Говь-Алтай аймгийн агаарын мэдээллийн сан

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганд оролцлоо.

Тус чуулган нь “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлын хүрээнд Нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлогыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, төрийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах ажил, арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан байна.

Чуулганд Монгол улсын ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхий сайд үг хэлэн, агаарын бохирдлын өнөөгийн байдал, бууруулах арга зам, хүний эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх,  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх, Цаг уур орчны шинжилгээний газар, Авто тээврийн үндэсний төв, ХБНГУ-ын Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ, Майдар төсөл, Эко клуб ТББ болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож бодлого шийдлийг хэлэлцэн, зөвлөмжийг гаргалаа.

Чуулганы зөвлөмжинд орон нутгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ”Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 онд зогсоосон ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бий болгох талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн асуудлуудыг тусгаж өгсөн байна