Амьтны мэдээллийн сан

Мазаалай баавгай /Ursus arctos gobiensis/

Баг: Махчтан

Овог: Баавгайнхан

Дүрслэл

               Хүзүү цээжний орчим цайвар толботой, хүрэн зүстэй, жижгэвтэр биетэй, өвлийн улиралд зүс нь бүдгэрч хүрэвтэр, бор, саарал болдог. Биеийн урт нь 147-167см, 52-100 кг жинтэй бөгөөд эрийн толгой болон хоншоор нь эмийнхээсээ арай том, хумс мохоо цайвар байдаг нь хүрэн баавгайнаас (Ursus arctos) ялгардаг.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Устаж байгаа D , ДБХХ-ны шийдвэр болон ангилал зүйн статусыг хүлээж байна.

Бүс нутгийн үнэлгээ: Устаж байгаа, D

Хамгаалсан байдал: ХЗОХК-ын Хавсралт I-д орсон (UNEP-WCMC, 2006) бөгөөд Монгол улсын Амьтны аймгийн тухай хуулийн (2000) 7.1-д нэн ховор зүйлд оруулж, 1953 оноос хойш агнахыг хориглосон байна. Мөн Монгол улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд нэн ховор зэрэглэлээр тус тус орсон

               Энэ зүйлийн тархац нутгийн 82 орчим хувь нь Говийн их дархан газрын А хэсгийн I бүсэд орсон. Зөвхөн хязгаартайгаар судалгаа хийхийг зөвшөөрсөн (аялал жуулчлал, агнуур болон бусад үйл ажиллагаануудыг хуулиар хориглосон байна.

Тархац нутаг

         Хэдийгээр мазаалай  хүний нөлөөлөлгүй, байгалийн жамаараа амьдарч байгаа ч маш цөөн тоотой /22-31 бодгаль/, Төв Азийн хамгийн хуурай цөлийн нэг болох Монголын Алтайн өвөр говийн цөлийн хатуу ширүүн нөхцөлд амьдарч байна.

         Хэвлэлийн мэдээнээс үзвэл мазаалайн тархац нутаг 1940-1970 оныг хүртэл бараг 50% хүртэл багасчээ. Түүнээс хойш тархац нутгийн хэмжээ өөрчлөгдөөгүй нь амьдрах нутгийг нь бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авч 1975 онд ГИДЦГ-ыг байгуулж 1985 оноос хаврын улиралд мазаалайд нэмэлт тэжээл тавьж ирсэнтэй холбоотой.

        Ус цаг уурын “Тоорой”, “Баян” зэрэг станцын мэдээгээр Алтайн өвөр говьд 1993-2012 онд хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас доогуур 50мм орчим байсан нь энэ бүс нутаг байнгын гантай байсныг илтгэх бөгөөд ийм нөхцөлд мазаалай үржилд орж үр төлөө гаргасаар байв. Судалгааны үр дүнгээс үзвэл: 1999-2012 оны хооронд 12 бамбарууш өсөж бойжсон байна. Энэ нь боломжийн үр дүн юм.

         Алтай өвөр говьд хамгийн томд тооцогдох араатан амьтан бөгөөд илчлэг ихтэй, хангалттай хэмжээний хоол тэжээл шаардлагатай боловч мазаалай орчин нөхцөлдөө зохицон ургамал голлосон, бага хэмжээний хоол тэжээлээр хооллож амьдарч иржээ. Мазаалай нь зундаа + 46 градус халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгал бүхий, говь цөлийн экологийн хүнд нөхцөлд амьдарч ирсэн, одоо ч амьдарсаар байна.

        Мазаалай нь Говийн их дархан цаазат газрын нутагт Атас Богд, Шар хулст, Цагаан богд зэрэг говийн дунд зэргийн уулс, тэдгээрийн дотор орших цөөн тооны булаг, шанд, баянбүрдийг түшиглэн амьдарна. Эдгээр уулс нь 100-200 км хүртэл зайтай ба баянбүрд, булаг шандууд нь хоорондоо ихэвчлэн 20-50 км, түүнээс ч хол байрлана. Эдгээр уулс нь цөөн тооны, ихэвчлэн ундрага багатай, жижиг булаг шандтай.

           Маш бага хур тунадас орж энэ нь газар нутгийн хэмжээнд жигд бус хуваарилагдах тул зарим уулс, баянбүрдэд огт хур тунадас бороо орохгүй байх явдал цөөнгүй. Энэ нь мазаалайн идэш тэжээлийн гол ургамал болох бажууна, хармаг, махирс ургахгүй байх, үр жимс нь гарахгүй байх зэргээр мазаалай хоол хайж тэнүүчлэх, эцэж турах бөгөөд энэ нь мазаалайн үржил, сүргийн нөхөн төлжилд муугаар нөлөөлж байна.