Тусгай хамгаалалттай газар нутаг

Алагхайрхан уулын байгалийн нөөц газар

         Aлаг хайрханы БНГ-ын байршил, байгуулагдсан түүх, зорилго

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт орших Алаг хайрхан уул нь аргаль, янгир, ирвэс, шилүүс, хойлош зэрэг ховор ан амьтад тархсан, вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай, нохойн хошуу, зэрэг эмийн ургамал ургадаг Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсыг төлөөлдөг байгалийн үзэсгэлэнт нутгуудын нэг юм.

УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах мөн ховор, ховордсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад бүртгэн авсан.

Алаг хайрхан уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндий элбэг. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Бүс, Барзан, Алаг хайрхан, Буга хайрхан, Бага хайрхан зэрэг салбар уулсаас тогтдог. Энэ уул нь зүүн талаасаа маш хэц, энэ уулын орой дээрээс Ховд аймгийн Баатар хайрхан, Завхан аймгийн Отгонтэнгэр, Говь-Алтай аймгийн Сутай хайрхан, зэрэг мөнх цаст уулс, Шарга, Цэнхэр номин, Хонь усны говиуд тод харагддаг. Алаг хайрхан уулын ноён оргил нь д.т.д 3738 м өндөрт оршдог бөгөөд Бугат сумын олон гол, горхи, булаг, шандууд энэхүү уулнаас эх авч урсдаг.

           Aлаг хайрханы БНГ-ын хилийн зааг, газар нутгийн хэмжээ

Засгийн газрын 1996 оны 166 дугаар тогтоолоор Алаг хайрхан уулын БНГ-ын хилийн заагийг тогтоосон байна.

Алаг хайрхан уулын БНГ-ын хилийн зааг:  Бижийн голын зүүн талын 2526.0 тоот, зүүн хойш орших 2924.0 тоот Цалуугийн хонхорын эхээр хөндлөн гарч 3168.0 тоотуудаар хязгаарлагддаг.

Газар нутгийн хэмжээ: Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар нь 36400 га талбай бүхий газар нутгийг хамардаг.

Уур амьсгал: Байгалийн эрс тэс уур амьсгалтай, хур бороо бага, жилд унах тундасны олон жилийн дунджаар 71.5 мм, жилийн хамгийн дулаан 7 дугаар сард 36 хэм, хамгийн хүйтэн 1,2-р сард 40 хэм хүртэл хүйтэрдэг.