Тухайн орон нутгийн гадаргын усны нийт хэмжээ-0.058 шоо км, ашиглах боломжит нөөц нь 0.01 шоо км аймгийн гадаргын усны чухал төрөл болох нуураар харьцангуй баялаг бөгөөд гол төлөв техтоник хөдөлгөөний гаралтай Ихэс /шүүтэй/, Шаргын Цагаан нуур /хоолны давстай/, Сангийн далай /салхин хуримтлалын гаралтай, аймагтаа хамгийн том талбайтай/, Буур /хоолны давстай/, Тонхил /35-аас дээш хувийн эрдэсжилтэй/, Хулам, Хутаг, Алаг нуур /35-аас дээш хувийн эрдэсжилтэй/ Бигэр /хоолны давс, шүүтэй/ зэрэг нуурууд нь Дарви, Шарга, Хөхморьт, Тонхил, Чандмань, Бугат, Бигэр сумдын нутагт тус тус оршино.
Тус аймаг нь рашаан усны хувьд метан, азотот давсархаг ба шорвог рашааны мужид багтана. Халиун сумын Уст Чацран, Жаргалан сумын Хүнхэр зуслан зэрэг өвөрмөц бодис бүхий азотот болон янз бүрийн найрлагатай рашаан ус элбэг байдгийн зэрэгцээ Дэлгэр сумын Бор- Овооны нуур, Бигэр нуур зэргийн эмчилгээний шавар, ус, элсний шарлагыг хамтатган дурдаж болно.
Сүүлийн жилүүдэд гол мөрний тэжээгдлийн бүсэд ХАМО нар ашигт малтмалын замбараагүй олборлолт хийснээс болж гол мөрний усны горим алдагдаж, ус ихээхэн бохирдон, ширгэх нөхцөл бүрдэж байсан.
2011 онд явуулсан усны тооллогын дүнгээс үзэхэд тооллогонд хамрагдсан 334 голын 20 нь, 107 нуурын 9 нь, 1057 булаг шандны 57 нь ширгэсэн мэдээтэй байсан бол 1 жилийн зайтай хийгдсан дээрхи хоёр оны үзүүлэлтийг харьцуулан үзвээс хэдийгээр тооллогонд хамрагдсан объектийн тоо 2011 оныхоос 2012 оны хувьд өссөн боловч 2012 оны тооллогын дүнгээр 10 гол, 6 нуур, 87 булаг шанд ширгэсэн байна. 2011 оны тооллогын дүнтэй харицуулан үзвэл 10 гол, 3 нуур сэргэж, 30 булаг шанд нэмж ширгэсэн байна.