Тусгай хамгаалалттай газар нутаг

Бурхан буудай уулын байгалийн нөөц газар

Хамгаалалтанд авсан үндэслэл

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Нийт талбайн хэмжээ 52110га.

Газарзүйн онцлог

Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг.

Ургамал, амьтны аймаг

Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтдыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласнаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Бурхан буудай уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн нь одоог хүртэл хадгалагдаж байна.