Тусгай хамгаалалттай газар нутаг

Мазаалай баавгайн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 07 сарын 16-ны өдрийн 03/07 тоот тогтоолоор мазаалай баавгайг Говь-Алтай аймгийн бахархалт амьтнаар зарласан билээ. 
Мазаалай бол Монголын "Улаан ном"-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Судалгаагаар 27-40 толгой мазаалай үлдсэн гэж тогтоосон ба Говийн их дархан цаазат газрын 2.1 сая га талбайн Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байна. 
Дэлхий нийт төдийгүй монголчууд мазаалайг 1950 он хүртэл мэддэггүй байжээ. Улаан номонд орсон мазаалайг судлах ажил 1950-аад оноос эхлэсэн байдаг. 1953 оноос мазаалайг агнахыг хориглож, дархан цаазат амьтан болгосон. Монгол улсын өмнөд хэсэг Алтайн өвөр говийг мазаалайн гол амьдрах орчин гэж үзээд 1975 онд Их говийн дархан цаазат газар болгон хамгаалалтын захиргаа байгуулж, 1991 онд ЮНЕСКО дэлхийн хүн, байгалийн шим мандлын дархан газрын сүлжээнд бүртгэсэн бол хожим УИХ-аар дархан цаазат газрын эрх зүйн орчныг баталгаажуулсан. 
Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран “Говь-Алтай аймгийн бахархалт амьтан МАЗААЛАЙ баавгайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх ажилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 02 сарын 22-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд, орчны бүсийн сумд, хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа. 
Аймгийн бахархал амьтан мазаалай баавгайг сурталчилан таниулах, иргэд, хүүхэд залуусын мазаалайн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хайрлан хамгаалах сэтгэхүйг төлөвшүүлэх, хамгаалах, амьдрах орчныг тэтгэх ажилд иргэд, албан байгууллагуудыг татан оролцуулахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байлаа. 
Хэлэлцүүлэгт оролцогчид мазаалай баавгайг хамгаалах, сурталчилан таниулах, амьдрах орчныг нь тэтгэх талаар олон санал, санаачлагуудыг гаргасан бөгөөд 2016 онд тусгайлан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллахаар шийдвэрлэлээ.