Амьтны мэдээллийн сан

Тахь адуу /Equus ferus przewalskii/

Баг: Туурайтан

Овог: Адууныхан

Дүрслэл

               Тахь адууны мундааны өндөр 115-146 см, жин 275-325 кг хүрэх бөгөөд лагс, бахим хүзүүтэй, том толгойтой, мөч харьцангуй богино, туурай жижиг юм. Зүс нь хул, хул хонгор, бор хул, хонгор харин хэвлий нь цайвар, дэл, сүүл, шилбэ нь хар бараан, өвдөгний дээхэнэ бараан хөндлөн бэдэртэй, босоо, жигд ахар дэлтэй, ихэнх бодгальд дэлнээс сүүлний уг хүртэл бараан судалтай байдаг. Сүүл нь хулантай (Equus hemionus) төстэй, бага зэрэг годон үргэлжилсний дараа хялгас нь доош сунана. Дэл, сүүлний хялгас жил бүр унаж солигддог байна.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Устаж байгаа, D одоо ДБХХ-ны Адуу судлаачдын бүлгийн үнэлгээг хүлээж байна.

Бүс нутгийн үнэлгээ: Устаж байгаа, D

Хамгаалсан байдал: Тахийг 1930 оноос агнахыг хуулиар хориглосон, уугуул нутгийн ихэнхийг дархан цаазтай болгосон бөгөөд Монголын болон Олон улсын Улаан номонд бүртгэлтэй нэн ховор амьтан юм. Тахь буюу Пржевальскийн адууг байгалийн нөхцөлд 1969 оноос үндсэндээ устаж мөхсөн гэж үздэг. Дэлхийн олон амьтны хүрээлэнд гаршуулан тэжээсэн тахийг ГИДЦГ-ын “Б” хэсэгт нутагшуулж байна.

Идээшил нутаг, экологи

            Энэ зүйл зэрлэг адуу өмнө нь хээр, цөлжүү хээрт идээшин нутагладаг байсан бол уугуул нутагт малчид олноор суурьшиж, идээшил нутгаас шахах хандлага бий болж улмаар түүний тархац, ундны ус, байршил нь цөлжүү хээрээр хязгаарлагдах болжээ. Соргог шимт ургамалтай бэлчээр дагаж улирлаар нүүдэг байна.