Амьтны мэдээллийн сан

Хавтгай тэмээ /Camelus bactrianus ferus/

Баг: Туруутан

Овог: Тэмээнийхэн

Дүрслэл

               Хавтгай нь галбир гоолиг, хөл зэгзгэр, толгой яс нь өвөрмөц, тархины багтаамж их. Нэгэн жигд бор шаргал зүстэй, бөх жижиг, урд хөлний өвдөг сайргүй. Хавтгай тэмээний биеийн урт ойролцоогоор 225-245 cм, жин 450-690 кг хүрнэ. Хавтгай бусад хөхтөн амьтдаас цаг агаарын хүнд нөхцлийг хамгийн сайн даадаг амьтан бөгөөд -40 0С-аас +40 0С-ын нөхцлийг тэсвэрлэх чадвартай юм.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Устаж байгаа, A3de болон А4ade

Бүс нутгийн үнэлгээ: Устаж болзошгүй, С1

Хамгаалсан байдал: Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн (2000) 7.1-д нэн ховор зэрэглэлээр оруулж, 1930 оноос агнахыг хуулиар хориглосон бөгөөд ан агнуурын тухай 1995 оны хуулиар нэн ховор зүйлийн жагсаалтанд оруулсан байна. Монгол улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд нэн ховор зэрэглэлээр бүртгэгдэж, Нүүдэлдэг зүйлийн конвенцид (НЗК) тэмдэглэгдсэн.

Идээшил нутаг, экологи

               Хавтгай тэмээ цөлөрхөг хээр болон цөл, ялангуяа говийн уулсын бэл, хормой, хөндий, хоолой, аараг толгод, хужир мараалаг тойром, баянбүрд шүтэж амьдардаг. Хавтгай зорлог (Calligonium spp.), тоорой (Populus diversifolia), заг (Haloxylon ammodendron) зэрэг ургамлыг түлхүү иддэг, Галлофит ургамал идэш тэжээлийнх нь чухал бүрэлдэхүүн бөгөөд эдгээр ургамал гарц муутай үед биеийн жин нь багасдаг байна.