Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны 2014 оны ажлын тайлан

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Тайлангийн хугацаанд тус хамгаалалтын захиргаа БО-ны тухай хууль, ТХГН-ийн тухай хууль, Орчны бүсийн тухай хууль, ТХГН-ийн үндэсний хөтөлбөр, ДЦГ-ын хамгаалалтын горим дэглэм, ГИДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дотоод журам болон бусад холбогдох хууль, тогтоомж, журам, заавруудыг баримтлан ажиллалаа. Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагуудын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон холбогдох бусад хууль, журмын дагуу зарим өөрчлөлт шинэчлэлт хийгдэв. Тус хамгаалалтын захиргаа ГИДЦГ-ын “А” хэсэг, Ээж Хайрхан уулын БДГ-ын хамгаалалт, менежментийг  хариуцан 4 441 475 га талбайд үйл ажиллагаа явуулж батлагдсан орон тоо, төсвийн дагуу дарга 1, мэргэжилтэн 3, байгаль хамгаалагч 19, жолооч 1, нягтлан бодогч,  үйлчлэгч-сахиул тус бүр 1, бүгд 29 орон тоотой ажиллалаа. Байгууллагын бүтэц, орон тоог  Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тоог батлах тухай  БОНХ-ийн Сайдын 2013 оны 01 сарын 04-ний өдрийн А-06 тоот тушаалын хавсралтад заагдсаны дагуу тус хамгаалалтын захиргаанд 34 орон тоотой ажиллахаар баталсан хэдий ч 30 орон тоотой байхаар цалингийн сан батлагдсан тул төсөвт тохируулан ажиллаж байна.

Говь-Алтай аймагт хамгаалалтын захиргааны дарга, нягтлан бодогч нар ажиллаж төрийн албаны зөвлөлд ажлын байр зарлуулан, шинээр зэрэг дэв авах хүмүүсийн материалыг хүргүүллээ.

2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажлаа улирал, сараар төлөвлөн, хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, мэдээлэл сурталчилгааны чиглэлд  голлон анхаарч ажиллалаа.

Хамгаалалтын захиргаанаас 2014 оныг “Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, орчны бүсийн зөвлөлүүдийг чадавхжуулъя” гэсэн уриатайгаар ажиллаж тэдний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар сургалтыг тодорхой давтамжтайгаар өгч ирлээ.

Тайлангийн хугацаанд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ховор амьтан ургамлыг хамгаалах үндэсний хорооны дарга Эрдэнэбат, Цөлжилттэй тэмцэх ажлын албаны дарга Баярбат, Монголын байгаль хамгаалах сангийн тэргүүн Хүрэлсүх, Говь-Алтай аймгийн Засаг дарга н.Амгаланбаатар, засаг даргын орлогч Чинзориг нарын төр, засгийн байгууллагын албаны хүмүүс, аймаг, орон нутгийн удирдлагууд тус байгууллагын үйл ажиллагаа, байгалийн нөхцөл, ажлын онцлог, явцтай газар дээр нь биечлэн үзэж танилцав.

Мөн хамгаалалтын захиргаанаас санаачлан Английн Хавтгай Тэмээ Хамгаалах Сангаас дэмжин санхүүжүүлж Захын усны хавтгай үржүүлгийн төвд ажиглалтын цамхаг барих, хашааг өргөтгөх, булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгээд байна.

Мөн “МАМА” төрийн бус байгууллагын зүгээс Эхийн голд байрлах мазаалай баавгайд зориулсан нэмэлт тэжээл бэлтгэх цехийг байгууллаа.

Тайлангийн хугацаанд ГИДЦГ-ын “А” хэсэгт мазаалайн судалгааны ажлаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эша, доктор Л.Амгалан, Т.Одбаяр, Олон улсын баавгайн нийгэмлэг (IBA)-ийн баавгай судлаач, доктор Харри Рейнольдс, мэрэгч болон хөхтөн амьтдын судалгааны ажлаар МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор Р.Самьяа, шувууны судалгаагаар Биологийн хүрээлэнгийн эша, доктор Ш.Болдбаатар, Хавтгай тэмээний нөөцийн үнэлгээний ажлаар Лондонгийн зоологийн нийгэмлэгийн судлаач Наттан, биологийн хүрээлэнгийн эша Наранбаатар, ХААИС-ийн багш, доктор Балдан нарын судлаачид хүмүүс дархан газрын “А” хэсэгт 7-21 хүртэл хоногийн хугацаагаар тус тус ажиллалаа.

Мөн тус дархан газрын орчны бүсийн 5 сумын удирдлагууд тус бүр 2-3 удаа хамгаалалтын захиргаатай мал өвөлжүүлэх, хаваржуулах гэрээ байгуулах, орчны бүсэд байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах  тухай уулзалт ярилцлага зохион байгуулав. ирхХамгаалалтын захиргаа энэ оны 4, 7-р сард Говь-Алтай аймгийн Алтай сум дахь ХЦ-ийн 6-р хороо, Өмнөговь аймгийн Овоот дахь ХЦ-ийн 7-р хорооны удирдлагуудтай дархан газрын болон хилийн бүсэд байгаль хамгаалах, хил хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэрээгээ 1 жилийн хугацаагаар шинэчлэн байгууллаа.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Мягмансанж, Сэргэлэнбат, Ховор амьтныг хамгаалах үндэсний комиссын ажлын албаны мэргэжилтэн А.Баясгалан, жолооч Я.Адъяа, Амармэнд нарын хамт тус хамгаалалтын захиргааны ажил байдалтай газар дээр нь танилцан, заавар зөвлөмж өгч ажиллав. Мөн 2013 онд “Мазаалай баавгай хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдан хийгдсэн мазаалайн тэжээлийн сав, нарны өргүүртэй худаг, хөв тохижуулсан ажил, газрын генератор зэргийг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт өглөө.

Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнгүүдээс Баянхонгор, Говь-Алтай аймгийн удирдлагуудтай тус бүр 2 удаа, Баянхонгор аймгийн Баян-өндөр, Шинэжинст, сумдад тус бүр 2 удаа, Говь-Алтай аймгийн Алтай, Цогт суманд тус бүр 2 удаа, Эрдэнэ сумд 3 удаа биечлэн очиж байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, хамтран ажиллах талаар санал солилцох, ОБЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж заавар зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж хамтын ажиллагаагаа бэхжүүлж ирлээ.

2014 оны 10 сард ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, МУБИС, АНУ-ын Амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран хавтгайн тооллогын ажлыг амжилттай зохион байгуулж, энэхүү ажилд дээр нэр дурьдсан байгууллагуудаас гадна хамгаалалтын захиргааны бие бүрэлдэхүүн, орчны бүсийн сумдын засаг дарга, БОХУБ, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид хамтран оролцлоо.

Монголын байгаль хамгаалах санд төсөл бичиж санхүүжилт аван мазаалай баавгайн тэжээлийн савны тоог нэмэгдүүлэх, мазаалайд нэмэлт тэжээл тавих, орчны бүсийн сумдын эко клубүүдийн чуулганыг зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

ХОЁР. СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, БИЧИГ ХЭРЭГ:

Сургалтын талаар: 2014 онд байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байлгах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд голлон анхаарч ажилласан. Хамгаалалтын захиргааны дарга, нягтлан, байгаль хамгаалагчид дээд газруудад болон хамгаалалтын захиргаан дээр зохион байгуулагдсан дараах сургалтуудад хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.Үүнд:

  1. 02 сарын 20, 21, 11 сарын 21-нд  хамгаалалтын захиргааны нягтлан бодогч БОНХЯ дээр зохион байгуулагдсан сургалтанд хамрагдлаа.
  2. 02-р сард хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндорж Байгаль орчны удирдах ажилтнуудын зөвлөлгөөн, семинарт  оролцож ирээд захиргааны нийт ажилчид, байгаль хамгаалагч нарт зөвлөлгөөн, семинарын талаар мэдээлэл хийж 2014 онд БОНХЯ-наас баримтлах бодлого чиглэл,  хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд тусгах ажлын талаар танилцуулж үүрэг даалгавар өглөө.
  3. ГИДЦГ-ын хамгаалалтын захиргааны зүгээс боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд байгаль хамгаалагч М.Ганчөдөр, С.Гантөмөр, Д.Түвшинбат нар “Эко ази” дээд сургуульд “Экологи, байгаль хамгаалал” мэргэжлээр, байгаль хамгаалагч Л.Батнасан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд эчнээгээр суралцаж байна. Мөн байгаль хамгаалагч Ш.Сэр-Од, Д.Түвшинбат, С.Гантөмөр нарыг 02-р сард Улс төр менежментийн академаас Говь-Алтай аймагт зохион байгуулсан “Байгаль орчны менежмент, манлайлал”-аар чадавхжуулах хөтөлбөрт хамруулан сертификаттай болголоо. Цаашид бакалаврын боловсрол эзэмшээгүй байгаль хамгаалагчдыг сургах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
  4. 2014 оны 03-р сарын 10-13, 09-р сарын 10-12-нд хамгаалалтын захиргаанаас байгаль хамгаалагчдын семинар, зөвлөлгөөнийг Баянтоорой тосгонд зохион байгуулж нийт байгаль хамгаалагчид бүрэн хамрагдлаа. 3 дугаар сард зохион байгуулагдсан семинарын үеэр хамгаалалтын захиргааны зүгээс байгаль хамгаалагчдад ажлын заавар зөвлөмж өгч, мониторинг судалгаа, дээж материал цуглуулах арга зүй,  зарим нэгэн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах, тайлан болон өдөр тутам хэрэглэгддэг албан бичгүүдийг боловсруулахад гаргаж буй нийтлэг алдаа дутагдал, цаашид анхаарах зүйл, бичиг баримтыг компьютерт хэрхэн боловсруулах, албан бичгийн стандарт болон хяналт шалгалтын ажлыг яаж үр дүнтэй зохион байгуулах, орчны бүсийн сумдын удирдлага, БОХУБ, байгаль хамгаалагчидтай хэрхэн хамтран ажиллах, иргэдийн ухамсарт хэрхэн нөлөөлөх арга замын талаар сургалт зохион байгуулж гэрээ  байгуулан зарим техник, тоног төхөөрөмж, гарын авлага, мотоциклын сэлбэг хэрэгсэл, нормын хувцас хуваарилан олгож ихээхэн үр дүнтэй зохион байгууллаа. Мөн тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран “Анхан шатны тусламж үзүүлэх арга”, “Хээрийн нөхцөлд тохиолдож болох эрсдлүүд, түүнд авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр сургалт, дадлагын ажил зохион байгууллаа.
  5. 09 дүгээр сард зөвхөн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид бус орчны бүсийн сумдын БОХУБ, байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны идэвхтэн байгаль хамгаалагчид орчны бүсийн зөвлөлийн дарга нарын семинарыг хамтатган зохион байгууллаа. Сургалтыг хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд дангаар бус Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газраас сургагч багш нар ирж хамтран зохион байгуулсан нилээд өргөн бүрэлдэхүүнтэй, олон талын мэдээллийг агуулсан ач холбогдолтой сургалт боллоо.
  6. 2014 оны 03-р сарын 18, 19-нд Ховд аймагт зохион байгуулсан “Байгаль орчны үнэлгээний эрхзүйн орчны шинэчлэлтийн талаарх баруун бүсийн сургалт”-нд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Цэцэгмаа оролцож ирээд захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 100 хүн хамрагдлаа.
  7. 7 сарын 21-24-ний хооронд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутгуудын дарга нарын сургалтад хамгаалалтын захиргааны дарга хамрагдлаа. Мөн хамгаалалтын захиргааны ажилтнууд Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газарт очиж туршлага судаллаа.
  8. Алтайн өвөр говийн усны сав газрын захиргаанаас 09 сард Өмнөговь аймагт зохион байгуулагдсан семинарт хамгаалалтын захиргааны дарга, орчны бүсийн сумдын БОХУБ нарын хамт хамрагдлаа.
  9. 2014 оны 11 сарын 24-27 ны хооронд Хамгаалалтын зархиргааны дарга, нягтлан бодогч, мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан говийн бүсийн тусгай хамгаалалттай нутгуудын сургалтанд хамрагдлаа.
  10. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон ажилтнуудынхаа хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч байгууллага дээр байгуулагдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жилийн ажлын төлөвлөгөөг ажлын хэсэг болон хамт олны хурлаар хэлэлцэн баталлаа. Ажлын төлөвлөгөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажилчид болон орчны бүсийн ард иргэдийн хууль зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, архигүй орчныг бүрдүүлэх, галын аюулгүй байдлыг хангах зэрэг 10 гаруй ажил тусгагдсан болно. Мөн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдийн өрөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн самбар гарган байрлуулж ажилтнуудад мэдээлэл өгч байна. 10 сарын 3-нд Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хүмүүс ирж Төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
  11. 10 сарын 01-02-нд БОНХЯ дээр зохион байгуулагдсан Биосангийн мэдээлэл цуглуулах аргазүйн сургалтад хамгаалалтын захиргааны дарга хамрагдлаа. 

Эдгээрээс үзэхэд: 2014 онд хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид яамнаас зохион байгуулагдсан сургалт семинарт хамрагдаад зогсохгүй байгууллага дээрээ сургалт семинарыг өөрийн нөхцөл боломжид тааруулан зохион байгуулж байгаль хамгаалагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажилласан нь үр дүнтэй ажил болсон хэмээн дүгнэж байна.

Сурталчилгааны ажлын талаар: Байгууллагын үйл ажиллагаа болон байгаль орчны багц хуулийг иргэд, олон нийтэд таниулах, иргэдэд байгаль хамгаалах ухамсар сэтгэхүйг төлөвшүүлэх зорилгоор хамгаалалтын захиргааны зүгээс орон нутаг, орчны бүсийн сумдын иргэд, хилийн цэргийн ангиудаар сурталчилгааны ажлуудыг зохион байгууллаа. Сурталчилгааны ажлыг зохион байгуулахдаа хэвлэл мэдээллийг ашиглах, мэдээлэл сурталчилгааны төвөөр иргэдэд үйлчлэн мэдээлэл хүргэх, явуутын ухуулга сурталчилгаа хийх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, хүүхдийн клубүүдээр дамжуулан сурталчилгаа явуулах, байгаль хамгаалагч нар хариуцсан нутгийн малчдад яриа таниулга хийх зэрэг олон аргуудыг ашиглаж ирлээ.

2014 оныг БОНХЯ-наас байгаль орчны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын жил болгон зарласантай холбоотойгоор энэ чиглэлийн мэдээллийг түргэн шуурхай хүргэх, орчны бүсийн сумдын иргэд, хүүхэд багачуудыг татан оролцуулах зорилт тавин ажиллаж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байна. ГИДЦГ–ын хамгаалалтын захиргаа болон орчны бүсийн 5 сум, Эхийн голд нийт 7 мэдээлэл сурталчилгааны төв ажиллаж байна. Байгаль хамгаалах сурагчдын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Сурталчилгааны ажлын чанар, үр нөлөөг сайжруулахад нилээд анхааран ажиллаж явуутын сурталчилгаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгааны ажлыг багагүй явуулж байна.

Байгаль хамгаалагчид өөрийн хариуцсан хэсгүүдийн ард иргэдэд сард нэг удаа ухуулга сурталчилгааны ажил явуулж ирлээ. Мөн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд өөрсдийн ажлын чиглэлээр сурталчилгааны ажлыг тогтмол хийж ирлээ.

ГИДЦГ-ын үйл ажиллагаа, дархан газрын орчны болон хязгаарлалтын бүс нутагт гарч байгаа зөрчил ялангуяа алт болон бусад ашигт малтмалыг хууль бусаар хайх, олборлох зөрчлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор ухуулга сурталчилгааг нэмэгдүүлэн, үр нөлөөг сайжруулахад анхааран ажиллаж энэхүү ажилдаа иргэд, малчид, байгаль хамгаалах клубын сурагчдыг татан оролцуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Энэхүү тогтмол хийгддэг сурталчилгааны ажлын зэрэгцээ цаг тухай бүрд дараах ажлуудыг зохион байгууллаа.Үүнд:

  1. 02 сарын 24-27-ны хооронд Дархан цаазат газрын орчны бүс болох Эдрэнгийн нуруунд өвөлжиж байгаа малчдаар Тосгоны эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэгтэй хамтран явуутын сурталчилгааг зохион байгууллаа. Үүнд 26 өрхийн 51 хүн хамрагдсан бөгөөд байгууллагын үйл ажиллагаа болон, цаашид авах арга хэмжээний талаарх санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
  2. Хамгаалалтын захиргаа байрлах Баянтоорой тосгоны 12 жилийн сургуулиас 7 хоног бүрийн 5 дахь өдрийг ёс заншлын өдөр болгон зарласантай холбогдуулан сурагчдад байгаль хамгаалах уламжлалт арга ухааны талаар сургалт зохион байгуулж, уралдаан тэмцээн зохион байгуулж 6 ангийн 157 сурагч хамрагдлаа.
  3. Тус дархан цаазат газрын орчны бүсийн сум болох Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд зохион байгуулагдсан говийн бүсийн сумдын чуулганд оролцож хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
  4. 03-р сарын 26-нд Тосгоны иргэдийн дунд “Байгаль хамгаалагчдын мэргэжил сурталчилах арга хэмжээ"-г зохион байгуулж, байгаль орчны сэдэвт танин мэдэхүйн уралдаан тэмцээн, үдэшлэг цэнгүүнийг зохион байгууллаа.
  5. Говь–Алтай аймгийн БО-ны газар болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-уудад сурталчилгааны материал хамтран хэвлүүлэх санал хүргүүлсэн. Баянхонгор аймгийн Баян-өндөр сум нь Мазаалай баавгайг сумын бахархалт амьтан болгон зарласантай холбогдуулан 3,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн тус хамгаалалтын захиргаа эхийг бэлтгэн Мазаалай баавгайн талаар хүүхдэд зориулсэн зурагт гарын авлага хийж, хэвлэлтэд өгөхөд бэлэн болоод байна.  
  6. 04-р сарын 03-нд Говь-Алтай аймгийн Их Говийн мэдээ сонинд цаг үеийн үйл явдлын мэдээ бэлтгэн өгсөн нь тус сонины 4-р сарын 7, 8 дугаарт хэвлэгдсэн байна. Мөн байгууллагын үйл ажиллагаа болон мазаалай баавгайн судалгааны ажлын талаар орон нутагт сурталчилан таниулах зорилгоор хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндорж ярилцлага өгсөн нь “Их говийн мэдээ” сонины 5 сарын 19-ний № 19/088/ дугаарт хэвлэгдлээ.
  7. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан хонх” тэмцээнийг 8-р ангийн сурагчдын дунд 5 сарын 31-нд зохион байгууллаа.
  8. Хамгаалалтын захиргааны даргаар ахлуулсан ажлын хэсэг 07 сарын 01-нээс 03-нд орчны бүсийн сумд болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст суманд 07 сарын 16-нд  Говь-Алтай аймгийн Алтай суманд тус тус ажиллан байгууллагын үйл ажиллагааг сумдын ард иргэдэд сурталчилах, орчны бүсийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, байгаль хамгаалагчдын сонгон шалгаруулалт хийх, ТХГН-т мал өвөлжүүлж, хаваржуулах гэрээг дүгнэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
  9. Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд орчны бүсийн сумд болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдад сурталчилгааны ажил зохион байгууллаа. Мөн орчны бүсийн сумдад байрлах мэдээллийн төв болон хүүхдийн байгаль хамгаалах клубүүдийн үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөмж өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллав. Байгаль хамгаалах сурагчдын клубүүдийн 2014 оны чуулганыг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 2014 оны 08-р сарын 22-ноос 8-р сарын 24-ний хооронд тус сумын орчны бүсийн зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Чуулганд оролцох ёстой 8 клубын сурагчдын төлөөлөл, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, орчны бүсийн сумдын орчны бүсийн зөвлөлийн дарга, сумдын БОХУБ, клубын удирдагч багш нарын 120 хүн оролцлоо. Чуулганы үеэр клубын удирдагч багш нарын дунд ур чадвар сорьсон уралдаан, сурагчдын дунд гар бөмбөг, шатар, даамны тэмцээн зэргийг зохион байгуулсан нь сурагч, багш нарын оюун ухааныг сорьсон, өрсөлдөөнтэй ажил болж чуулганыг улам сонирхолтой, үр дүнтэй болголоо. Мөн хүүхэд багачуудад эх болсон байгаль дэлхий, төрсөн газар нутгийг нь таниулах зорилгоор Эрдэнэ сумаас Цагаан хайрхан уулын зүгт аялал зохион байгууллаа. Энэхүү аялалын үеэр зам зуур байрлах домогт агуй, янгир ямаа, Сээрийн ногооны талбай, Гудирын хүрхрээ зэрэг үзэсгэлэнт газруудаар аялуулсан нь сурагчдад танин мэдэхүйн асар их ач холбогдолтой ажил боллоо. Дараа жилийн чуулга уулзалтыг Говь-Алтай аймгийн Алтай суманд зохион байгуулахаар тохирлоо.
  10. 9-р сарын 21-нд ГИДЦГ-ын эхийн гол дахь тэжээлийн цехийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү тэжээлийн цехийг МАМА төрийн бус байгууллага бие даан хийж гүйцэтгэсэн.
  11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тэмдэгжүүлэлтийг сайжруулах зорилгоор  дархан газрын хил, Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар, захын усан дахь хавтгай үржүүлгийн төв болон орчны бүсэд нийт 6 самбар, 10 пайз, чиглэл заасан тэмдэг 9 хийж байрлууллаа.
  12. Баянхонгор аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Музей, Баян-Өндөр сумын тамгын газрын хамтарсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг иргэний мэдээллийн дагуу соёлын өв илрүүлэн, бүртгэх ажлаар 04 сарын 4-5 нд говьд ажиллав.
  13. 04 сарын 14 нд Баянтоорой тосгонд зохион байгууллагдсан Багийн иргэдийн нийтийн хуралд орчны бүсийн Цогт сумын БОХУБ –тай хамтран байгууллагын үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар танилцуулж, сурталчилгааны материал тараалаа. Энэхүү сурталчилгаанд нийт 120 гаруй хүн хамрагдлаа.
  14. Баянхонгор аймгийн Байгаль орчны газартай хамтран Баянхонгор аймгийн 7 сумын байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд, байгаль хамгаалагч, БОХУБ нарыг хамруулан мод тарих талаар туршлага судлуулах арга хэмжээг 04 сарын 28-наас 30-ны хооронд хамгаалалтын захиргаан дээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 72 хүн хамрагдсан бөгөөд байгууллагын үйл ажиллгааг сурталчилан “Ээж хайрхан” уулын байгалийн дурсгалт газарт аялууллаа.
  15. Тус дархан газрын орчны бүсийн сумд болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт, Алтай сумдын түүхт 90 жилийн ойн арга хэмжээ 08 сарын 01-нээс 03-ны хооронд зохион багуулагдсан. Хамгаалалтын захиргаанаас байгууллагын танилцуулгын самбар гарган, дүрэмт хувцсаараа жигдрэн оролцож  байгууллагын үйл ажиллгааг сурталчилав.
  16. 9 сарын 10-нд Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай хамтран Тосгоны иргэд албан байгууллагуудын дунд байгаль орчны сэдэвт “Дэвжээ” тэмцээн явуулж, байгаль орчны сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй байлаа.
  17. 9 сарын 11, 12-нд тус дархан газрын орчны бүсийн зөвлөлийн дарга нар, байгаль хамгаалагч, БОХУБ, идэвхтэн байгаль хамгаалагчдын семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинарт хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүдээс гадна Говь-Алтай аймгийн Прокурор, МХГ, Байгаль орчны газруудаас сургагч багш нар ирж сургалтыг хамтран зохион байгуулсан нь нилээд үр дүнтэй боллоо. Энэхүү семинарт Орчны бүсийн 5 сумын ИТХ-ын дарга, Баянтоорой тосгоны захирагч, Хилийн цэргийн ангийн төлөөлөгч, 5 сумын БОХУБ, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар болон хамгаалалтын захиргаа бүрэлдэхүүнээрээ оролцсон томоохон хэмжээний сургалт боллоо. Говь-Алтай аймгийн “Миний нутаг” телевизээс зураглаач ирж хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа болон сургалтын талаар нэвтрүүлэг бэлтгэлээ.
  18. БОНХЯ-ны захилгаар Тусгай хамгаалалттай нутгуудын талаарх цуврал кино хийж буй доктор Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 05 сарын 13-17-ны хооронд тус хамгаалалтын захиргааны ажил байдал, хариуцсан нутаг орон, амьтдын талаар зураг авалт хийлээ.
  19. 9 сарын 15-нд хамтран ажилладаг “Монголын ирвэс хамгаалах сан”-гийн төлөөлөгчид ирж хамгаалалтын захиргааны холбогдох хүмүүстэй уулзан, сурталчилгааны материал хүлээлгэн өглөө.

 

Мэдээллийн  талаар: Баянтооройд хамгаалалтын захиргааны “Мэдээллийн төв” 1, Орчны бүсийн 5 сумдын төвд Орчны бүсийн зөвлөлүүд нь хариуцан ерөнхий боловсролын сургууль, сумдын ЗДТГ, Соёлын төвүүдийг түшиглэн байгуулагдсан “Мэдээллийн төв” 5, Эхийн голын “Мэдээлэл сурталчилгааны төв” нийт 7 мэдээллийн төв ажиллаж ГИДЦГ, болон байгаль орчны талаархи сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж иргэд, хөдөлмөрчид, аялагч жуулчид, хүүхэд багачуудад мэдээлэл өгөх, экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорин үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгаалалтын захиргааны дэргэд байрлах мэдээллийн төвийг сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн хариуцан ажиллуулж байгаа бөгөөд энэ онд  Хамгаалалтын захиргааны мэдээллийн төвөөр  Орчны бүсийн сумд, Олон улсын судлаачид, тосгоны ард иргэд, Баянтоорой тосгоны болон орчны бүсийн сумдын клубын сурагчид, албан ажлаар тус тосгонд ирсэн албаны хүмүүс, байгууллага хамт олноороо аялж байгаа хүмүүс нийт 480 хүн үйлчлүүлэн дархан газрын тухай мэдээлэл авсан байна. Өнгөрсөн он болон энэ оны 5-р сард орчны бүсийн сумдаар явж “Мэдээллийн төв”-үүдийн үйл ажиллагаатай танилцан засвар үйлчилгээ хийхэд шаардагдах материал болон ном гарын авлагаар ханган ажиллалаа. Үүний үр дүнд мэдээллийн төвүүдийн үйл ажиллагаа сайжран нийтдээ  870 гаруй хүн үйлчлүүлсэн гэсэн мэдээ ирүүлсэн байна. Мөн мэдээллийн төвүүдээс гадна ГИДЦГ-н хамгаалалтын захиргааны  гадна байрлах мэдээллийн самбаруудаар ард иргэдэд цаг үеийн болон байгаль хамгааллын сэдэвтэй мэдээ мэдээллийг тогтмол хүргэж ирлээ.

Аялал жуулчлалын талаар: Тус хамгаалалтын захиргааны хариуцсан Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар нь эрт дээр үеэс нутгийн иргэд шүтэж биширч ирсэн байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдалтай уул бөгөөд түүнийг үзэж сонирхохоор ирэх гадаад, дотоодын аялагч жуулчид, байгаль сонирхогчдын тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Хэдийгээр Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газарт зорчин ирэхэд алслагдмал, зам харилцаа муу, аялагч жуулчдад үйлчлэх үйлчилгээний газар, жуулчны бааз байхгүй зэрэг дэд бүтэц муу хөгжсөн зэрэг нь нөлөөлж байгаа ч аялагч, жуулчдын тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Иймээс хамгаалалтын захиргаа дурсгалт газрын байгалийн төрх байдлыг хэвээр нь хадгалж хамгаалахын зэрэгцээ аялагч, жуулчдын аялах, амрах нөхцлийг хангахын тулд нэг байгаль хамгаалагчийг тогтмол ажиллуулж байна. Дулааны улирал ирж ГИДЦГ-ын харъяа “Ээж хайрхан уул”-ын байгалийн дурсгалт газарт аялагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан амрагчдын байрыг тохижуулах, хаяг хадах, аялагчдад зориулсан сануулга бичиж байрлуулах, хогийг цэвэрлэх зэрэг ажлуудыг хариуцсан байгаль хамгаалагч тухай бүр хийж гүйцэтгэж ирлээ.

Энэхүү уул маань нутгийн ардын шүтлэгтэй уул тул цагаан сарын шинээр 100 гаруй нутгийн иргэд очсон. Мөн аялалын журмаар энэ оны 11 сарын  байдлаар 1200 дотоодын, 25 гадаадын  аялагчид ирсэн байна. Хамгаалалтын захиргааны Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар хариуцсан байгаль хамгаалагч Ц.Хэнмэдэхэв Монголын үндэсний телевизээр ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газрын талаар ярилцлага өгч, хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндорж Ээж хайрхан уулын байгалийн өвөрмөц зүй тогтол, ховор болон нэн ховор амьтан, ургамлын талаар танилцуулга бэлтгэн хэвлүүлж олон нийтэд сурталчилах ажлыг хийлээ.

Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газарт маршрутын болон, мэдээллийн 2 самбарыг шинэчлэн байрлуулж аялагчдад зориулан анхааруулах санамж, пайз байрлуулах ажлуудыг хийлээ. Говь-Алтай аймгийн 13 сумын ой болж байгаатай холбогдуулан Ээж хайрхан ууланд ирэх аялагчдын тоо нэмэгдэх тул байгаль хамгаалагч хүч нэмэгдүүлэн ажиллав. Мөн аялагчдын гол явдаг маршрутыг тодорхой болгох зорилгоор чиглэл заасан тэмдэг 9-ийг хийж байрлууллаа.

Бичиг хэргийн талаар: Тайлангийн хугацаанд энэ чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:                                                                                                                                                                                                                                                                                

  1. Байгууллага дээр хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг байгууллагын ББНШК-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж түүний дагуу баримтуудыг хөтөлж байна.
  2. Байгууллагын архивт байгаа зүйлсийг эмхлэн цэгцэлж өнгөрсөн оны баримтуудыг стандартын дагуу үдэж архивт шилжүүлэх ажлыг хийлээ.
  3. Байгууллагын зүгээс харъяа яам болон бусад албан байгууллагууд 20 албан тоот явуулсан байна.
  4. Бусад байгууллагуудаас 45 албан бичиг ирсэн бөгөөд үүнээс хариутай бичиг 19 байлаа. Хариутай бичгүүдийг бүртгэл хяналтын карт хөтлөн, холбогдох хүмүүст танилцуулан шийдвэрлэсэн асуулт, шийдвэрлэх хугацаа өнгөрсөн, шийдвэрлэгдээгүй хяналтанд байгаа асуудлын жагсаалтыг үйлдэн хөтөлж хяналтандаа байлгаж байна. Ингэснээр албан бичгүүд хугацаа хожимдолгүй явах бололцоо бүрдэж байгаа юм. Хариутай бичгийн хариуг явуулсан байдлыг авч үзвэл хариунуудыг тухай бүр явуулсан байна. 8 албан бичгүүд хариу ирүүлэх хугацаанаасаа хожимдож ирсэн бөгөөд байгууллагын удирдлагын заалтаар ирсэн өдөр нь хариуг буцаан явуулсан байна.
  5. Байгууллагын ажилтнуудад албан хэрэг хөтлөлтөнд мөрдөх стандартын дагуу өөрийн хэмжээнд зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн байгаль хамгаалагчдын семинарын үеэр нийт байгаль хамгаалагчдад албан хэргийн хөтлөлтийн талаар сургалт зохион байгуулж ажиллав.
  6. 2014 оны архивын улсын үзлэгийг угтсан Говь-Алтай аймгийн засаг даргын нэрэмжит архивын үзлэгийг 09 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд хамгаалалтын захиргаа 79.6 хувийн үнэлгээтэй шалгагдсан байна. Тус хамгаалалтын захиргаан дээр цахим архив бүрдүүлэх ажлыг хангалтгүй хийсэн, мөн байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох судалгаа шинжилгээний тайлангууд архивт хадаглагдаагүй, ойн тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдолтой баримтууд байхгүй байгаа тул цаашид энэ дутагдлаа засаж 2015 оны архивын улсын үзлэгт хамтаргдахыг зөвлөв.
  7. Байгууллагын 7 хоногийн мэдээг БОНХЯ-ны ТХНУГ-ын мэргэжилтэн Шижирболд, ХШҮДАГ-ын мэргэжилтэн Батхишиг, Говь-Алтай аймгийн БО-ны газарт тус тус явуулж ирсэн бөгөөд 2014 оны 04 сараас эхлэн сарын ажлын мэдээгээ албан тоотоор ХГҮДАГ-т явуулдаг боллоо.

Энэ онд хамгаалалтын захиргааны даргын гаргасан үйл ажиллагааны болон боловсон хүчний талаар гаргасан А, Б тушаалыг тус тусд нь бүртгэн оны эхнээс дугаар өгч байгаа бөгөөд 11 сарын байдлаар 35 тушаал бүртгэгдээд байна.

Байгууллагын зүгээс харъяа яам болон бусад албан байгууллагууд 67 албан тоот явуулсан байна. Хариутай бичгүүдийг бүртгэл хяналтын карт хөтлөн, холбогдох хүмүүст танилцуулан шийдвэрлэсэн асуулдал, шийдвэрлэх хугацаа өнгөрсөн, шийдвэрлэгдээгүй хяналтанд байгаа асуудлын жагсаалтыг үйлдэн хөтөлж хяналтандаа байлгаж байна. Ингэснээр албан бичгүүд хугацаа хожимдолгүй явах бололцоо бүрдэж байгаа юм.

Албан тоот бичгийн ихэнхи нь хааяа нэг ирдэг шуудангаар хожуу ирдэг байсан, интернет, факс байхгүйгээс яаралтай бичгүүд ирэх, явахад хугацаа алдах, хожимдох тохиолдол их байсныг дурьдах нь зүйтэй. Хугацаа хожихийн тулд утсаар ярих, сумын төв рүү 70 км явж интернэтээр холбогдох, банкны дотоод сүлжээг ашиглан явуулах, зарим хариутай бичгийн хариу, мэдээ судалгаа, тайланг замын хүнээр дайж явуулах тохиолдол гарч байв. 7 хоногийн мэдээг ихэнхидээ гол үйл явлуудыг нь товчлон мессежээр явуулж байлаа. Энэ мэт бэрхшээлтэй асуудал байсан ч хариутай бичгийг аль болох хугацаанд нь хүргэхийг чармайж ажилласан болно. “Монгол тамга” ТӨҮГ-т албан бичгийн нүүрний болон ирсэн, явсан бичгийн дардас тус бүр 1-ийг захиалан хийлгэлээ.

ГУРАВ. СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН САН,

БИОТЕХНИКИЙН АЖИЛ:

Судалгааны ажлын талаар: Мазаалай баавгайг хүзүүвчлэх, тоо толгойг судлах, хаврын байршил нүүдэл шилжилт хөдөлгөөн, зан байдлыг судлах зорилго бүхий судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилд ГИДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн судлаачид болон Олон улсын баавгай нийгэмлэгийн мэргэжилтнүүд  хамтарсан “Gobi bear project” судалгааны багийнхан гүйцэтгэв. Судалгааны ажил 2014 оны 04 сарын 21-нээс  эхлэн 05 сарын 13 хүртэл 22 хоног ажиллав. Судалгааны үеээр мазаалай баавгайд хүзүүвч зүүх, идэш тэжээлийг судлах, үсний дээж цуглуулах, автомат зургийн аппарат байрлуулах зэрэг ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны ажлаар Шар хулсны районы Цагаан тохойгоос 2 мазаалай, Цагаан бургасны баянбүрдээс 1 мазаалай баавгай барьж сансарын болон радио дохиололт хүзүүвч зүүлээ. Тухайн баавгай бүр анх удаа баригдаж байгаа 1 эм, 2 эр баавгай байлаа.

2014 оны 04 сарын 30-ны амьд баригчинд эхний мазаалай баавгай орсон. 11 цаг 41 минутаас мазаалай унтуулах ажил эхэллээ. Эхлээд баавгайг 6 мл телозолоор тарьж 12 цаг 10 минутад дахин тарив. 12 цаг 35 минутад унтлаа. Тарих ажлыг олон улсын зөвлөх Harry Reynolds гүйцэтгэв. Уг баавгай нь анх удаа баригдаж байгаа эм бодгаль байв. Булчин суларсны дараа эхлээд морфометрийн хэмжилт хийж, үс, цусны дээж авлаа. Насыг нь шүдний элэгдлээр тооцон 7 /урьдчилсан байдлаар/ гэж таамаглав. Бүх хэмжилтээ хийж шүд, эд, үсний дээж аваад 13 цаг 20 минутад ажлаа дуусгав. Мазаалай баавгайг хэмжилт хийх үедээ биеийн дулаан болон амьсгал зэргийг байнга хянаж байсан. Амьсгалын тоо 12-13, биеийн дулаан 99,1-100 F байлаа. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй болно. Уг баавгай хачиг ихтэй боловч тарган урьд баригдсан эм баавгайнаас илүү том 93 кг жинтэй байв. Тарилга удаан үйлчилж 2 удаа тарьсан нь тарга хүч сайн тул эсэргүйцэх чадвартайг илгэнэ. Баавгайгаа сэрэхээс нь өмнө задгай газар тавьж сэрүүн салхи ихтэй байсан тул гялгар бүтээлгээр бүтээгээд орхиж яваад 14 цаг 50 минутад ирэх үед сэргэн сайр өгсөн усны зүг явсан байлаа.

2014 оны 04 сарын 30-ны өдөр 2 дахь баавгайг барив. 15 цаг 15 минутаас мазаалай унтуулах ажил эхэллээ. Эхний удаад 6 мл тарьж 15 цаг 22 минутад унтлаа. Ажил үргэлжилж байх үед тарианы үйлчилгээ гарч толгой, хөлөө өргөж судлаачдыг хүзүүвч зүүх, дээж авахад хүндрэлтэй байсан тул 16 цаг 05 минутад дахин 4мл тарив. 16 цаг 10 минутад унтлаа. Тарих ажлыг олон улсын зөвлөх Harry Reynolds гүйцэтгэв. Уг баавгай нь анх удаа баригдаж байгаа эр мазаалай баавгай байв.  Насыг нь шүдний элэгдлээр тооцон 12 /Урьдчилсан байдлаар/ гэж таамаглав. Бүх хэмжилтээ хийж шүд, эд, үс, цусны дээж аваад 16 цаг 32 минутад ажлаа дуусгав. Мазаалай баавгайг хэмжилт хийх үедээ биеийн дулаан болон амьсгал зэргийг байнга хянаж байсан. Амьсгалын тоо 12-13, биеийн дулаан бага зэрэг доош унаж  98,2-99,0 F хүрсэн тул баавгайг амьд баригчийн нөмөр наран талд тавьж ажлаа үргэлжлүүлсэн. Уг баавгайд хачиг маш ихтэй 105 кг жинтэй байлаа. Баавгайгаа сэрэхээс нь өмнө амьд баригчийн нөмөрт байршуулан гялгар бүтээлгээр бүтээгээд орхиж явлаа. 

2014 оны 05 сарын 09-ны өдрийн  11 цаг 53 минутанд Цагаан бургасны амьд баригчинд орсон мазаалай баавгайг унтуулах ажил эхлэв. Эхний удаад 5 мл тарив. Тарилга үйлчлэхгүй байсан тул 12 цаг 18 минутад дахин 3мл тариа хийж 1-цаг 24 минутад унтлаа. Тарих ажлыг олон улсын зөвлөх Harry Reynolds гүйцэтгэв. Уг баавгай нь анх удаа баригдаж байгаа эр мазаалай баавгай байв. Насыг нь шүдний элэгдлээр тооцон 12 /урьдчилсан байдлаар/ гэж таамаглав. Мазаалай баавгайг хэмжилт хийх үедээ биеийн дулаан болон амьсгал зэргийг байнга хянаж байсан. Амьсгалын тоо хэвийн 12-13, биеийн дулаан агаарын хэмээс шалтгаалан бага зэрэг нэмэгдэж   101- 102,3 F хүрсэн тул баавгайг амьд баригчийн сүүдэр газарт тавьж ажлаа үргэлжлүүлсэн.

Ажил үргэлжилж байх үед тарианы үйлчилгээ гарч эхэлсэн тул 13 цаг 16 минутад 2мл тариаг хүзүүнд хийж 13 цаг 20 минутад унтлаа. Бүх хэмжилтээ хийж шүд, эд, үс, цусны дээж аваад 13 цаг 51 минутад ажлаа дуусгав. Уг баавгайд хачиг болон бусад шимэгчгүй тарган 112 кг жинтэй байлаа. Баавгайгаа сэрэхээс нь өмнө задгай газарт тавьж алсаас ашиглалт хийж байсан.

20 минут орчим хугацааны дараа баавгай аажмаар толгойгоо хөдөлгөж эхлэх бөгөөд улмаар хөлөө хөдөлгөж байв. Аажуухан босч амьд баригчийн ойролцоо 5 минут орчим доороо эргэж, 3 удаа газар унав. 2 минутын дараа уул өөд авирч уулын оройд гарч газар малтан хэвтэх мэт үйлдэл гаргаж байгаад  3 минутийн дараа уул даван явлаа.

Энэ удаагийн судалгаанд зөвхөн Шар хулсны районы тэжээлийн цэгүүдээс 187 үсний дээж цуглуулав.

Мазаалай баавгайн судалгааны ажлын явцтай БОНХЯамны төрийн нарийн бичгийн дарга Ж. Батболд газар дээр нь ирж танилцаж цаашид мазаалай баавгайн хамгаалал болон судалгаа шинжилгээний менежментийг хэрхэн зохион байгуулах талаар харилцан яриа өрнүүлэв. Судалгаа шинжилгээ, хамгаалалтанд хамгийн чухал хэт богино долгионы холбооны станцыг засварлах ажлын санхүүжилтийн тушаал гарсан,&l