилгоор байгаль хамгаалагч нарт 2 удаа сургалт зохион байгуулсан.

4.7. Тус  хамгаалалтын захиргаанаас санаачлан  өөрийн харъяа  байгаль хамгаалагч нарт  сургалтыг  2014 оны 9 дүгээр  сарын 1-2-ны өдрүүдэд Хөхморьт суманд  зохион явууллаа. Сургалтын үеэр оролцогчдын дунд “ТХГН-ийн менежментийг хэрхэн сайжруулах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх, аялал жуулчлалын маршрут, бий болгох, сурталчилан танилцуулах тухай”  ярилцлага хэлэлцүүлэгийг  зохион байгууллаа.

4.8.  .Ховд аймагт  зохион байгуулагдсан Ховд голын усны сав  газраас зохион байгуулагдсан  сургалт  , семинарт  9-р сард 1 байгаль хамгаалагч хамрагдсан.

4.9.Дархан цаазат Хасагт хайрхан, Монгол элсний байгалийн цогцолборт  газарт тус тус сурталчилгааны  самбар 2 –ийг нийт 4 самбар    хийж байрлууллаа.  

     4.11. Монгол элсний  Улсын тусгай хамгаалалттай газрын  Дархан цаазат  Хасагт хайрхан болон Монгол элсний байгалийн  цогцолборт газруудад  аялал жуулчлалын маршрутыг шинээр боловсруулах батлуулж   бүс нутгийн аялал жуулчлалын маршрутыг гаргаж дуусгалаа.

        4.12. Байгууллагын ажлын явц, үр дүн, онцлох шинэ мэдээ, мэдээллийн талаар      Говь-Алтай аймгийн БО-ы газрын  вэб сайтад тавиулах материал бэлтгэж, мэргэжилтэн нарт хүргүүлсэн, мөн Алтай мэдээ сонины  газарт  3  Алтай радиод -2  удаа мэдээ нийтлүүлж, сурталчилсан.

           Дархан цаазат Хасагт хайрхан болон Байгалийн Цогцолборт гаазрын  аялал жуулчлалын  маршрутыг  гаргасан. Мөн аялал жуулчлалын  чиглэлээр үйл ажиллагаа  явуулж байгаа  аж ахуй  нэгж байгууллага, иргэдийн  судалгаа, малчдын өвөлжөө , хаваржаа, зуслан, намаржаа болон  амралтын баазуудын судалгааг гаргаж  газар ашиглалтад бүртгэсэн.

 

Тав.  Судалгаа шинжилгээний ажил

5.1. Байгууллагын төсөв, Ургамал хамгаалах сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамгаалалтын захиргаанаас  ДЦГ-ын  нутагт  Ойн төлөв байдлын судалгааг  2014 оны 9-р  сард ,  БЦГ-т Соёлын өвийн судалгааг 10-р сард тус тус хийж  хэрэгжүүлсэн.

Ойн төлөв байдлын судалгааг  Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын ой, цөлжилт хариуцсан мэргэжилтэнтэй, Соёлын өвийн судалгааг Говь-Алтай аймгийн  ОНСудлах музейтэй хамтран  хийж гүйцэтгэсэн.  Мөн Хээрийн судалгааны камерийн  Дархан цаазат Хасагт хайрхан ууланд  2 ширхэгийг байрлуулсан  Камерт өртсөн  зураг:

  

          Ойн төлөв байдлын  судалгааны ажлын үр дүн:

Судалгааны ажлын  зорилго , зорилт: Хасагт хайрхан уулын  ДЦГ-ын ойн төлөв байдлыг тогтоох  ой , ургамал, амьтны  зүйлийн  бүрдлүүдийг судлах зорилготой.

Ойн төлөв байдлын  судалгаа хийх мэдээлэл цуглуулах ажлыг  байршил нутагт хийх.

          Судалгааны ажлын үр дүн болон судалгаа  явуулсан  цаг хугацаа, судалгааны  объектийн онцлог  байдалтай  уялдуулан  дараах дүгнэлтүүд гарч байна. Үүнд

Хасагт хайрхан  нурууны  ДЦГ-ын  хамгаалалтын горимыг сайжруулах, ховор  амьтан , ургамлыг хамгаалах нөөцийн судалгаа хийх, менежментийг боловсруулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хасагт хайрханы нуруу нь  тогтоцын  хувьд  Алтай н нуруу, хангайн нуруунаас тусгаарлагдсан  байгалийн бүс бүслүүрүүдийг агуулсан , нэн ховор , ховор  амьтан  ургамал  бүхий  энэ  онцгой  сайхан  тогтоцтой  газарт  байгаль хамгаалагчийг нэмж  ажиллуулах нь тохиромжтой   юм.

                                  Соёлын өвийн судалгааны  ажлын үр дүн:

Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын нутаг дахь Хасагт хайрханы нуруу, Монгол элсний дэд районы байгалийн цогцолборт газрын орчимд түүх, соёлын үл хөдлөх өвийг бүртгэн баримтжуулах болсон шалтгаан нь:  Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө уг ажлыг хийх зорилт дэвшүүлсэнд оршино. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг бүртгэн баримтжуулах ажил нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мөн тусгагдсан зорилт юм.

Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ Говь-Алтай аймаг дахь түүх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэн, бүртгэн баримтжуулалтын ажлыг хариуцан ажиллаж буй аймгийн Орон нутгийг судлах музейтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулж, Монгол элсний УТХГНХЗахиргааны аялал жуулчлал, судалгаа шинжилгээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Х. Ариунчимэг, жолооч Ж.Эрхэмбаяр  нар, ОНСМузейн Бүртгэл мэдээллийн санч О. Нэргүй, Сан хөмрөгч Б. Сарангэрэл нар баг болон хамтран ажиллахаар шийдвэрлэсэн бөгөөд бүртгэн баримтжуулалтын ажил 10 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн.

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙН ТООН ДҮН

  Гэрээгээр байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд Хөхморьт, Баян-уул, Жаргалан сумдын нутагт ажиллаж,  нийт 99 ширхэг түүх, соёлын үл хөдлөх өвийг бүртгэн баримтжуулсан. Үүнээс:

  • Хөхморьт сумд 28 ширхэг
  • Баян-уул сумд  45 ширхэг
  • Жаргалан сумд  26  ширхэг  түүх, соёлын хөдлөх дурсгал  буюу археологийн дурсгал бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн дурсгалуудын гэрэл зургийг өндөр нягтралтай мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар баримтжуулан авч цахим сан бүрдүүлэн 7,5 gb мэдээллийг 2 ширхэг CD-д хадгалж, дурсгал бүрээс 2 ширхэг нийт 190 гаруй кадрыг сонгон фото цаасан дээр тайлбарын хамт 54 хуудас 2 хувь хэвлэн тайланд хавсаргасан.

Тайлбар: Хавсралтанд

  •  Хөхмoрьт сумыг – Хө 
  • Баян-Уул сумыг – Б-У
  • Жаргалан сумыг – Ж
  • Далайн төвшинөөс дээшийг -  дтд гэж товчилсон.

Хө-1 Овгор шар

Хүйсийн говьд Овгор шар нэртэй газар 7.2м голчтой, зүүн хойноо 11.2 м зайд 1 метрийн голчтой 1 цагариган байгууламжтай хиргисүүр бий.

Солбилцол N 47 00 05.9; E 94 25 23.0                          дтд - 1244 м

 

 

Б-У 03. Ханан хад-1

 Бага Бэрх уулын Ханан хад нэртэй урагш харсан, шаргал өнгийн том хадан дээр улаан зосон, цагаан будагтай, сийлмэл хадны зургаас гадна маанийн үсэг сийлсэн байна.

Хадны зурагт ихэвчлэн хүн, янгирын дүрс байна. Мөн чандмань тамга дүрсэлжээ.

Солбилцол N 47 14 05.4; E 94 55 15.5      далайн түвшнээс дээш-1851 м.

 

 

Ж-04. Сүмийн дэн

Хасагт хайрхан уулын ард Сүмийн дэн хэмээх газарт нэгэн шугаманд эгнэсэн таван хүн чулуу бий.  Эдгээр хүн чулуудыг зүүн талаас нь эхлэн дугаарлаж баримтжуулав.

  1. Толгойгүй хүн чулуу. 3.3м х 2.9м харьцаатай дөрвөлжин чулуун хашлагатай, 13 см зузаан, 30 см өргөн, 66 см өндөр хүн чулуу.
  2. 2.8м х 3.2м харьцаатай хашлагатай, 115см өндөр, 37 см өргөн, 20 см зузаантай хүн чулуу.
  3. Хашлагагүй хүн чулуу. 59см өндөр, 14см өргөн, 26см зузаан байна.
  4. 2.7м х 2.6м харьцаатай дөрвөлжин чулуун хашлагатай, 105см өндөр, 38см өргөн, 14см зузаан хүн чулуу.
  5. 1.7м х 2.4м харьцаатай хашлагатай, 94см өндөр, 32см өргөн, 15см зузаантай хүн чулуу.
  6. Хүн чулуугүй 2.3м х 2.6м харьцаатай тахилын байгууламж байна.

Эдгээр хүн чулуунууд хоорондоо хамгийн хол нь 5.5м зайтай, хамгийн ойр нь 1.4 метр зайтай байна.

Солбилцол N 46 51 27.7; E 95 47 52.5                          дтд- 2199

 

 

Зургаа. Байгалийн нөөц Биотехник, нөхөн сэргээлт

Дархан цаазат Хасагт хайрхан  ууланд биотехникийн  арга хэмжээнд  1.1  тн  өвс бэлтгэж  нөөцөлсөн.

 

     

     

Орчны бүсийн сумдын төв, суурин газруудад байгаль хамгаалах сарын ажлын хүрээнд  бүх нийтээр орчны хог хаягдлаа цэвэрлэх аяныг сумдын  ЗДТГ-тай хамтран  зохион байгууллаа.

Байгаль хамгаалагчид хязгаарлалтын бүс нутгуудад хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, Жаргалан  сумын эрээн нуур орчмын  хог хаягдлыг  цэвэрлүүлэхэд багуудын иргэдийг  зохион байгуулан байгаль хамгаалагчид хамтран хийж гүйцэтгэлээ.

       

Баянбүрдийн  тоо толгой тогтоож төлөв байдлыг тогтоох талаар :Монгол элсний байгалийн цогцолборт газрын байгалийн баянбүрдүүдийн тоог тогтоох ажлын бүрэлдэхүүн 3 өдөр явж хэмжилт хийж зурагжуулан   ажиллаа. Хөхморьт сумд -6, Жаргалан сумд-1, Баян-Уул сумд-1  ширхэг нийт   8   жижиг баянбүрд  бүртгэгдлээ.

Долоо. Тэмдэгжүүлэлтийн талаар Хамгаалалтын бүсийн  хилийн заагийг  тогтоох  тэмдэгжүүлэх ажлыг  хийж гүйцэтгэлээ. Нийт 2014 онд 10 багана зоож тэмдэгжүүлсэн.                 

       Найм.Дүгнэлт :

Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас санаачлан хэрэгжүүлсэн уг судалгааны ажил нь байгалийн цогцолборт газар нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх өвийн талаархи анхан шатны мэдээллийн санг бүрдүүлж, цаашид энэ мэдээлэл нь ихээхэн эерэг үр дүнд хүрэх шинэлэг  бүтээгдэхүүн үйл ажиллагаа боллоо.

Үйл ажиллагааны явцад ажиглахад түүх, соёлын өвүүд нь элсэн дунд бус элсний хүрээ захаар оршиж байгаа нь тогтоогдсон. Энэ нь 3 шалтгаантай байж болох юм.

  1. Элсний нүүдэл зэрэг байгалийн өөрчлөлтөнд дарагдсан.
  2. Археологийн дурсгалуудын гол түхий эд болох чулуу, боржингууд байгалийн энэ хэсэгт ховор.
  3. Энэ бүс нутагт эртнээс хүмүүс цөөн суурьшсан.

Байгалийн цогцолборт газрууд, тусгай хамгаалалттай бүс нутаг дахь түүх, соёлын өвийн судалгааг хийж, бүртгэн баримтжуулснаар байгаль, түүхийн хосолмол аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн эерэг нөлөөтэй бөгөөд анхан шатны баримтууд судалгааны материалыг бүрдүүлэн хадгалснаар шинжлэх ухааны нарийн судалгаа явуулах үндэс нь болох боломжтой.

Байгалийн орчин болон түүх, соёлын дурсгалуудыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд  хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулан харилцан мэдээлэл солилцож, нэг нь нөгөөгийнхөө үйл ажиллагааг нийтэд сурталчлаж ингэснээр шинээр хандивлагчдыг татах аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц нээнэ.

Түүх, соёлын өв, археологийн дурсгалуудын тухай, тэдгээрийг хамгаалахын ач холбогдол, бүртгэн баримтжуулах судалгааны ажилд оролцох анхан шатны мэдлэг, уг ажилд шаардагдах техник, багаж тоног төхөөрөмжтэй ажиллах чадварыг байгаль орчны салбарын ажилтнуудад олгох нэн шаардлагатай байна. Ингэснээр  байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт түүх, соёлын үл хөдлөх өвийг хамгаалах, түүний эсрэг үйлдэлд арга хэмжээ авч хариуцлага тооцох үйл ажиллагаа идэвхжих мөн дурсгалуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах мэргэжлийн байгууллага, ажилтнуудтай шуурхай мэдээлэл солилцох ач холбогдолтой юм. 

 

МОНГОЛ ЭЛСНИЙ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА