Амьтны мэдээллийн сан

Хулан/ Equus hemionus hemionus/

Баг: Туурайтан

Овог: Адууныхан

Дүрслэл

               Хулан нь хул хонгор зүстэй хэдий ч улирлаас шалтгаалан хувирч ухаа хонгор, цайвар хул, зарим бодгаль нь бор хул зүстэй ч болдог байна. Харин хэвлий гэдэс, цавь, сугаараа цайвар өнгөтэй, мундаанаас нуруу зоо дагаж сүүлний цацаг, хялгас хүртэл үргэлжлэх нарийвтар бор хүрэн судалтай, босоо, ахар, бараан дэлтэй, сүүлний үзүүрний цацаг хялгас нь богинохон бараан өнгөтэй.

               Хулангийн хөл урт, зэгзгэр, данхар толгойтой, урт чихтэй, биеийн урт 220-260 см, мундаа орчим чац нь 120 см, биеийн жин 200-300 кг хүрнэ6 Гэвч хулангийн салбар зүйлийн хүрээнд биеийн хэмжээ нэлээд өөр өөр байдаг байна.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: E. hemionus Эмзэг, A3bcd ба C1 үнэлэгдсэн. E. h. hemionus, E. h.luteus Эмзэг, C1 нарийвчлан үнэлжээ.

Бүс нутгийн үнэлгээ: Устаж болзошгүй, A4abd

Хамгаалсан байдал: E. hemionus зүйл ХЗОХК-ын Хавсралт II-т, E. h. hemionus, E. h.luteus ХЗОХК-ын Хавсралт I-д, Нүүдэлдэг зүйлийн конвенцын (НЗК) Хавсралт II-т тус тус орсон байна. Харин Монгол улсын (2001) Засгийн газрын тогтоолоор (№264) ховор зэрэглэлд оруулж хамгаалсан бөгөөд Ан агнуурын тухай 1995 оны хуулиар ховор зэрэглэлд оруулж, 1953 оноос хойш агнахыг хуулиар хориглосон байна. Мөн монгол улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд ховор зэрэглэлээр тус тус бүртгэгджээ.

Идээшил нутаг,тархац/Говь-Алтай аймгийн/

               Хулан нь хээр, уулын хээр, цөлжүү хээр, цөлийн уудам хотос, хоолой, аараг толгодоор нутаглана. Ялангуяа хад чулуурхаг, хайргалаг бэлд хялгана, үетэн, шарилж, харин тэгш дэнж, уудам хөндийд баглуур, улаан, бор бударгана, шар мод, харганат бэлчээр, элс, загтай хотосыг сорчлон идээшилнэ.

               Сүрэг хамгийн ихдээ 1,200 тоотой байдаг ба задгай ус, булаг шанд зэрэг усны эх булаг нь түүний тархалтыг тодорхойлох гол хүчин зүйл болдог. Зун задгай уснаас хамааралтай байх тул усны эх булгаас 10-15 км зайд, харин өвөл цас тогтсон үед үүнээс тав дахин алс бэлчинэ. Монголд хулан хуурай голын сайрт 60 см орчим татаал ухаж ус гарган ундалдаг, өвөлдөө цасаар ч ундалдаг байна.

               Одоогийн байдлаар хулан нь тус аймгийн ГИДЦГ-ын “А” болон “Б” хэсэгт тархан нутагшиж байна.

         Хулан адуу  хүний шууд  дам үйл ажиллагааны улмаас тархац нутаг нь багасаж, тоо толгой нь буурсаар манай орны баруун өмнө, Зүүнгарын говь, Говь-Алтай аймгийн өмнө хэсгийн багахан нутагт үлдсэн байна.

    График. Хулан адууны тархац нутгийн өөрчлөлт

Туслах цэс