Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн их дархан цаазат газрын А хэсэг

Хамгаалалтад авсан үндэслэл

Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлтий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ. Говийн Их дархан цаазат газар нь “А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог байна.

Амьтны аймаг

Алтайн цаадах говийн амьд байгаль хэдийгээр тодорхой хэмжээгээр хомс боловч Төв Азийн хэт гандуу цөлийн онцлогийг төлөөлсөн өөрийн өвөрмөц онцлог бүхий амьтан ургамалтай. Энд Төв Азийн говь, цөлийн унаган төрхийг хадгалсан дэлхийд ховордсон, Олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон мазаалай, хавтгай, хулан, хар сүүт, ирвэс, аргаль, янгир зэрэг ан амьтны өлгий нутаг юм. Алтайн өвөр говийн жигүүртний аймгийн гол цөмийг цөлийн чогчоохой, цөлийн зэржигэнэ, тарчигнаа зэржигэнэ, монгол хулан жороо, бялзуумар, загийн бор шувуу болон бусад говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд сайн зохицсон суурин юмуу u1257 .ндөглөн зусдаг нүүдлийн болон экологийн уян хатан чанар ихтэй эврибионт зүйлүүд бүрдүүлнэ. Алтайн өвөр говьд Монгол орны хамгийн том гүрвэл болох Замба гүрвэл, мөн түүнчлэн нохой гүрвэл, говийн нүцгэн сарвуут геккон гүрвэл, говийн гүрвэл, монгол гүрвэл, загалт гүрвэл, нарийн могой, тэмээн сүүл могой, сум могой зэрэг ховор мөлхөгчид бий.

Ургамлын аймаг

          Цөлийн ургамалшлаас зүйл бүрийн бударгана, дэрс, шар мод, буйлс, харгана, заг голлохоос гадна булаг шанд, баянбүрдээр тоорой жигд, хайлаас, сухай, хармаг, гоёо, таана, боролзой, зээргэнэ, шаваг, шарилж, ортууз зэрэг элдэв модлог бутлаг, өвслөг ургамлаар нилээд баялаг, шал тойром, элс манхан зэрэг огт ургамалгүй газар ч мэр сэр тохиолдоно.

Олдворууд

         Говийн их дархан газарт эрт галавын амьтан, ургамлын чулуужсан үлдэц багагүй тохиолдоно. Сэгс цагаан богдын баруун суга, Эдрэнгийн явар цонжоор гуравдагч галавын үеийн зүйл бүрийн амьтан, ургамлын чулуужсан үлдэц ястай. Түүх дурсгалын үлдэгдэл багагүй байдаг бөгөөд эртний баянбүрд, элс манхан, шал тойром, булаг ус зэрэг газруудаар хуучин чулуун зэвсгийн үеийн болон шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг олддог. Алтайн цаадах говийн экосистем хүн ам сийрэг суурьшдагаас аж ахуйн үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө харьцангуй хадгалсан, удаан хугацааны хөгжлийн түүхэнд бий болсон унаган загвар нутаг юм.