Тусгай хамгаалалттай газар нутаг

Хар Азаргын нурууны байгалийн нөөц газар

Хар Азаргын нуруу нь Говь-Алтай аймгийн Цээл, Халиун сумын нутгийг дамнан оршдог бөгөөд монгол орны шинэсэн ойн тархалтын хамгийн өмнөт хил болдог. Хар Азаргын нурууны ойн сан бүхий газар 30 000 орчим мян/га талбайтай. Халиуны хоолой, Шаргын Цагаан нуурын усыг хөрсөн доогуур тэтгэж байдаг Урд, Дунд, Хойд Улиастай, Бургаст, Бор гол, Салааны гол, Цагаан гол, Цангилахын голууд эх авдаг голуудын сав нутаг. Эдгээр голуудын ус нь говийн байгалийн оршин тогтнох үндэс болж байдаг юм.

Хар Азаргын нурууны ар бэл, хойд хоолойд Говь-Алтай аймгийн нийт заган ойн 8 хувь тархдаг бөгөөд энэ заган ойн бүхий нутаг шинээр тусгай хамгаалалтанд авсан байгалийн нөөц газрын хилд орж байгаа юм. Хар Азаргын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авснаар Монгол Алтайн нурууны байгалийн өвөрмөц сонин тогтоцтой ландшафтын хуурай хээр, цөлжүү хээрийн бүсийн ландшафтын хослолыг тэнд оршин амьдрах буга, ирвэс, аргаль, янгир, шилүүс зэрэг монголд төдийгүй дэлхийд ховордож буй ан амьтадтай нь ойн сан бүхий нутгийн голуудын эх, голын сав нутгийг хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Мөн ландшафтын иж бүрдлийг хамгаалахын зэрэгцээ, энэ нурууны түүх, соёл, шашны дурсгалуудыг хадгалан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хар Азаргын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын хамгаалалтанд авснаар Монгол Алтайн уулсын экосистемийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадгалах байгалийн өвөрмөц тогтоц, онцлогийг судлах, бусад нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглах загвар нутаг болгох, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах ач холбогдолтой. Хар Азаргын нуруу нь Монгол Алтайн нурууны цувраа уулсын системийн үндсэн нуруу юм. Энэ нуруу нь хавтгайдуу бөмбөгөр оройтой эгц хажуу бүхий дундаж өндөр уулс, тэдгээрээс эх аван урсах голуудын хөндий хослосон томоохон нуруу юм. Далайн түвшнөөс дээш дунджаар 2500-3100 метр өндөр өргөгдсөн баруунаас зүүн тийш 70 гаруй км сунаж тогтсон хамгийн өргөн газраа Баян-Өндөрийн овооны нуруу орчим 26 км өргөн, хамгийн нарийн газраа Бор гол орчим нарийн хэсгээрээ 10 км өргөн юм.

Хар Азаргын нурууг УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 192,5 мянган  га талбайтай.