Тусгай хамгаалалттай газар нутаг

Гаршуулсан хавтгайн сүрэг наймаар нэмэгджээ

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Хавтгай үржүүлгийн төв”-ийн хавтгайн сүрэгт энэ хавар 8 ингэ ботголж, найман ботго мэнд бойжиж байна.

Одоо тус төвийн хавтгайн сүрэг 33 болж, ботготой ингэ нь Ээж хайрхан уулын өвөр, Цагдуултай, Бор сухайд, сувай сүрэг нь Шийрийн хар, Идрэнгийн нурууны өвөр бэлээр задгай бэлчээрт нутаглаж тавлаг сайхан хаваржиж байна.

2013 оноос хавтгай үржүүлэх төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тус үржүүлгийн төвөөс тодорхой насанд нь зэрлэгшүүлэх зорилгоор хээрийн бэлчээрт нь нийлүүлэн тавьдаг байна. Энэ онд анх хавтгайн ботго гаршуулж эхэлсний 30, “Английн хавтгай хамгаалах сан” байгуулагдсны 20, “Монголын хавтгай хамгаалах сан”-гийн 10 жилийн ойнууд тохиож байгаа ажээ.