Амьтны мэдээллийн сан

Монгол бөхөн (Saiga borealis mongolica Tschersky, 1871)

            Бөхөн (Saiga tatarica L) нь Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд нэлээд өртөөд байгаа зүйлүүдийн нэг. Дэлхий дээр бөхөнгийн хоёр дэд зүйл тархсан бөгөөд соргог бөхөн (Saiga tatarica tatarica) Казакстан, Оросын холбооны улсын Халимагийн баруун хойд хэсгээр тархсан. Монгол бөхөн (Saiga borealis mongolica) зөвхөн Монгол улсад Их нууруудын хотгорт тохиолдоно. Эдгээр дэд зүйлүүд нь амьдрах орчны хуваагдал, хууль бус агнуур, гэрийн малтай бэлчээр, тархац нутгаар давхцах зэрэг шалтгаануудын улмаас популяцийн тоо толгой сүүлийн 20 гаруй жилийн (1980-2000) дотор 1 саяас 90,000 болтлоо огцом буурсан байна (Milner-Gullard нар., 2001).  

          Монгол бөхөн нь Монгол орны унаган амьтан бөгөөд 1930 оноос агнахыг хуулиар хориглосон, Монгол улсын “Улаан ном”-нд бүртгэгдэн, Амьтны аймгийн тухай хуулийн (1995) нэн ховор амьтдын ангилалд орсон. Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос (IUCN) гаргасан жагсаалтийн эмзэг категори, Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн II хавсралт, дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад (EDGE, www.edgeofextinct.org) тус тус бүртгэгдсэн.

         Монгол бөхөнгийн популяцийн өнөөгийн байдал устаж үгүй болох түгшүүрийн байдалд байна гэж хэлж болно. Одоогийн байдлаар 8000 орчим монгол бөхөн түүхэн тархац нутгийнхаа дөнгөж 20-30  хүртэлх хувьд үлдсэн байна. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн зохисгүй ашиглалт байгаль цаг агаарын таагүй нөхцлийг улам ширүүн болгож, хууль бус агнуур эрчимтэй явагдсаны улмаас энэ зүйл амьтны  тархац нутаг хумигдаж, тоо толгой буурсаар байна. Монгол улс нь Биологийн төрөл зүйлийн олон улсын конвенцийн гишүүн орон (1996) болсныхоо хувьд Монгол бөхөнгийн популяцийг устаж үгүй болох аюулаас авран хамгаалах үүрэгтэй.

Тархац нутаг

Монгол бөхөнгийн одоогийн тархац нутаг, амьдрах орчин нь Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний тал болж байна (Зураг 1).

  • Шаргын говь нь Монгол алтайн уулсын төв хэсэг рүү түрж орсон, Шаргын цагаан нуурыг тойрсон хужир марз бүхий хотгортой, цөлөрхөг, чулуу хайргархуу хөрс бүхий тэгш тал газар юм. Баруунаас зүүн тийш ойролцоогоор 150-160 км, хойноос урагш 70-80 км үргэлжилсэн, ойролцоогоор 16900 км2 газар нутгийг хамардаг. Үүнээс монгол бөхөнгийн тархац нутаг 3325 км2 болно.
  • Хүйсийн говь: Шаргын говийн залгаа нутаг, харьцангуй тэгш тал, элсэрхэг, хайргархуу гадаргуутай. Хамгийн нам дор газар нь Шар усны булаг, Далан түрүүний булаг орчим (1250-1295 метр),  хамгийн өндөрлөг хэсэг нь Дарвийн нурууны хойд хэсэг (2000-2200 метр) юм. Хойноос урагш 120-130 км, баруунаас зүүн тийш 70-80 км үргэлжилсэн, ойролцоогоор 13600 км2 газар нутгийг хамардаг. Үүнээс монгол бөхөнгийн тархац нутаг 6700 км2 болно.
  • Дөргөний тал: Хүйсийн говийн залгаа нутаг, уулсын бэл орчмын сайр жалга бүхий хайргархуу тэгш тал зонхилсон. Зүүн талаараа Дөргөн нуурын эрэгт тулна, хойд хэсэгт нь Чоно харайхын голын хөндий ба нам уулс голлодог. Ойролцоогоор 4800 км2 нутгийг хамардаг. Үүнээс монгол бөхөнгийн тархац нутаг 1773 км2 болно.
  • Ховд аймгийн Манхан сумын нутагт Өөшийн говьд монгол бөхөнгийн тусгаар сүрэг оршин тогтнодог бөгөөд тархац, тоо толгой жилээс жилд хумигдаж байна. Өөшийн говийн монгол бөхөнгийн тархац нутгийн хэмжээ 494 км2 болно

 Тоо толгой

            Монгол бөхөнгийн тоо толгой, нөөцийн үнэлгээг мониторинг хэлбэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран Шаргын говь, Хүйсийн говь, Чандманы хүрэн тал, Өөшийн говь зэрэг монгол бөхөнгийн тархац нутагт 1998 оноос хойш тасралтгүй хийж байна. Монгол бөхөнгийн тоо толгой, нөөцийг тогтоох судалгааг нэг арга зүйгээр, тогтсон хугацаа, замналын дагуу олон жил дараалан хийж байгаа нь монгол бөхөнгийн одоогийн тархац нутаг, тоо толгойн хэлбэлзлийн талаар харьцуулсан, үнэн бодит үр дүн гарах боломжтой гэж үздэг

Хүснэгт. Монгол бөхөнгийн тоо толгой (1998-2011)

Жил

Шаргын говь

Хүйсийн говь

Дөргөний хүрэн тал

Манхан

Нийт

1998

2100

850

44

2950

1999

2310

1030

3340

2000

3600

1530

110

40

5280

2002

625

380

15

1020

2003

226

450

52

22

750

2005

790

720

1510

2007

761

2024

60

15

2860

2008

1979

1107

154

3240

2009

2214

892

63

3169

2010

 

 

 

 

8016

2011

 

 

 

 

6846

 

График. Монгол бөхөнгийн тоо толгой-Агаарын тооллогын мэдээ

Туслах цэс