Тусгай хамгаалалттай газар нутаг

Шаргын нөөц газар

Хамгаалалтад авсан үндэслэл

Монгол бөхөнг хамгаалах зорилгоор Монгол орны баруун хэсэг дэх бөхөнгийн хоёр популяцийн байршил нутгийг 1993 оны УИХ-ын 83-р тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Шарга-Манханы байгалийн нөөц газар нь Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарви, Халиун сумдын нутгыг хамарсан Шаргын говийн хэсэг, Ховд аймгийн Буянт, Манхан сумын нутгыг хамарсан Манханы хэсэг гэсэн хоорондоо холбоогүй 200-аад километр зайтай тусгаарлагдсан нийт 390071 га талбайг хамарна.

Газарзүйн онцлог

Шаргын говь нь Монгол алтайн уулсын төв хэсэг рүү түрж орсон, Шаргын цагаан нуурыг тойрсон хужир марз бүхий хотгортой, цөлөрхөг, чулуу хайргархуу хөрс бүхий тэгш тал газар бөгөөд ландшафтын бүс, бүслүүрийн зүй тогтол богино зайд тод илэрдэг онцлогтой бүс нутаг юм.

 

Ургамал, амьтны аймгийн тойм

Шаргын говийн ургамалжилтын онцлог нь Их нууруудын хотгорын ургамалжилтын ерөнхий зүй тогтолтой төсөөтэйгээр ургамлын бүлгэмдлүүд хотгорын доод хэсгээс зэргэлдээх уулс хүртэл өндөршлийн дагуу үелэн тогтсон байдаг. Шаргын говь, Манханы хэсэгт ургамлын Дэрс-бударгана-улаан бударгана, Давжаа заг, Баглуур, Хялгана-баглуур, Заримдаг сөөгөнцөр-сайрын хялгана, Таана, баглуур- Сайрын хялгана зэрэг бүлгэмдэл зонхилдог. Сайрын хялгана, таана сонгино, хөмөл сонгино, баглуур, шар бударгана, улаан бударгана, заг, сухай, хармаг зэрэг ургамал зонхилон ургана.

Шаргын хотгорт Хүрэнгийн голын хөндий, Хатны худаг, Бага Дарви, Жаргалантын нурууны бэлд хар сүүлтий байршдаг. Уг нутагт саарал чоно, шар үнэг улирал (намар, хавар)-ын байдалтай гүйдлээр тохиолддог. Харин шилүүс мий, цоохор ирвэс ууландаа байдаг. Махчин шувуудаас бүргэд, тас тухайлбал Цармын бүргэд, талын бүргэд, тас байршдаг.

Монгол бөхөн

Шарга-Манханы байгалийн нөөц газрын голлох амьтан нь монгол бөхөн юм. Монгол бөхөн Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос (IUCN,  амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай олон улсын конвенцийн (CITES) II хавсралтад (1995) буюу хатуу чанд хяналтан дор худалдаалах амьтдын жагсаалтад бүртгэгдсэн. Монгол улс бөхөнг 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулсан. Мөн “Монгол улсын Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэл, 1995 оны шинэчлэн найруулсан Ан агнуурын тухай “Монгол улсын хууль”-иар нэн ховор ангилалд оруулан агнахыг хатуу хориглосон