Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн их дархан цаазат газрын Б хэсэг

Хамгаалалтанд авсан үндэслэл

Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогдоно.

Газарзүйн онцлог

Дархан газрын Б хэсэг нь Зүүнгар- Казахстаны цөлийн мужийн зүүн хэсгийг төлөөлөх бөгөөд Дундад Ази, Казахстан, Төв Азийн u1094 цөлийннөлөөн дор үүсч хөгжсөн өөрийн өвөрмөц онцлогтой. Газарзүйн энэхүү байрлал нь байгаль нөхцлийн хувьд ч, амьтан, ургамлын хувьд ч завсрын шинж төрхийг бий болгодог. Тахийн тал нь Монгол Алтайн нурууны өвөрт, Хөвчийн нуруунаас баруун хойш Тахийн шар нуруу, Хавтаг, Байтагийн уулсын ар бэл, хойд талдаа Булган голоос урагш Бор цонжийн говь, Хонин усны говиос дотогш байрласан өргөн уудам нутаг юм. Уур амьсгалын хувьд Говийн их дархан цаазат газар нь Монгол орны хамгийн халуун хуурай, хур тунадас багатай нутгийн нэгэнд тооцогддог. Усзүйн сүлжээгээр Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарна. Алтайн өвөр говь Монгол орны төдийгүй дэлхийн хэмжээнд усан баялагаар хомс бүсэд тооцогдоно. Зүүнгарын говьд харьцангуй "зөөлөн" уур амьсгалтай бөгөөд тэр нь амьтан, ургамлын аймагт тусгалаа олсон байдаг.

Ургамлын аймаг

Алтайн цаадах говийн амьд байгаль хэдийгээр тодорхой хэмжээгээр хомс боловч Төв Азийн хэт гандуу цөлийн онцлогийг төлөөлсөн өөрийн өвөрмөц онцлог бүхий амьтан ургамалтай. Цөлийн ургамалшлаас зүйл бүрийн бударгана, дэрс, ша мод, буйлс, харгана, заг голлохоос гадна булаг шанд, баянбүрдээр тоорой жигд, хайлаас, сухай, хармаг, гоёо, таана, боролзой, зээргэнэ, шаваг, шарилж, ортууз зэрэг элдэв модлог бутлаг, өвслөг ургамлаар нилээд баялаг, шал тойром, элс манхан зэрэг огт ургамалгүй газар ч мэр сэр тохиолдоно.

Амьтны аймаг

Амьтны аймгийн хувьд тахь, хулан, харсүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, үнэг, чоно зэрэг ховор амьтад тохиолдоно. 1992 оны 6 дугаар сарын 5-нд Тахийн талд Христиан Освальдын сангийн дэмжлэгээр, Монголын засгийн газар, Тахь нутагшуулах үндэсний комисс зохион байгуулж анх 5 тахийг Европоос авч ирсэн. Түүнээс хойш нийт 13 удаагийн тээвэрлэлтээр тахийг нэмж авч ирсэн бөгөөд одоо 140 гаруй толгойд хүртлээ өсөн нэмэгдээд байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах ажлыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Монголын ховор амьтдыг хамгаалах үндэсний комисс, 1999 онд байгуулагдсан Швейцар улсад төвтэй “Олон улсын Тахь групп” хэмээх олон нийтийн байгуулллагатай хамтран гүйцэтгэж байна.