Говь-Алтай аймгийн агаарын мэдээллийн сан

Цэвэр агаар-Утаагүй Алтай өдөрлөг зохион байгууллаа

Өнөө үед хүн амын төвлөрөл, хотжилтыг дагаад олон сөрөг үр дагавар гарч байгаагийн нэг илрэл нь агаарын бохирдлын асуудал юм. Энэхүү асуудлын цаана дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал гээд олон том асуудлууд давхар хөндөгдөж байдаг.
Дэлхийн дулаарлын эрчмийг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож амьдрах нь монголчуудын өдөр дутмын ахуй амьдралтай нягт холбоотой юм. Өнөөдөр бид агаарын бохирдлыг бууруулж чадсанаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, улмаар дэлхийн дулаарлын эрчмийг сааруулна гэсэн үг.
 
Манай аймгийн төв Есөнбулаг сумын хувьд Засаг захиргааны 10 багтай, 5340 өрхөд 18108 хүн амьдарч байна. Үүнээс 3803 өрх нь гэр хороололд амьдарч байна.
Аймаг, орон нутгийн зүгээс агаарын бохирдлын асуудалд өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд “Говь-Алтай аймгийн агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд агаар бохирдуулах эх үүсвэрээс гарч байгаа бохирдлыг багасгах, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй, үр ашигтай зарцуулалтыг бий болгох, дэвшилдтэд арга технологийг нэвтрүүлэх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний хэрэглээг бий болгоход иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, журам мөрдүүлэхээр ажиллаж байна.
Бүс тогтоосоноор бүсэд оршин суугаа айл өрх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахилгаан халаагуур, дулаан баригч, бүрэн шаталтат ердийн зуухыг хөнгөлөлттэй үнээр олгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган хүний зам, дугуйн зам тавьж дэд бүтцийг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм.
Говь-Алтай аймгийн агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”, Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох ажлын хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, УЦУОШГ, Есөнбулаг сумын ЗДТГ, “Эконобэ индастри” ХХК хамтран “Цэвэр агаар-Утаагүй Алтай” арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Алтай хотын төв талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Есөнбулаг сумын ИТХ-ын дарга н.Эрдэнэбат, Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Дагва нар оролцлоо.
Тус арга хэмжээгээр Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат, Индэрт, Түмэн багуудын Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа гэр хорооллын 900 өрхөд дулаан баригч, 100 өрхөд 10 кг-ын савлагаатай, утаагүй, илчлэг сайтай нүүрсний шахмал түлшийг олголоо.