Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн гайхамшигт 6 амьтныг хамгаалах асуудлаар хэлэлцлээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан Говийн гайхамшиг болсон зургаан амьтдыг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг 9 сарын 15, 16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голын хөвөөнд зохион байгуулсан.

Энэ арга хэмжээ нь “Говийн 6” ховор амьтдыг сурталчилах замаар экосистемийн хамгаалалд талуудыг татан оролцуулах цаашид үйл ажиллагааг нэгтгэх зорилготой юм.

Говь-Алтай аймгийн нутаг Тахийн тал хэмээх Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт Тахийн талын тунхаг бичгийг үйлдэн гаргалаа. Энэхүү тунхаг бичгийг үйлдэхэд БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн БОАЖГ, Хустайн нурууны БЦГ, Хомын тал, ГИДЦГ-ын “А” хэсгийн ХЗ, Монгол улсын их сургуулийн судлаач, эрдэмтэн, багш, Биологийн хүрээлэн болон бусад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, орчны бүсийн сум орон нутаг, малчдын төлөөлөл болох 172 хүн оролцож Тахийн талын тунхаг бичгийг үйлдсэн болно.

Тунхаг бичигт Говийн чимэг, бахархал болсон хулан, хавтгай, мазаалай, тахь, бөхөн, харсүүлт гэсэн зургаан амьтныг хамгаалах, сурталчилах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр 4 аймаг тодорхой ажлуудын саналыг дэвшүүлж хийж хэрэгжүүлэхээр тогтсон болно.