Говь-Алтай аймгийн агаарын мэдээллийн сан

Говь-Алтай аймгийн агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр батлагдлаа

Манай улс өнөөгийн байдлаар байгаль орчны 30 гаруй хууль, 14 олон улсын гэрээ, 200 орчим эрхзүйн актыг батлан гаргаж байгаль орчны олон улсын 11 конвенцид нэгдэн орсон нь байгаль орчныг хамгаалах эрхзүй, бодлого, зохицуулалтын орчин хангалттай бүрдсэн гэж үзэх боломжтой юм. Ингэж байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх явцад агаар, ус, хөрс, биологийн орчинд хохирол учруулах, түүнийг доройтуулахгүй байх гэсэн тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн гол зарчмыг баримтлан, ногоон хөгжлийн бодлогыг баримтлах болсон.

               Гэвч байгалийн баялгийн нөөц жилээс жилд хомсдож, хүрээлэн буй орчин бохирдон, амьдрах орчны чанар доройтож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Энэ нь нэг талаас байгаль орчны дээрхи хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт, үр нөлөө хангатгүй байгааг, нөгөө талаас тухайн аймаг орон нутагт тохирсон бодлого дутмаг, байгаль орчныг бохирдуулагч эх үүсвэрүүд хэтэрхий олон болж байгааг харуулж байна.

               Хүрээлэн буй орчны доройтол, бохирдлыг бууруулах замаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн аймаг орон нутагт тохирсон, хэрэгжүүлэх боломжтой бодлогуудыг салбар бүрт тодорхойлон, үр нөлөөг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.  

Хүний өдөр, цаг, минут тутам амьсгалдаг агаарын аюулгүй байдал нь дээрх асуудалд ихээхэн чухал байр эзэлдэг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын бичсэн тайлангаас үзэхэд дэлхий нийтийн болон бүс нутгийн хэмжээнд хамгийн түгээмэл тохиолдож буй 10 эрсдэлт хүчин зүйлд бохир ус, эрүүл ахуй ариун цэвэр, агаарын бохирдол орж байна.

Манай оронд ч гэсэн хүрээлэн буй орчинтой холбоотой хүний эрүүл мэндэд тохиолдож буй олон асуудлын нэгд агаарын бохирдол орно. Агаар нь байгалийн болон хүний хүчин зүйлийн улмаас хөдөлгөөнт болон суурин эх үүсвэрээс бохирдож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд удаан задардаг органик бохирдуулагчид буюу диоксин, фуран гэдэг хоёр төрлийн бодис нь  агаарын чанарт маш ихээр сөргөөр нөлөөлөх болж Монгол улс төдийгүй олон улсын анхаарлыг татаад байгаа юм. Эдгээр бодис нь одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа хамгийн хортой, аюултай бодис бөгөөд төрөл бүрийн шаталтын улмаас үүсч, хүний эрүүл мэндэд агаараар, хөрсөөр, идэш, тэжээлээр дамжин маш хортой нөлөө үзүүлдэг. Үүнийг дэлхийн эрдэмтэт “Чимээгүй тахал” гэж нэрлээд байна. Өөрөөр хэлбэл автомашин, үйлдвэр, цахилгаан станц, гэр хороолол, хог шаталтаас үүсэх утаа ихээр нэмэгдэж эдгээр эх үүсвэрүүдээс гарсан хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, химийн хортой нэгдлүүд агаар орчныг бохирдуулж хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, бүтээмжид сөргөөр нөлөөлөх явдал ихэссээр байна.

Манай аймгийн төвийн тухайд хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээ стандарт түвшингээс бага байгаа боловч удаан хугацааны дараа хортой нөлөө үзүүлдэгийг анхаарахгүй орхих аргагүй юм.

               Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн ярьдаг. Үүнтэй нэгэн адилаар агаарын чанарыг сайжруулах замаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний шаардлага болсон гэж үзсэн байна.

            Иймд аймгийн агаарын бохирдлыг хэвийн түвшинд барих, цаашид үүсэх бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын чанарын хяналтыг сайжруулах зорилгоор Говь-Алтай аймгийн агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр боловсруулан аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, зөвлөлийн гишүүдийн санал шүүмжийг тусган, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн /84 дүгээр тогтоолоор/ батлууллаа.

               Уг хөтөлбөрийг боловсруулахдаа байгаль орчны багц хуулиуд болон дүрэм, журмууд, холбогдох стандартууд, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Говь-Алтай аймгийн хөгжлийн Цогц бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Байгаль орчны мастер төлөвлөгөө, БОНХЯ-ны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, 15 ном, сэтгүүл, гарын авлага, материал, 5 интернет сайт ашиглаж, холбогдох 7 газар болон сумдаас санал авч нэгтгэн, иргэдээс санал асуулгын хуудсаар санал авч тусгасан байна.

               Хөтөлбөрийг 2014-2024 онд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн.

               Энэхүү хөтөлбөр нь:

  • Нийтлэг үндэслэл, өнөөгийн нөхцөл байдал  буюу 1-р бүлэг
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх хугацаа, үе шат буюу 2-р бүлэг
  • Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлэх зарчим, санхүүжилт буюу 3-р бүлэг
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу 4-р бүлэг
  • Хөтөлбөрөөс гарах үр дүн, түүнийг тайлагнах буюу 5-р бүлэгт хуваагдана.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд:

  • Хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаар бохирдуулах эх үүсвэрийн тоог цөөлөх замаар агаарыг хамгаалах зохистой менежментийг бий болгох
  • Агаарын чанарын хяналт, шинжилгээний ажлыг сайжруулах, техник хэрэгсэл, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх
  • Агаар хамгаалах арга хэмжээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд зөв ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын хүрээнд 20 зорилтыг тодорхойлсон байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласнаар бидний өдөр тутам амьсгалдаг агаарын чанар стандарт түвшинд баригдаж, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нэг нөхцөл бүрдэх юм.